Шууд Chart

Анхны харсан орчуулагч аав минь байлаа. . .

2023-09-26 13:14:51

Монгол  Улсын  соёлын гавьяат  зүтгэлтэн, орчуулагч Хасбаатарын Мэргэн

Анхны  харсан  орчуулагч,  аав  минь байлаа.  .  .

Аав  маань эх зохиолыг их хүндэлдэг хүн  дээ. Тэр орчуулгыг маш  нарийн хийнэ.  Үг, үеэр нь тоолно, тооцно.  Орчуулгыг хэт хийсвэрлэх, утгачлах, өөрөөсөө нэмэхийг их цээрлэдэг хүн байлаа. Ийм л орчуулагчийг би харсан. Тэр л замаар нь явахыг хичээсэн . . .

Шинэ оны босгон дээр шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд“ наадам болж өнгөрлөө. Зохиолч Далхаагийн Норов, орчуулагч Хасбаатарын Мэргэн гэдэг эдгээр хүмүүс уран зохиол, урлаг соёлд элэгтэй хэн бүхэнд дэндүү дотно сонсогдоно доо.  

“Шилдэг орчуулагч”-ийн шагнал хүртсэн МҮТВ-ийн Кино программын редакцийн орчуулагч  Хасбаатарын Мэргэн  Хөвсгөл нутгийн хүн юм билээ. Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг Утга зохиолын ажилтан, утга зохиолын орчуулагчийн мэргэжлээр дүүргэсэн. Монголын Зохиолчдын  хороо, МҮТВ-д орчуулагч редактороор З0 шахам жил ажиллахдаа Л.Н Толстойн “Идэр нас“ тууж, У.Фолкнерийн “Эрт эхэлсэн үргээлэг”, Заболоцкийн шүлгийн түүвэр, У.Шекспир “Зуны шөнийн зүүд“ зохиолыг орос хэлнээс эх хэл рүүгээ хөрвүүлсэн, зохиолч С.Пүрэвийн тууж, өгүүллэгүүд, Д.Намдагийн “Ээдрээ“, Д.Батбаярын “Шувуу бүхэн жаргалтай“ тууж, өгүүллэг, “Мандухай цэцэн хатан“ киног /Б.Дашцэрэнгийн хамт/ орос хэл рүү хөрвүүлсэн бөгөөд “Ах дүү Карамазовынхан“, “ Фигаро гэрлэсэн нь“, “Сиявушийн домог“, “Бөхийн гайхамшиг“, “Долоон самурай“, “Титаник“, “Титус“, “101 гөлөг“,”Аугаа их Мерилин“, “Гүй, Лола, гүй “, “Ромео Жульетта“ зэрэг 600 гаруй кино, жүжгийн зохиолыг орчуулсан уншигч, үзэгч  олны танил уран бүтээлч.  Одоогоор Мэргэн Орос улсад Элчин сайдын яаманд ажиллаж байгаа ч Монголын Телевизийн хамт олны сэтгэлд “Манай Мэргэн“ хэвээр байгаа билээ.

Танд баяр хүргэе, Шилдэг бүтээлийн “Алтан өд“ наадмын анхны шагналыг авсанд . . .

Баярлалаа, Анхных нь давалгаан дээр аз таараад авчихлаа. Ёслолын  тайзан дээрээс  үг хэлэх боломж олдсонгүй, сониноороо хүргэе. Юуны өмнө эрдэм номын холын харгуйд  илгээж, гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн Монголын Зохиолчдын хороо, МҮТВ-ийн хамт олонд баярлалаа. Бас “Ромео Жульетта“ жүжгийг эх хэл рүүгээ хөрвүүлэхэд намайг итгэж гүн туслалцааг үзүүлсэн “Глоб Интернейшнл” төрийн бус байгууллагын захирал Хашхүүгийн Наранжаргалд талархал илэрхийлье. Ирэх  жилийн  “Алтан өд“ наадмын “Шилдэг орчуулагч“ шагналыг надтай хамт энэ төрөлд нэр дэвшсэн орчуулагч Б.Чимэдбатыг аваасай гэж ерөөе.

“ Ромео Жульетта“ жүжгийг монгол хэл рүү орчуулна гэдэг ёстой “Хатуу самар“ байсан биз ?

Хэзээ нэгэн цагт энэ бүтээлийг орчуулах юмсан гэж хорхойсч явлаа. Англи эхийг нь хялбаршуулсан бичвэртэй нь хамт олж аваад үргэлж уншдаг байж. Үнэндээ тэр үед хэвлэх газар олдохгүй байлаа. Орчуулгаа хийж эхэлсэн чинь жинхэнэ эрдэнэсийн санг уудлах шиг санагдаж билээ. Уншаад өнгөрөх нэг хэрэг, орчуулаад, нухаад суух тусам ур хийц нь улам тод мэдрэгдэх юм билээ. Яруу найраг, үргэлжилсэн үг, хар яриа, гүн ухааны бясалгал хийгээд уран зохиолын бүхий л төрөл зүйлийг багтаасан, үргэлж хөвсөлзөж байдаг хүний сэтгэлийн олон өнгө, ая данг тод томруун харуулсан онцгой бүтээл дээ.

 Таны анхны харсан орчуулагч бол Аав тань байсан байх даа ?

“Тэнгэрлиг туульс” хэмээх 24 мянган мөр шүлгийг орчуулсан аавынхаа нөр их хөдөлмөр, бүтээлийг үнэлж, хүндэлж явдаг. Үнэхээр л миний анхны харсан орчуулагч бол аав минь л байсан даа. /Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, нэрт орчуулагч Цэвэгжавын Хасбаатарыг хэлж байгаа хэрэг/.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт орчуулагч, хэлбичгийн ухааны доктор  Цэвэгжавын Хасбаатар

Таныг Горькийн сургуулийн дипломоо онц хамгаалсан гэж сонссон. Ямар сэдвээр хамгаалсан юм бол ?

Нэрт зохиолч Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийг орос хэл рүү хөрвүүлсэн. Ардын аман зохиол дээр үндэслэн бичигдсэн, хошин шог дуу, хэлц үг, элэглэл шүлэгтэй, зүйр цэцэн үг олонтой амаргүй бүтээл байсан шүү.

Орчуулагч болоогүй бол та ямар мэргэжилтэй болох байсан бол?

Төсөөлөхгүй байна. Ер нь орчуулга гэдэг үгийн үндэс нь Орчих гэсэн санаа юм уу даа, их нандин. Ер нь од гараг тэнгэрийн эрхэс л орчино. Энэ утгаараа монгол хэл яруу, баялаг, дээр нь зохиол бүтээлийг “Тэнгэрлиг” гэж өргөмжилдөг. Монголчуудын  оюун ухаан гүн гүнзгий юм. Аав маань Эх зохиолыг их хүндэлдэг хүн дээ. Тэр орчуулгыг маш нарийн хийнэ. Үе, үгийн тоог нарийн гаргана. Орчуулгыг хэт утгачлах буюу хийсвэрлэх, өөрөөсөө нэмэхийг ихэд цээрлэдэг. Ийм л орчуулагчийг анх би харсан. Тэр л замаар нь явахыг хичээдэг. Дээр нь дунд сургуулийн боловсролыг жинхэнэ утгаар нь, зөв тавьж өгсөн  Нийслэлийн 23-р сургуулийн багш нараа мөнхөд хүндэлж явдаг даа.

Хүү Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Хасбаатарын Мэргэн

Ойролцоогоор, одоогоор 600 гаруй бүтээл дээр ажиллажээ. Бүтээл болгон амаргүй. Жинхэнэ  “чөмөг дундалж“ гарсан бүтээл юу байв ?

“Ромео Жульетта”-гийн орчуулга байлаа. Нүд хуурсан юм хийчихгүй юмсан гэж хичээдэг ч дараа нь харахад зөндөө алдаа байдаг юм. Үүнийг ёстой л бурхан тэнгэр өршөөгөөсэй гэж залбирдаг.

Киноны орчуулгыг амархан гэж ярьдаг хүмүүс байдаг?

Нэг үндэстний оюун санааны тэнгэрлиг ариуныг нөгөө үндэстний оюун санааны тэнгэрт залж авчирдгаараа Орчуулагч давтагдашгүй сайхан мэргэжил юм шүү.

Нэг сайхан дурсамжаар яриагаа өндөрлөе. . . ?

 Эмэг эх маань авга ах Пунцагноровыг Зөвлөлтийн сургуульд үдэж мордуулчихаад буцаж явтал замд нэг урт жингийн цуваа, холын аянд ядарч харшсан жинчид тааралдаж. Тэгэхэд эмээ минь “Миний хүү ийм  л улсын буянаар алс холын улсад сурахаар явлаа” гэж хэлсэн гэдэг. Намайг Горькийн  сургуульд  мордоход  аав минь яг  энэ үгийг хэлж билээ. Хэний хүчээр, юуны тулд хилийн чанадад сургуульд явж байгааг минь зүгээр л, энгийнээр ухааруулсан үнэтэй захиас энэ байсан юм билээ.

Хүү Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Хасбаатарын Мэргэн

МҮОНТ-ийн телевизийн Киноны орчуулга, жүжиглэлт, дуу оруулалтыг мөнхөд үзэгч олонд таашаагдаж ирсэн.  Хэдийгээр орчуулгын киноны бүтээл гэдэг сайн найруулагч, сайн жүжиглэлт, сайн багийн бүтээл байдаг ч бүтээл сайхан болохын  үндсийн үндэс нь Киноны зохиолын орчуулагчийн ажил. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Цэвэгжавын Хасбаатарын хүү, Соёлын гавьяат зүтгэлтэн орчуулагч  Мэргэн гэж ийм нэг эгэл даруухан, эрдэмт хүмүүн бидний дунд ажиллаж хөдөлмөрлөж, инээж хөгжилдөж явлаа. Мартахын аргагүй хүндлэлтэй, маргахын аргагүй бүтээлтэй Мэргэн маань “Тэтгэвэртээ гараад Хатгалдаа очиж дүнзэн байшин барьж суугаад, бүтээлээ хийнээ, одоо юм хөгжчихсөн, материалаа  хаанаас ч явуулчихна, нам гүм далайн эрэг дээр сайхан амьдрана“ гэж ярьж байсан анд маань хэдхэн хоногийн дотор өвдөөд л  яах ийхийн зууртгүй  тэнгэр рүү нисчихсэн. Нулимстай, гашуудлын  сүүлчийн өгүүлбэрүүдийг харамсаж, халаглаж бичиж суухын чинээ огтхон ч санаагүй юмдаг.

Харин өнөөдөр Мэргэний хүү Эрдэнээ аавынхаа сууж байсан ширээн дээр сууж, бичиж, орчуулж  явсан  үзэгнийх нь бэхийг хатаалгүй, МҮОНТ-ийн Кино программын албанд Орчуулагчаар ажиллаж, хамт олных нь дунд  үйлс бүтээлийг нь үргэлжлүүлж яваад ихэд  баярланам. Гурав дахь үеийн, удам дамжсан, олон сайхан бүтээлтэй залуу орчуулагч төрнө гэсэн  итгэл найдвар бүрэн байна.

Дурсамж, ярилцлагыг сэтгүүлч, ПЭРЭНЛЭЙН АЛТАНЦЭЦЭГ  /2007 он/

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Анхны харсан орчуулагч аав минь байлаа. . .   
Үзсэн: 9637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
б [127.0.0.xxx] 2023-10-11 16:32
телевизүүд зардлаа хэмнэж гүүглээл орчуулсан англи орос кинонуудар оюуныг мохоож байна
Багш [127.0.0.xxx] 2023-09-27 21:29
Танилцахаасаа өмнө нэрийг нь л сонссон. Нийслэлчүүд бид нэг нэгнийгээ бараг андахгүй. Тэгтэл нэг өдөр ХИС-дээр ирцэн, охиноо манайд уралдуулахаар дагуулаад ирж. Тэрнээс хойш 1-2 тааралдсан, сайн орчуулагч гэдгийг сүүлдл мэдсэн. Охин нь сургуулиа төгсөөд телевизэд ажилд орсон. зөв хүмүүжилтэй, сайхан ч охин. Удам гэж цаанаа өөр шүү. Харамсалтай эрт явчихлаа даа аав нь
Зочин [127.0.0.xxx] 2023-09-27 06:11
Цэвэгжав гуайнхныг буриад угтай Хэнтий, Дорнод зүгийн улс гэж боддог юм шүү дээ.
Бямбаа [127.0.0.xxx] 2023-09-26 14:24
Сайн орчуулагч,сайн аав. Эрдэмд шамдсан, эгэл даруухан сайхан эр хүн. Орчуулгын ном, зохиолын оновчтой , ойлгомжтой байх нь хэн орчуулсанаас шууд шалтгаалдаг . Мэргэний орчуулга байвал эргэлзэлгүй шууд уншдаг, сонсдог бас үздэг.

Бидэнтэй нэгдээрэй