Шууд Chart

Намрын эхэн сарын шинэдээр...

2014-08-29 12:42:01

Цуврал №1

Намрын эхэн сарын шинэдээр нар ээсэн шаргал өдрүүдийг үдэж угтаж ахуйд олон зүйл төвлөрөл бөөгнөрлийн аянд адгаж байх шиг. Сураг сонсоход нийслэл хотод олон цэцэрлэгийн үүд довжоо хашаа хамарт сууж хоносон залуу эцэг, эхчүүд өглөөний нарыг тосон залхуутайяа эвшээж, горьдлого дүүрэн нойрмог нүдээр цэцэрлэгийн эрхлэгчийг угтаж байна гэнэ... Зарим нь амжилт олж, зарим нь цөхрөл тээгээд гэрийн зүг буцаж байгаа дуулдана. Монголын үрс олон болтугай хэмээх бийлэгжүү ерөөл ийнхүү хад мөргөж, алаг хөөрхөн нүдэнд нь хайрлан нигүүлсэхүйн туяа үл үзэгдмүй. Ганцхан үнэн нь энэ явдлыг тэд мэддэггүй. Мэдвэл даанч хэцүү еэ...Аливаа үндэстэнд хүн шиг том капитал байхгүй гэдгийг мэргэд нь ч, мэддэг нь ч хэлдэг. Манайд ч ялгаагүй гэж төсөөлнөм. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж монголчууд бэлэгшээдэг дээ...Тэгтэл өнөөдрийн наран доогуур саравчилбал тийм биш юм шиг санагдах боллоо... Хөлд ороод аав, ээжээ гэх үес нь хүмүүжих саатах цэцэрлэг олдохгүй, хэлд ороод наануу цаануутай болоход нь сурах сургууль чигжээстэй...Эрдэм сураад дээшээ авирахад нь оюутны байр сураггүй... Яах болж байна аа... Ямар байгаа байгаагаараа царцалтай биш дээ... Өсөж үржиж, өтөлж өвгөрч, үхэж төрдөг хорвоо жамаа өөрчлөхгүй. Үр удмаа үлдээх нь ухаант хүн төдийгүй зөн билэгт араатан адгууст хүртэл туйлын чухал нь байсаар орчлон эргэж байна... Хойч ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулалт хийж буян бодох тийм төр засаг бидэнд хэрэгтэй юм уу даа гэж улс төржвөл алдаа болмооргүй. Нэгнээ сүүдэрлэн босож байгаа энэ олон байшингуудын нэгээхэн хэсэг нь сургууль, цэцэрлэг байвал яасан юм бол оо... Барьж дуусаагүй л "office" түрээсэлнэ гэсэн том том утасны дугаар ярайлгаж урин дуудах энэ байшингууд хөрөнгө зоорьтой нэгний мөнгө олох хэрэгсэл төдий... Миний л мэдэх 11-р сургууль, Монгол 3-р сургуулийг ашиглаж болохгүй гээд балгас болгосон. Суурин дээр нь сайхан сургууль барьж өгнө гэж алтан хошуу өргөсөн. Одоо болтол сураггүй. Өөр сургуулийн гуравдугаар ээлжинд шахцалдаж яваа хүүхдүүдийг нь яалтай...Эвшээн эвшээн цэцэрлэг манаж хоносон эхчүүдийн сэтгэл дотроос ийм хэдэн үгийг унагаахаас өөргүй. Тэгэхгүй бол энэ өдөр сэтгэл бөөдийгөөд ажил хийж болохгүй нь... Монголын үрс цэцэрлэг, сургуулиар бялхалзах болтугай... Хүчирхэг гүрэн хүнээ л гэдэг юм билээ... Бид юугаа гэх вэ...Эд мөнгө, эрх мэдэл, унаа тэрэг, утаа униараа гэх үү...Арай л өөрөөр баярхаж, арай л өөр зүйл рүү хошууран бахархмаар байна. Нүцгэн ирээд нүцгэн буцахын хооронд нүнжигтэй амьдрах нь зүйн хэрэг ч нүдэн дээр чинь бужигнах, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг ирээдүйгээ гэгээн гэрэлтэй харцаар хармаар байна... Гэр хотлоор нь жаргаамаар санагдана. Цэцэрлэг бариад өгч чаддаггүй юм бол, амьдрахын ачаанд түүртэж яваа ээжид нь хүүхдээ асрамжлан харах цалин олгож гэрт нь суулгамаар байна. Хойч ирээдүйгээ өсгөхөд нь хүн чанарын, төрт ёсны халамж үзүүлмээр байна.

Цуврал №2

Шөнөдөө жаахан бороо орчихсон байна. Өглөөний гэгээн наран тунгалаг тэнгэрийн зүүн хаяанаас томрон томорсоор мандлаа. Өнгөрсөн шөнө хичнээн ээж, аав цэцэрлэгийн хашаанд хоног төөрүүлсэн бол...Нойроо хасан байж цэцэрлэг манаж хоносон зорилго нь бүтсэн байгаасай гэж хөндлөнгөөс хүснэм. Ойрын өдрүүдэд цэцэрлэгийн эрхлэгч гэдэг жинхэнэ томорч, суудлаа олж суухгүй нисэж яваа. Хэд хоногоос газрын татах хүч түүнд нөлөөлнө. Ангаахай жаахан үрс азтай нь цэцэрлэгийн хаалга татна. Уйлаан майлаан болж, аав, ээжийнхээ гараас чаргуулдан нүдээ нухлан нойроо харамлан алхацгаана. Ингэж төвөг удах хэрэг байна уу даа гэж бодогдмоор... Нэг талаас багаас нь сургуулийн өмнөх боловсрол олгох гэж байгаа сургалтын тогтолцоог хүндлэхээс өөргүй. Хүүхдээ багаас нь олны дунд хүмүүжүүлж сургуульд орохдоо ойр зуурын мэдлэгтэй болгох гэсэн эцэг, эхийн хүсэл тэмүүллийг хүндлэхээс өөргүй... Хүндлэн байж хүндэтгэн үзэх шалтаг шалтгаан олон. Би ч бас л ингэж эерэг талаас нь хардаг хүний нэг. Гэвч гээд бодоход гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг шиг анхаарч үзэж, анзаарч хармаар зүйл бас байна. Ихэнх залуу эцэг, эхчүүд ажил хийж арав, таван төгрөг олохгүй л бол амьдрал нь бүдэрчих гээд байгаа эдийн засгийн том нөлөөлөл байна. Амьдрал хангалуун, ажил төрөлд санаа тавихын урьдаар ирээдүй хойчоо хүмүүжүүлэх, өсгөх үүргээ ухамсарлан гэртээ суух гэхээр эдийн засгийн шахаанд орчихдог тал дийлэнхид нь байна. Тэд хөлсний хүмүүжүүлэгч, хүүхэд асрагч аваад ажил төрөлдөө амгалан тайван явах боломж бололцоо тун ховор. Тэр бол дээдсийн хүрээлэнгийн явдал гэж үздэг. Энэ бүхнээс ургуулан ургуулваас: Монгол Улсын хамгийн том зорилго бол эх нутагтаа үе дамжин амьдрах САЙН ХҮН бэлтгэх явдал юм. Тийм сайн хүнийг багаас нь л өв тэгш бэлтгэх учиртай. Үүн шиг том ажил гэж байна уу. Өнөөдрийн булан талх, маргаашийн мантуу бидэнд тийм чухал биш. Маргаашийг дархлах, голомт нутгаа сахин үлдэх САЙН ХҮН л чухал. Сайн хүнийг төрж өссөн орчинд нь гэрэл гэгээтэй хүмүүжүүлж, /хүнжүүлж/ эрдмийн хаалган дээр хөтөлж ирэх явдал чухал. Дааганд нь давтаж шүдлэнд нь шүтэж байж хурдан морь төрүүлдэг. Түүн лугаа даахьтайд нь энэрч, хөлд ороход нь дэмнэж, хэлд ороход нь тэгшилж, хүн болоход нь хайраа түгээж, халамжаа ивээж өссөн гэртээ "ноён" мэт өсгөх нь чухал даа... Хургандаа цадаагүй мал төлгөндөө майлдаг гэж монголчуудын хэлсэн нь өрх гэрийн өгөөмөр байдал, элэг дэлбэг байхыг сануулаад байх шиг... Цэцэрлэгтээ чихэлдэж, сургуульдаа шахцалдаж өссөн хүүхэд хэр өргөн сэтгэж, өгөөмөр хандах бол оо...САЙН ХҮН болох магадлал ямар бол оо...
 


Намрын эхэн сарын шинэдээр...   
Үзсэн: 3815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2014-09-02 16:58
үүнийг даана ч манай дарга нар уншихгүй байх уншаад ч юм бодохгүй хүмүүс
202.170.71.xxx [202.170.71.xxx] 2014-08-29 17:04
маш чухал сэдвийг хөндсөн сайхаhttp://mnb.mn/p/31351#н нийтлэл болжээ

Бидэнтэй нэгдээрэй