Шууд Chart

Вирусийн халдварт өвчний үед хүүхдэд асаргаа, сувилгаа, хооллолт маш чухал 

2023-10-31 12:53:48

Хүйтэн сэрүүний улирал эхлэхээр эмнэлгүүд олны хөлд дарагддаг. Эрүүл мэндийн салбарынхан ч намрын сүүл сараас эхлэн ачаалал нь ихэсдэг тухай ярьж байна.

Төр, хувийн хэвшлийн эмнэлэг гэлтгүй л энэ ачааллыг үүрдэг болжээ. Ээж, аавынхаа энгэрт зүүгдсэн 0-6 хүртэлх насныхан янз бүрийн өвчний зовиураар өдөрт дунджаар хамгийн багадаа нэг эмнэлэгт 40-50-иараа үзүүлж байна.

Үүнээс бид томуу, томуу төст өвчний талаар онцлон сурвалжиллаа. Бидний очсон эхний газар ЭХЭМҮТ. Энд хүүхдээ үзүүлэхээр дугаарлан зогсох эцэг, эхчүүд, ханиаж, нус нь гоожсон, халуурсан, гүйлгэсэн шинж тэмдэгтэй хүүхдүүд биднийг угтлаа.


Томуу төст өвчнийг үүсгэдэг 200-аад төрлийн вирус байдаг 

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Амьсгалын эмгэг судлалын тасгийн их эмч, Хүүхдийн уушгины эмч Б.Гүентэй уулзахад “Улирлын томуугийн дэгдэлт арваннэгдүгээр сараас хавар гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг гэж болно. Харин томуу төст өвчин бол намрын эхэн сараас тавдугаар сар хүртэл үргэлжлэх нь бий. Өвдсөн хүүхдэд эцэг, эхчүүд дур мэдэн антибиотик уулгадаг нь туйлын буруу юм. Товчхондоо бол вирусын халдварт өвчний үед эмчилгээ, асаргаа, сувилгаа, шингэн бүлээн юм уулгах зураг хөнгөн зэргийн эмчилгээ хийх нь үр дүнтэй” гэдгийг тодотгож байлаа.

Түүнээс бид дараах асуултад хариулт авсан юм.

-Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд нус гоожих, халуурах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг ихээр илэрч байна. Энэ томуу, томуу төст өвчин үү, ханиад уу гэдгийг ялгах боломжтой юу?

- Томуу гэж тусдаа өвчин. Томуу төст гэж бас тусдаа өвчин. Энэ  өвчнийг үүсгэдэг А болон Б хүрээний томуугийн вирусууд гэж байдаг. Хүүхдийн уушгийг цочмогоор гэмтээдэг уушгины хүнд хатгалгаа үүсгээд хоёрдогч нян бактерийн халдварт хүргэдэг хоруу явцтай вирус бий. Аав, ээж нарын ярьдгаар бол нүд нь нуухтдаг ханиад, нус гоождог ханиад, хоолой нь сөөнгөтдөг ханиад, баас нь шингэрдэг ханиад, гэдсийг нь өвтгөдөг ханиад, амаар нь тууралт нь гардаг, хоолой нь улайдаг ханиад л даа. Гэвч энэ бол томуу төст вирус юм. Томуу төст өвчнийг үүсгэдэг 200-аад төрлийн вирус байдаг. Эдгээр нь бүгд амьсгалын замаар дамжин халдварладаг, амьсгалын замын цочмог халдвар юм. Намрын эхэн сараас хаврын эхэн сар хүртэл үргэлжилдэг болохоор ханиаднаас арай тусдаа ойлголт.

-Урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ. Томуугийн дархжуулалт хийлгэх нь зөв үү?

-Ковидын хүнд цаг үеийг бид даваад гарсан. Тэгэхээр ковидын үеийн нөхцөлийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ковидын үед бид маск зүүж, түүнийг хоёр цаг тутамд сольдог, ямар нэг гадаргуул хүрсэн бол гараа ариутгадаг, гэртээ агаар оруулж, чийгшүүлж, өрөө тасалгаагаа ариутгадаг, чийгтэй цэвэрлэгээ сайн хийдэг, амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж хэвшсэн. Шингэн бүлээн юм уух, хоолой, ам хамраа сайн зайлж, шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг хичээсэн. Энэ бүх зүйл амьсгалын замын цочмог халдвараас сэргийлнэ.

Вакцинжуулалтын ач тус маш их байдаг. Томуугийн вакцин хийлгэх нь зөв. Хүмүүс вакцин хийлгэвэл огт ханиад хүрэхгүй гэж бодоод байдаг. Томуугийн вакцин бол хүндрэх эрсдэлийг бууруулдаг.

-Өдөрт 50-60 хүүхэд амьсгалын эмгэг судлалын тасгаар үзүүлдэг гэсэн тоо байна?

-Амьсгалын хүүхдийн кабинетээр улсын хэмжээнд 0-18 насны уушгины асуудалтай хүүхдүүд үзүүлдэг.  Амьсгалын цочмог, уушгины архаг үрэвсэл, астма, гуурсан хоолой тэлэгддэг өвчин, уушгины хатуурал, уушгины даралт, амьсгалын цочмог халдвартай хүүхдүүд нийт үзүүлж байгаа хүүхдүүдээс харьцангуй бага хувийг нь эзэлдэг.

-Эцэг эх, асран хамгаалагч нарт хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүүхдийг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх нь аливаа өвчлөлөөс сэргийлэхэд нэн тустай юм. Ялангуяа амны хөндийн эрүүл мэнд, амьдралын зөв хэв маягт сургах, буруу зан үйлээс ангижруулах нь зүйтэй байдаг. Хүүхдийг өдөр бүр тогтсон цагт буюу 21:00-22:00-т унтуулж, сайн амраах нь хүүхдийн өсөлт бойжилт болон дархлааг сайжруулахад чухал нөлөөтэй. Мөн зөв асаргаа сувилгааг маш бүтээлчээр үр дүнтэй хэрэгжүүлэх нь туйлын чухал.

Жишээ нь, хүүхдийг мэдээж дулаан байлгах хэрэгтэй. Улиралд нь тохируулж хувцсыг нь өмсүүл. Манайхан хүүхдийг хэтэрхий их зузаалах гээд байдаг. Энэ нь нэг талаараа буруу. Илчлэг сайтай, витаминлаг хоол хүнс хэрэглүүлэх учиртай. Аав ээжүүд витаминлаг гэхээр үйлдвэрийн савласан, лаазалсан, хайрцагтай зүйлсийг дэлгүүрээс авч хүүхдэдээ өгөх гээд байдаг нь бас л буруу ойлголт. Хүүхдэд зориулан, тусгай хоол хийж идүүлэх нь их чухал байдаг. Мөн шингэн бүлээн зүйл сайтар уулгах хэрэгтэй. Хэрэв хүүхэд ямар нэгэн өвчтэй л байгаа бол ердийнхөөс илүү шингэн, бүлээн зүйл сайтар уулгах ёстой.

Зөв амраах, тогтсон цагт унтуулах, дасгал хөдөлгөөн хийх, чийрэгжүүлэх, борогшуулах тал дээр сайн анхаараарай. Эдгээр нь эм бэлдмэл хэрэглэхгүйгээр хүүхдийн өвчин эсэргүүцэх чадвар, дархлааг сайжруулахад чухал үүрэгтэй юм.  

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ойролцоо байрлах "Гурван гал" нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт нөхцөл байдал ямар байгааг бид үзэхээр орлоо.

Тус эмнэлэг мөн л эцэг эхчүүд хүүхдээ үзүүлэхээр дугаарлан зогсчээ. 

Б.Одгэрэл: Бидний орчин бохирдол ихтэй учир хүүхдүүд маш ихээр өвддөг

"Гурван гал" нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч, Хүүхдийн ахлах зэргийн эмч Анагаах ухааны магистр Б.Одгэрэлтэй бид уулзлаа. 

Тэрбээр “Манай орон эрс тэрс уур амьсгалтай, бидний амьдарч буй хотын агаарын бохирдол зэргээс болж хүүхдүүд маш ихээр өвчилж байна. Вирус олон янз. Ковид ч хүртэл ганц нэг тохиолдлоор илэрч байна. Рота, адина зэрэг орно. Хүйтний улиралд илүү тэсвэртэй, дэгддэг.  Хүн даарахаар судас агшиж, вирусын өсч үржих нөхцөл нь бүрддэг гэсэн үг юм. Агааржуулалт муу байх, чийгтэй цэвэрлэгээ хийхгүй байх зэрэг нь өвчлөлийг илүүтэй хүндрүүлэх гээд байдаг. Томуу, томуу төст өвчин 2-4 нас, 4-6 нас, шилжилтийн нас гээд хүүхдийн өөрийнх нь дархлаа унах үед илүүтэй тохиолддог. Манай эмнэлэг нийт арваад эмч өдөр бүр үзлэг хийж байна. Өдөрт гучаас дээш хүүхэд амбулаториор үзүүлж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад хүүхдүүдийн дархлаа, орчны нөлөөнөөс болж, элэг үрэвсэх, зүрх өвдөх зэрэг өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж байна.

Бидний амьдарч буй орчин бохир байна. Дэлхийн бусад оронтой харьцуулахад цэвэр орчин бараг алга. Хоол хүнс нь эрүүл байсан бол хүүхдүүд ингэж олноороо өвдөхгүй. Ханиал, томуу антибиотикт хүртэл дарагдахгүй эмч нарын санаа зовоосон асуудал болж байна. Хүүхдүүд илүү харшламтгай болсон, баталгаатай, чанартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байгаа үед хүүхэд ханиад, томуу хүрвэл заавал мэргэжлийн хүүхдийн эмчид үзүүлэх шаардлагатай.

Монголд бараг бүх хүүхэд гэдэсний ротавирусаар өвддөг. Хүүхдийн товлолтын вакцинд энэ вакцин байдаггүй. Гадны оронд вакцинтай. Тэр вакцин нь өндөр үнэтэй учраас манай улсад орж ирдэггүй.  Ротавирусын үед дархлаа сул байх тусам 39-40 хүртэл халуурна. Усаар гүйлгэнэ. Сэхээнд оруулдаг вирус. Яг одоо   дэгдэж байгаа. Тиймээс намар, өвлийн улиралд хүүхдийн томуугийн өвчлөл их учраас мэргэжлийн эмчид үзүүлээрэй гэж захих байна" гэсэн юм.   

Өрхийн эмнэлгүүдэд зорилтот бүлгийн иргэдийг томуугийн вакцинаар дархлаажуулах ажил ид өрнөж байна. Бидний очсон дараагийн газар Сүхбаатар дүүргийн 9-р хорооны “Энхийн санаа” өрхийн эмнэлэг.

Тус эмнэлэгт 2023-2024 оны улирлын томуугийн вакциныг зорилтот бүлгийнхэнд хийж байсантай бид таарлаа.

Э.Одбаяр: Харшилтай хүүхдэд томуугийн вакцин хийхгүй

 

Сүхбаатар дүүргийн 9-р хорооны “Энхийн санаа” өрхийн эмнэлгийн эмч Э.Одбаяр “Есдүгээр сарын дундаас томуугийн идэвхжил ихэсдэг. Нэг хүүхэд жилд 5-6 удаа ирж үзүүлдэг. Дархлаажуулалт хийвэл хүүхэд огт ханиад хүрэхгүй гэж ойлгож болохгүй. Хүрсэн ханиад нь хүндрэхгүй байх боломжтой. Антибиотик хүүхдэд мэдрэг болчихдог учраас дур мэдэн эмч өгч болохгүй. Заавал эмчид үзүүлэх шаардлагатай. Цэцэрлэгийн хүүхдүүдэд дархлаажуулалт сайн хийгдэж байгаа. Томуугийн вакциныг өндөгний харшилтай болон өөр төрлийн харшилтай хүүхдэд хийдэггүй” гэлээ.

Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/358 дугаартай "Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай" тушаалын хүрээнд Өрхийн эмнэлгүүдэд зорилтот бүлгийн иргэдийг томуугийн вакцинаар дархлаажуулах ажил явагдаж байна. Томуугаас хамгаалах хамгийн сайн арга бол улирлын томуугийн вакцинд хамрагдах гэдгийг эмч, мэргэжилтнүүд сануулж байна.

Томуугийн вакцин нь томуу өвчнөөс сэргийлэх дархлаа тогтоох тарилгын шингэн бөгөөд энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн GCFlu 4 цэнт вакцинаар дархлаажуулалт хийгдэж байгаа юм байна.

 Вакцин нь тухайн жилд дэгдэж байгаа вирусээс нэг жилийн хугацаанд хамгаалах дархлаа тогтооно.

Томуугийн дархлаажуулалтад хамрагдах зорилтот бүлгийн иргэд:

- 2-5 насны хүүхэд

- Жирэмсэн эмэгтэйчүүд

- 65 болон түүнээс дээш настай хүмүүс, архаг хууч өвчтэй хүмүүс

- Эрүүл мэндийн байгууллагын ажилтан багтаж байна.

Томуу бол вирусээр үүсгэгддэг өвчин бөгөөд вирустэй хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халддаг.

Зорилтот бүлгийн иргэн болон эцэг, эхчүүд 2-5 насны хүүхдээ харьяа дүүргийнхээ Өрхийн эрүүл мэндийн төвд хийгдэж буй томуугийн вакцинд хамруулж, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эмчийн тоог нэмэх шаардлагатай санагддаг

Биднийг очиход Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт дараалал үүссэн байлаа.

Хүүхдээ үзүүлэхээр дугаарлаж байсан иргэн  Г.Батсуурь “Манай хүүхдүүд цэцэрлэгийн бага бүлэгт, дунд  бүлэгт суралцдаг. Намар цэцэрлэгт явж эхлээд орчин солигдоод ирэхээр ханиад хүрдэг юм.  Өрхийн эрүүл мэнд төвд үзүүлнэ. Ажил ихтэй, орой тардаг учраас хүүхэд өвдсөн үед аргагүйн эрхэнд яаралтай хүлээн авахаар үзүүлдэг. Эмч нар цөөн, өвдсөн хүүхдүүдийн ачаалал их, ганц эмч нь түргэнээр ирснээ л яаралтай үзэж байна. Дараалал нь их, цаг орой болохоор хүүхдүүд уйлалдаад эцэг эх, эмч нарын дунд маргаан үүсдэг юм шиг санагдсан. Үзлэг хийж байгаа эмчийнхээ тоог нэмэх шаардлагатай санагддаг” гэлээ.   

Нийтэлсэн: Т.Урангуа

Вирусийн халдварт өвчний үед хүүхдэд асаргаа, сувилгаа, хооллолт маш чухал   
Үзсэн: 6816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй