Шууд Chart

Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.5 тэрбум төгрөгөөр арвижлаа

2026-03-05 11:20:32

Нийгмийн даатгалын багц хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, тэтгэврийн нөөц санг бий болгон тус санд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг мөнгөн хэлбэрээр хуримтлуулж эхэлсэн. 2025 оны байдлаар тэтгэврийн нөөц санд 302.7 тэрбум төгрөг хуримтлагдсан байна.
 
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 256 дугаар тогтоолоор “Тэтгэврийн нөөц санд хөрөнгө төвлөрүүлэх, бүртгэх, хуваарилах, байршуулах, мэдээлэх, хөрөнгө оруулах, өвлүүлэх, хяналт тавих журам”-ыг баталсан.
 
Энэ журманд заасны дагуу Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг найдвартай, үр өгөөжтэй, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас худалдан авах, Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж, банкны системд нөлөө бүхий арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах гэсэн 4 төрлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахаар зохицуулсан.
 
Банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Мөнгөн хадгаламжийн гэрээ” байгуулан тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 15.11 хувийн хүүгийн өгөөж хүртэх нөхцөлтэйгөөр хадгаламж хэлбэрээр байршуулсан.
 
Энэхүү ажлын үр дүнд тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг 32.5 тэрбум төгрөгөөр өсөх боломжийг бүрдүүлсэн бөгөөд 2026 оны 02 дугаар сарын өгөөж болох 2.5 тэрбум төгрөгийг хүлээн авч тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг өсгөөд байна гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 
 

Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.5 тэрбум төгрөгөөр арвижлаа  
Үзсэн: 179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй