Хар тэнгис дэх хөлөг онгоц тээврийн аюулгүй байдлыг хангах хэлэлцээр байгуулахаар Турк улс сүүлийн хоёр сарын туршид Орос, Украины талуудтай хэлэлцээ хийж байсан. Гэвч сүүлийн мөчид Киев хэлэлцээнээс гарсан гэдэг мэдээллийг "Ройтерс" эх сурвалжуудад тулгуурлаж уламжилсан байна.
Мөн Орос, Украин, Турк аль ч тал энэ мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан гэдгийг мөн дурджээ.
"Ройтерс"-т энэ мэдээллийг өгсөн эх сурвалжууд Анкараг НҮБ-ын шахалт шаардлагын дагуу Орос, Украины хоорондын хэлэлцээнд зуучилж байсан.
Улмаар өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Туркийн ерөнхийлөгч Рэжеп Таип Эрдоган хэлэлцээр байгуулагдахаар болсныг зарлахаар болж, талууд бүрэн зөвшилцөлд хүрээд байсан ч Киев эцсийн мөчид татгалзсан гэж ярьжээ.
Үүний шалтгаан тодорхойгүй гэдгийг эх сурвалжууд дурдсан байна. Мөн "Ройтерс" хэлэлцээрийн нэг хувийг олж авсан, тэндээс үзвэл талууд Хар тэнгисээр зорчиж байгаа арилжааны хөлөг онгоцуудад аюулгүй байдалд баталгаа олгож, цэргийн зориулалттай ачаа тээш урьдчилж мэдэгдэлгүй тээвэрлэснээс бусад нөхцөлд нэгжих юм уу, халдахгүй гэж тохирсон, талууд гарын үсэг зурснаар батлагдах байжээ.
Өнгөрсөн 2 сарын сүүлчээр Туркийн Ерөнхийлөгч Хар тэнгис дэх хөлөг онгоцуудын аюулгүй байдлыг хангах хэлэлцээр байгуулах шаардлагатай, энэ чиглэлд НҮБ-тай хамтарсан яриа хэлэлцээ үргэлжилж байгаа гэдгийг мэдэгдэж, Оросын ГХ-ны дэд сайд Вершинин харин хэлцэж байгаа шинэ журам үр тарианы хэлцэлтэй холбоогүй гэдгийг тодруулж яриа өгч байжээ.
Украины дайн эхлэхээс өмнө Хар тэнгис Орос болон Украинаас дэлхийн зах зээл рүү үр тариа, бордоо, нефть тээвэрлэлтийн гол маршрут болж ирсэн. Дайн эхэлсээр эрс хумигдсан энэ тээвэрлэлтийг сэргээх үүднээс 2022 оны долоодугаар сараас Хар тэнгисийн үр тарианы санаачилга хэлэлцээр НҮБ болон Туркийн зуучлалтай хэрэгжсэн байдаг.
Гэвч энэ хэлэлцээрийн Оросын газар тариалан, ХАА-н бүтээгдэхүүнүүдийг экспортлохтой холбоотой заалтууд биелээгүй гэдэг шалтгаанаар Орос өнгөрсөн оны долоодугаар арын 17-нд хэлцлийг түдгэлзүүлсэн.
Мөн Украины үр тариаг буурай орнуудын хүнсний хангамжид илгээх тохироотой байсан, ихэнх нь Өрнөдийн чинээлэг орнууд руу гарсан гэж Оросын эрх баригчид шүүмжилж байсан.
Харин Украины зүгээс АНУ-аас цэргийн шинэ тусламж аваагүй нөхцөлд Хар тэнгисийн усан коридорыг хамгаалах боломжгүй гэж мэдэгдэж байсан байна.
Хар тэнгисийн аюулгүй байдлын хэлэлцээр байгуулах үйл явц зогсжээ | ||
Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.