Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Сүхбаатар аймагт ажиллаж байна.
Тэрбээр өнөөдөр Онгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Засаг дарга, иргэд, малчид, бизнес эрхлэгчдийн төлөөллүүдтэй нэгдсэн уулзалт хийв.
Мөн тус уулзалтад хөрш зэргэлдээ Дарьганга, Наран, Баяндэлгэр сумын удирдлагууд ирж оролцлоо.
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн “Бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодит ажил хэрэг болгохоор салбарын яамнаас “Орон нутгийн хөгжлийн төв” төслийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогод Монгол Улсын 21 аймгийн төв, 70 суманд Сум дундын хөгжлийн төв буюу “Орон нутгийн хөгжлийн төв” байгуулахаар тусгасан. Сүхбаатар аймгийн тухайд Баруун-Урт, Онгон, Эрдэнэцагаан, Мөнххаан сумд үүнд багтаж буй. Хөгжлийн төв байгуулна гэдэг нь байшин барилга барих тухай биш юм. Иргэд, малчид, бизнес эрхлэгчдийг дэмжих, хөгжүүлэх цогц үйлчилгээ үзүүлнэ” гэдгийг тодотгов.
Мөн тэрбээр малчдын тохь тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх, малын тавлаг байдал хангах, малчид, тариаланчдад чиглэсэн нийгмийн үйлчилгээг сайжруулах, хөдөө аж ахуйн салбарын хүний нөөц, залуу малчид, тариаланчдыг бэлтгэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Сүхбаатар аймгийн Онгон сум нь Дарьганга, Наран, Баяндэлгэр сумдын таталцлын төв байхаар тусгажээ. Иймд тус суманд төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Орон нутгийн хөгжлийн төв” төсөл хэрэгжүүлнэ. Тус төв нь малын гаралтай түүхий эдийн ангилан ялгалт, анхан шатны боловсруулалт хийх болон сүү цагаан идээ боловсруулах бага оврын үйлдвэр, малын тэжээлийн үйлдвэр байгуулах, малчид, тариаланчдад мэдээлэл олгох, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх аж.
Уулзалтад оролцогчид малын арьс шир, түүхий эдийг үнэд оруулах бодлого хэрэгжүүлэх, худаг ус болон рашаан усны судалгаа явуулах, хаврын морин уралдааныг гуравдугаар сараас эхлэн зохион байгуулах, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, мал зүйч бэлтгэх, сумдад туулах чадвартай машины хүрэлцээ муу, төрийн албан хаагчдын орон сууц барих, малжуулах төсөл хэрэгжүүлэх, орон нутаг өөрөө аюулгүйн өвс, тэжээлээ бэлтгэх газар тариалангийн талбайг шийдвэрлэх шаардлагатай зэрэг асуудлыг хөндөв.
Онгон суманд хаваржилтын нөхцөл байдал хэвийн. Энэ өвөл бусад аймаг, сум руу отор нүүдэл хийсэн айл өрх байхгүй, 220 мянган толгой мал нутагтаа өвөлжиж, хаваржиж байгаа бөгөөд 100 мянган толгой мал төллөхөөр байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
| Сүхбаатар аймгийн Онгон суманд “Орон нутгийн хөгжлийн төв” төсөл хэрэгжүүлнэ | ||
| Үзсэн: 115 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.