Шууд Chart

Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулга бүрэн бүрэлдэхүүнээр Буриад улсад тоглолт хийжээ

2024-03-13 12:11:13

Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулга бүрэн бүрэлдэхүүнээр Бүгд Найрамдах Буриад улсад тоглоод ирлээ. Тоглолт  Монгол болон Бүгд Найрамдах Буриад Улс хоорондын хамтын ажиллагаа, найрамдлын гэрээний соёлын солилцооны хүрээнд өнгөрсөн долоо хоногт Улан-Үд хотноо болсон байна.

“Найрамдал”  нэртэй  тус тоглолт  Оросын нэрт зүтгэлтэн  Бестужевын  нэрэмжит  Оросын драмын театрт хоёр өдрийн турш үргэлжилсэн байна. Тоглолтын хөтөлбөрт  нь симфони найрал хөгжим, Монгол, Буриад Орос олны танил эртний дуунууд, морин хуур, монгол ардын болон орчин үеийн мөн цэргийн бүжиг зэрэг багтжээ.  

Тоглолтыг нээж, Буриадын  төрийн тэргүүн Алексей Цыденов үг хэлэхдээ,  манай хоёр ард түмэн, хамтын түүх, хамтын нөхөрлөлийн зуун жилийн асар баялаг түүхтэй. Энэ онд Халх голын ялалтын 85 жилийн ой тохионо. Энэ бол том тэмдэглэлт ой. Ойн баярыг тэмдэглэхээр бид ч бэлтгэлээ хангаж байна. Монгол Улсын цагдаагийн ерөнхий газрын алдарт чуулгынхны тоглолт үзнэ гэдэг бидний хувьд том завшаан. Та бүхнийг өөрийн гэртээ хүлээн авна гэдэг нь нэр төрийн хэрэг юм“ гэжээ.     

“Сүлд” чуулгын түүх 1936 онд Улсын цагдан сэргийлэх газрын харьяанд сэргийлэхийн сайн дурын уран сайханчдын клуб байгуулагдсанаар эхэлсэн түүхтэй.  Харин нэн шинэ түүхийг 1991 оноос “Үлээвэр найрал хөгжмийн хамтлаг”-ийг байгуулах Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаал гарснаар эхлүүлжээ. Үүсгэн байгуулагч нь Зэвсэгт хүчний жанжин штабын цэргийн дуу бүжгийн чуулгын дарга асан, хурандаа П. Хаянхярваа байсан юм.  Тэр цагаас хойш тус чуулгын уран бүтээлчид дотоод, гадаадын тэмцээн уралдаануудад улсаа төлөөлөн, амжилттай оролцсоор байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулга бүрэн бүрэлдэхүүнээр Буриад улсад тоглолт хийжээ  
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй