Шууд Chart

Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдөв

2026-03-03 16:11:54

Улаанбаатар хотын суурьшлын бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүд болон Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд үйл ажиллагаа эрхэлдэг түүхий эд авах цэг, мах боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж буй.

Тодруулбал, стандартын шаардлага хангасан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх дэд бүтэц, хууль эрх зүйн орчин нөхцөлөөр хангасан Эмээлт эко аж үйлдвэрийн паркт нэгтгэн байршуулах хүрээнд дээрх аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулах ажил үргэлжилж байна.

Үүнтэй холбоотойгоор нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад НЗДТГ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл болон арьс шир боловсруулах үйлдвэрийн удирдлагууд оролцов.

Аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс нүүхэд шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгон, дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн энэ үеэр дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах төсөв, санхүүжилт хангалтгүй байгаагаас хэрэгжилт удаашрах нөхцөл үүссэн гэдгийг "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мягмар онцолсон юм. Дээрх санхүүжилтийг шийдвэрлэх боломжийг судлахаа холбогдох албаныхан илэрхийллээ.

Ташрамд, Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах 28 үйлдвэр шилжин суурьшина. Өнөөдрийн байдлаар найман аж ахуйн нэгж “Паркийн нэгжийн гэрээ” болон “Паркт газар ашиглах гэрээ” байгуулжээ. Мөн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж буй есөн үйлдвэр бэлтгэлээ хангасан байна. Арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг барьж, нүүлгэн шилжүүлснээр Туул голын сав газрын бохирдсон хөрсийг нөхөн сэргээнэ. Мөн жилд 8.5 тонн арьс, шир боловсруулахаас 4.4 тонныг гүн боловсруулах хүчин чадалтайгаас гадна шинээр 5600 тогтвортой ажлын байр бий болгоно. 


Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдөв  
Үзсэн: 102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй