Шууд Chart

"Туулын хурдны зам" төслийн инженер-геологийн судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна

2026-03-03 15:19:35

Улаанбаатар хотын гол гудамж, замуудын оргил ачааллын үеийн дундаж хурд өнөөдрийн байдлаар 11.07 км/цаг байна.

Судалгаагаар хэрэв түгжрэлийг бууруулах дорвитой арга хэмжээ авахгүй, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхгүй хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд авто замын сүлжээний дундаж хурд 5 км/цаг хүртэл буурч, өдрийн турш түгжрэлтэй байх замын урт 200 км-т хүрнэ гэсэн тооцоо гарчээ.

Иймд нийслэлийн авто замын ачааллыг бууруулж, хотын тээврийн сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Төслийн газар шорооны ажил энэ сарын 15-наас эхэлнэ. Одоогоор төслийн талбайд 70 хүний бүрэлдэхүүнтэй инженер, техникийн ажилтнууд 56 нэгж машин механизм, тусгай зориулалтын техник хэрэгслийн хамт барилга угсралтын үндсэн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна. Материалын хангамж, талбайн хайгуул судалгааны ажлын хүрээнд геодезийн хэмжилт бүрэн дууссан. Мөн инженер-геологийн судалгаагаар нийт 40 цооног өрөмдөөд байгаа бөгөөд судалгааны ажлын гүйцэтгэл одоогоор 70 хувьд хүрчээ.

Зураг төслийн ажлын хүрээнд замын шугамын сонголт, ерөнхий байрлалын чиг зургийг холбогдох байгууллагуудаар батлуулсан. Авто зам, гүүр хоолой болон үерийн хамгаалалтын далангийн нарийвчилсан зураг төсөл 94.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу гүүр, хоолойн барилгын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сарын эхээр эхлүүлэхээр төлөвлөжээ.
“Туулын хурдны зам” нь “Шинэ тойрог зам”-ын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийслэлийн замын хөдөлгөөний зохион байгуулалтад бодит өөрчлөлт авчрах дэд бүтцийн томоохон төсөл юм. Төслийн хүрээнд нийт 7 байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 12 байршилд гүүр, 5 байршилд нүхэн гарц барихаар төлөвлөсөн.

Нийт 32 километр урт, зургаан эгнээ бүхий уг хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 14 орчим хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан.


"Туулын хурдны зам" төслийн инженер-геологийн судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй