Шууд Chart

Японы Эрүүл мэнд, халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгээр жил бүр 2-3 монгол оюутан сурдаг

2023-09-21 16:47:06

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр Япон улсын Эрүүл мэнд, халамжийн олон улсын их сургуулийн Ерөнхийлөгч, профессор Сүзүки Ясухиротой уулзлаа.

Японы Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан төдийгүй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дээд удирдлагад цөөнгүй жил алба хашсан тэрбээр ирэх хичээлийн жилд Монголоос сургах оюутны сонгон шалгаруулалтыг хийхэд биечлэн оролцохоос гадна Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн сайдаар томилогдон хэдхэн хоногийн өмнө шинэ албаа хүлээн авсан Кэйзү Такеми саны мэндчилгээг С.Чинзориг сайдад уламжлахаар ирснээ танилцуулж байлаа.

Японы Эрүүл мэнд, халамжийн олон улсын их сургууль Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нэгдүгээр курсээс жил бүр 2-3 шилдэг оюутныг сонгон тэтгэлэгтэй сургадаг. Тэтгэлэгтэй сургах анхны монгол оюутнаа 2003 онд авч байсан бөгөөд нийтдээ 30 оюутан тэтгэлэгтэй сургахаар элсүүлсний долоо нь төгсөөд эх орондоо ирсэн. Одоогоор 21 оюутан тус сургуулийн тэтгэлгээр сурч байгаагийн 14 нь анагаахын чиглэлээр, бусад нь нийгмийн үйлчилгээ, эрүүл мэндийн менежмент, сувилахуй, эрүүл мэндийн технологи, эм зүй зэрэг мэргэжлээр суралцаж байна гэсэн мэдээллийг Сүзүки Ясухиро Эрүүл мэндийн сайдад өгсөн.

Тус сургууль сонгосон оюутныхаа сурах хугацааны бүх зардлыг даан 100 хувийн тэтгэлэг олгодог. Тавьдаг шалгуурын нэг нь төгссөн хойноо заавал эх орондоо очиж, сурч мэдсэнээ ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд зориулах гэдгийг Сүзүки Ясухиро профессор онцлоод төгссөн оюутнууд нь ч энэ шалгуурын дагуу Монголдоо ажиллаж байгааг дуулгав. Тэрбээр монгол залуусыг сургах энэхүү үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг манай улсын эрүүл мэндийн салбарт хүний нөөцөө бэхжүүлэх, эмч, мэргэжилтнээ сургаж бэлтгэх, эзэмшсэн мэргэжлээр нь чадавхижуулах тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хэмжээгээр дэмжлэг болж монгол залуусыг сургаж буй Япон улсын Эрүүл мэнд, халамжийн олон улсын их сургуулийн хамт олонд гүн талархал илэрхийлээд цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах саналыг Эрүүл мэндийн сайдын хувьд ч, Эрүүл мэндийн яамны хувьд ч бүхий л талаар дэмжинэ гэдгээ хэллээ.

Монгол Улсад эмчлэх боломжгүй 26 өвчний эмнэл зүйн аргыг нэвтрүүлэх, нутагшуулахад эмч, мэргэжилтнүүдээ орчин үеийн эмчилгээ, оношлогооны технологи эзэмшүүлэх, мэдлэг чадварыг нь бэхжүүлэх зайлшгүй шаардлага байгаа тул урт, богино хугацааны сургалтад багаар нь хамруулахад анхаарч буйгаа танилцуулсан.

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Японы Эрүүл мэнд, халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгээр жил бүр 2-3 монгол оюутан сурдаг  
Үзсэн: 517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй