Шууд Chart

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо 100 хоногт...

2023-12-26 14:16:31

Үйлдвэрлэлийн аргаар олборлох боломжгүй болтол ашиглагдсан уурхайн овоолго. Энэ бол орон нутгийн зарим иргэдийн амьдралаа залгуулдаг газар. Тэд бол бичил уурхайчид.

Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу бичил уурхайчдын үйл ажиллагааг зохицуулж, үндсэн болон чиглүүлэх сургалтад хамруулж, тэдэнд үйлчлэх эрх бүхий албан ёсны байгууллага бол Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо төрийн бус байгууллага юм. Тэд хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг хийж байна.

Өнгөрсөн зун тус төрийн бус байгууллага удирдах, гүйцэтгэх албаа шинэчилсэн.

2023 оны 06 сарын 20-ний өдөр. Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны бүх гишүүдийн хурлаар холбооны тэргүүнээр Нарантөгс, гүйцэтгэх захирлаар Цэрэнчунт томилогдлоо. Мөн хяналтын зөвлөлийн 5 гишүүнээ сонгож, гүйцэтгэх албаа 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллаж эхэллээ.

  • 2022 оны 11 сарын 1-нээс эхлэн 42 мянган км замыг туулан 19 аймагт томилолтоор ажиллаж бичил уурхайн эрх олгох үндсэн сургалтыг 26 удаа зохион байгуулж, 6300 гишүүнийг хамруулжээ.
  • 2023 оны 4, 6, 10 дугаар саруудад “Хамтын ажиллагаа” - гаа өргөжүүлэх ажлын хүрээнд экологийн цагдаагийн алба, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа аврах 09 дүгээр анги зэрэг төрийн  байгууллагатай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа. 
  • 2023 оны 5 сарын 25-аас эхлэн Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан нөхөрлөлийн ахлагч нарт зориулсан чиглүүлэх сургалтыг 5 удаа зохион байгууллаа.
  • Мөн уул уурхайн салбарт өрнөсөн томоохон үйл явдал “Mining week 2023” –т  Холбооны  тэргүүн Н.Нарантөгс, гүйцэтгэх захирал Б.Цэрэнчунт,  ахлах менежер Г.Адъяаням нар оролцлоо.

 

  • 2023 оны 9 сарын 5-наас эхлэн Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хэрэгжүүлэгч төрийн байгууллага, бичил уурхайн мэргэжлийн холбооны НЭГДСЭН ЗӨВӨЛГӨӨНИЙГ бүсчлэн 4 удаа хийлээ.
  • 10.19 ны өдөр. Хуульч, судлаач, төрийн бус байгууллага, хуулийн төсөл боловсруулагчид, уул уурхайн компани, уул уурхай хүнд үйлдвэрийн яам зэрэг салбарын төлөөллүүд оролцсон нээлттэй нийгэм форумын зохион байгуулсан хэлэлцүүлэгт Дээвэр холбооны гүйцэтгэх захирал Цэрэнчунт болон орон нутгийн зохицуулагч нараас бүрдсэн баг оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Дээвэр холбооны гүйцэтгэх захирал Цэрэнчунт бичил уурхайчдын нөхцөл байдал, хариуцлагатайгаар ажиллахын тулд засгийн газрын 296 тогтоолоор батлагдсан журмыг мөрдөж ажиллаж байгаагаа танилцуулсан юм.

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо 100 өдөрт ... Үндсэн сургалт

Бичил уурхайчдад бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нөхөн сэргээлтийн болон бичил уурхайгаар олборлох бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, сургалтыг зохион байгуулах, бичил уурхайчдад гэрчилгээ олгох үүргийг Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо хүлээдэг. Энэ хүрээнд дээвэр холбооноос арван дөрвөн аймагт эрх олгох сургалт явуулжээ. Нийт 19 аймгийн 757 нөхөрлөлийн 7000 орчим бичил уурхайчин хамрагдлаа. Сургалтанд хамрагдсан нөхөрлөл нь үйл ажиллагаа явуулах анхан шатны бичиг баримт болох гэрчилгээгээ авч, сумын засаг даргад олборлолт явуулах тухай  өргөдөл гаргах эрхтэй боллоо. Үүнээс 122 нөхөрлөл нь  бичил уурхайн зориулалтаар дүгнэлт гарсан болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компанийн талбайд гэрээ байгуулан ажиллаж 1300 гаруй бичил уурхайчин ажлын байртай болсон байна. Сургалт явуулах, бичил уурхайчдыг албажуулах хүрээнд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж төр засгийн анхаарлыг бичил уурхайчид руу чиглүүлсэн нь  дээвэр холбооны хувьд маш том алхам байлаа.

Экологийн цагдаагийн албатай санамж бичиг байгуулсанаар хариуцлагатай бичил уурхайг хууль бус уул уурхайчдаас ялгаж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах үндэс суурь нь бүрдсэн юм. Нийгмийн даатгалын хууль тогтоомж, заавар журмыг бичил уурхайн салбарт хэрэгжүүлэх талаар санамж бичиг байгуулсаны үр дүнд бичил уурхайчид сайн дурын даатгал төлөгчөөс албан журмын даатгал төлөгч рүү шилжих, нийгмийн халамж, тусламжид хамрагдаж, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох эхлэл нь тавигдлаа. Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангитай хамтарснаар  "Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө" боловсруулж хэрэгжүүлэх, хамтарсан сургалт явуулж, дадлагажуулах, эрсдэлээс сэргийлэх, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ - Г хангах боломжтой боллоо.

 Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо 100 өдөрт... Чиглүүлэх сургалт

Энэ хүрээнд Дээвэр холбооноос 2023 оны 5 сараас эхлээд 10 сарын 20 хүртэл Ховд, Говь-Алтай аймагт тус бүр 1 удаа, Улаанбаатар хотод танхимаар 3 удаагийн сургалтыг Азийн сан болон “Planet GOLD- Монгол төсөл”-ийн санхүүжилтээр гэрээ байгуулсан нөхөрлөлийн ахлагч нарт татвар, нийгмийн даатгалын сургалт зохион байгууллаа. Үүний үр дүнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан  122 нөхөрлөлийн ахлагч нар болон Дээвэр Холбооны салбарын зохицуулагчид  нөхөрлөлөөрөө дамжуулан нийгмийн даатгалд даатгуулах, хувь хүний орлогын албан татвар төлөх нь татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх зэрэг эрх зүйн орчны ахисан түвшиний мэдлэгтэй боллоо. Төрийн шийдвэр тогтоол, мэдээллийн зөрүүтэй байдлын талаар зөвшилцөх, журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор бүсчилсэн зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Говь-Алтай, Увс , Ховд, Баян-өлгий, Хэнтий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Булган, Завхан, Дархан, Өмнөговь, Төв аймгууд оролцсон юм.

Бичил уурхайн бүсийн зөвлөгөөний хүрээнд алтны бичил уурхайгаас үүдэлтэй хүний эрүүл мэнд, байгаль орчны сөрөг талуудыг бууруулах, хариуцлагатай үйл ажиллагааг төлөвшүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл, ололт амжилт, өнөөгийн нөхцөл байдлыг голчлон ярилцаж зөвлөмжүүд гаргасан юм. Энэ тэргүүнд,

  • Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 3.2, 4.1.23-т тусгагдсан одоогийн зохицуулалтуудыг хэвээр хадгалан үлдээх,
  • Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд зааснаар бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрыг кадастрын зураг зүйн нэгдсэн бүртгэлд бүртгэх,  бичил уурхай эрхлэх боломжтой газрын судалгаа гаргаж аймаг нийслэлийн засаг даргад хүргүүлэх зэрэг зөвлөмжүүдийг холбогдох байгууллагууд руу хүргүүлжээ.

М.Оюунбаасан

Нийтэлсэн: Mонголын радио

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо 100 хоногт...  
Үзсэн: 711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй