Шууд Chart

АНУ, БНХАУ-ын цэрэг армийн удирдлагууд тэнгисийн ажиллагааны аюулгүй байдлын талаар хэлэлцжээ

2024-04-06 15:41:10

АНУ болон БНХАУ-ын цэрэг армийн удирдлагууд тэнгисийн ажиллагааны аюулгүй байдлын талаар хэлэлцжээ.

АНУ-ын армийн төлөөлөгчид БНХАУ-ын талтай агаарын болон тэнгисийн ажиллагааны аюулгүй байдлын талаар хэлэлцсэн гэж тус улс мэдэгджээ.

Энэ нь хоёр улсын цэрэг арми сүүлийн хоёр жил хагасын хугацаанд хийсэн анхны яриа хэлэлцээ болж байна.

АНУ-ын Энэтхэг Номхон далайн Командлалаас Баасан гарагт мэдээлснээр хоёр улсын Цэргийн тэнгисийн зөвлөлдөх хэлэлцээрийн ажлын хэсгийн хуралдаан энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв гарагт Хавай арлын Хонолулу хотод болсон байна.

Энэ үеэр талууд сүүлийн жилүүдийн аюулгүй байдалтай холбоотой үйл явдлуудыг үнэлж дүгнэн, тэнгисийн болон агаарын ажиллагааны аюулгүй байдлыг хэлэлцсэн байна.

Сүүлийн үед Зүүн болон Өмнөд Хятадын тэнгист хоёр улсын цэргийн нисэх болон усан онгоцууд хоорондоо их ойртсон тохиолдол байнга гарч байна. Үүнтэй холбоотойгоор “АНУ олон улсын хууь тогтоомжид зааснаар цаашид ч Энэтхэг Номхон далайд аюулгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах болно” гэж Америкийн төлөөлөгчид тэмдэглэсэн байна. Мөн хоёр талын хооронд санамсаргүй тохиолдол, үл ойлголцол үүсэхээс зайлсхийхийн тулд Хятадын цэрэг армитай нээлттэй харилцаатай байх нь чухал хэмээсэн байна.

Цэргийн тэнгисийн зөвлөлдөх хэлэлцээрийн ажлын хэсэг нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси 2022 оны наймдугаар сард Тайваньд айлчилснаас хойш зохион байгуулагдаагүй хоёр орны цэргийн өндөр түвшний харилцааны нэг юм.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Цагаан ордны тэргүүн Жозеф Байден, Хятадын дарга Ши Жиньпин хоёр дээд хэмжээнд уулзахдаа цэргийн өндөр дээд уулзалтуудыг сэргээхээр тохиролцсон юм.

Америкийн талын мэдээлснээр, хоёр улсын ажлын хэсгийн сүүлийн уулзалт 2021 оны 12 дугаар сард болжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ, БНХАУ-ын цэрэг армийн удирдлагууд тэнгисийн ажиллагааны аюулгүй байдлын талаар хэлэлцжээ  
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй