Шууд Chart

Хямрал

2015-01-23 13:41:38

Та бид дээдсээс доодос хүртэл хямрал гэдэг үгийг элтэл нь хэлж ярьж байна. Аливаа зүйлийг  ахин дахин яриад байвал биелэлээ олдог жамтай. Аль нэг үгийг дахин дахин сануулаад байвал тэр биелэлээ олж, эзнээ түүгээрээ өвчлүүлдэг. Худлаа юмыг мянга дахин давтвал  үнэн мэт болдог. Энэ бол  бодитой зүйл.

Чөтгөрийг яриад байвал хүрээд ирдэг гэх...Бас ч нэг шог яриа байдаг даа. “Нэг ламтан чөтгөрийг хараад учир зүггүй номоо уншаад эхэлтэл Чөтгөр хажуугаар нь өнгөрөхдөө  зүгээр байхад зүгээр л байгаарай гэсэн гэдэг”. Энэ бүхэн амьдралыг хошноор харж байгаа  мэргэн ардын ухаан. Монгол Улсад хямрал нүүрлэлээ гэж цэцэрлэгийн хүүхэд хүртэл хэлж байна. Юу болоод байна даа...Монгол хүн  билгээрээ тангад хүн бэнчингээрээ гэдэг дээ. Амны билэгтэй үг хэлэлцэж,  ирэх өдрийн нар, сарыг угтмаар байна.

  Дээдэс нь болохоор улсынхаа өвөр түрийг дэлгэж дотоодын нийт бүтээгдэхүүн тэд эд байна. Өртэйгөө харьцуулвал тэд эд боллоо гэж шагшрах... Үнэндээ бол  Дотоодын нийт бүтээгдэхүүн - /ДНБ/ гэдэг нь тодорхой  хугацаанд тухайн оронд шинээр бүтээгдсэн бараа болон үйлчилгээнүүдийн зах зээлийн үнийн нийлбэр юм. Өдгөө цагт энгийнээр  ухан ойлговол  нэг хүнд оногдох  ДНБ нь улс орнуудын амьжиргааны түвшинг заагч луужин болдог. ДНБ-ийг үйлдвэрлэлтийн, ашиглалтын, хyваарилалтын гэсэн гурван аргаар тооцдог л доо. Өөрөөр хэлбэл, Дотоодын нийт бүтээгдэхүүнд тухайн улсын хил дотор байгаа бүх үйлдвэрлэлийг оруулж тооцно гэсэн үг.

 Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг нь гадаадад байгаа тухайн улсын иргэн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг оруулж тооцдог арай өргөн хүрээтэй ойлголт. Нийт бүтээгдэхүүнийхээ хувьд  төдий өдий хувь нь өрийн барьцаанд орчихлоо л гэж бүдүүн хадуунаар ойлгож болно. Энэ бол  Монгол Улсын олонхийг бүрдүүлэгч дээдсийн хэлж  заншсанаар  “ард түмэн”  ингэж ойлгож болно гэсэн үг. Багасгаад бодвол айл гэрийн  нийт хөрөнгө 100 сая гэвэл  60 сая нь  өрөнд барьцаатай болчихлоо гэсэн үг л дээ... Өрөө төлж чадахгүй бол барьцааны маань  гэр, байшин  хүнийх боллоо гэсэнтэй агаар нэг.

Одоо цагт  буу шийдэм бариад, бөмбөг  дэлбэлээд  пуужин харваад улс орныг эзэлчих тухай ойлголт их бүдгэрч дэлхийн дээвэр доор үүнийг хүн бүхэн эсэргүүцэх болсон. Гагцхүү  эдийн засгийн хилээ хамгаалахгүй бол  харийн мэдэлд ороход ойрхон байна. Үүнийг  ам мэдэн яриад байгаа царай нь энэ л дээ.  Өртэй хүн өөдлөхгүй, өттэй ямаа таргалахгүй гэж  ардын үг бий. Үүн шиг үнэн дүгнэлт олдох уу...

Өрийн тааз гээд л шинэ маягийн зүйрлэл ярих боллоо. Улс төр, эдийн засгийн хүрээний орчуулгын хэллэг л дээ. Өрийн адар гэвэл болохгүй юун.  Шал, адар хоёр их ойртож  зайгүй шахам болж байгааг юу гэж төсөөлөх вэ... Орон зайн хувьд аваад үзвэл амьсгал давчдах хамгийн анхны хэлбэр илэрнэ. Хүчилтөрөгч мэт  дотоодын нийт бүтээгдэхүүн  шахагдан нүүрстөрөгчөөр дүүрлээ гэвэл ихээхэн айдастай болно биз... Үүнийг л хямрал гээд байна.  Хямрал гэдэг үг нь  “хямар” гэсэн захиран тушаах үйл үгээс гаралтай  үг.  Үүнтэй адилхан үг  олон бий. “Захир”, “задар”, “бутар”, “гутар”, “төвлөр”...гэхчлэн. Үүнийг үйлээс нэр бүтээх /-л / дагавраар хэлбэржүүлбэл: хямрал, захирал,  задрал, бутрал, гутрал, төвлөрөл гэсэн  үг үүснэ.  Ийм энгийн зүйл ярьж байгаа нь үнэндээ ийм л энгийн  юмыг  бид хэтэрхий сүржин  ярьж, сүйд майдын үлгэр эсгэж байгаа юм.

Эдийн засаг хямрахаас сэтгэл хямрах нь хэцүү. Эдийн засгийн хямралын  үр дагавар нь сэтгэл хямрах. Тийм болохоор  иргэнийхээ сэтгэл хямрахаас сэрэмжлээч гэж хэлэх гээд байна. Бүсээ чангал гэж ярих боллоо. Тэртэй, тэргүй  чанга байх утгын авцаатай энэ үгийг муу үйлийн улаа болгож яана. Монголчууд бүтэх төрийн бүс гэж дээдэлдэг. Дээдлэн шүтэх тэр үзлийг хямралын гар, хөл болгоод яана. Сэтгэл хямрахын л нэмэр. 

Нийгэм өөрөө  бүсээ тасартал  баяжсан  бага олонлог,  гэдсээ тасартал чангалсан их олонлогоос бүрдэж байгаа болохоор  дургүйцэл олонхийн дунд л байна. Жишээлбэл, Өсгөөд хорин хувийн чинээлэг, 80 хувийн  өлөн зэлмүүн хоёрыг жингийн туухай дээр  тавибал  тэнцдэг. Энэ тэнцлийг л арилгавал  ХЯМРАЛ арилна. Хямралыг энд тэндээс биш өөрсдөөсөө оюун санаанаасаа хаймаар байна.

Хүн төрөлхтөнд хоёр л үнэн байдаг. Төрөх, үхэх хоёр болой. Тэгээд ч хүн  энэ хорвоод нүцгэн ирээд  нүцгэн л буцдаг жамтай. Энэ бас үнэн. Амьдралын ийм л үнэн дунд амьдарч яваа бид хямарлаа гээд ч яалаа, хямарсангүй гээд ч яалаа...Эргэн тойрон амьдрах арга ухаан байсаар л байна.

Эзэн Чингис бидэнд ийм том газар нутаг өгсөн нь үнэндээ хамгийн том хувь заяа. Тансаг хэрэглээ гэдэг чинь дээдэст л байгаа зүйл шүү дээ...Хямралаас аврах гарц өөрсдийн чинь гарт л байгаа болохоос  хөрөнгө зоорьгүй бидэнд ердөө байхгүй. Үүнийг бас үнэн гэж хэлж болно. Төрийн  хямрал, бодлогын хямрал л нүүрлэсэн болохоос жирийн иргэд  хямруулчихаагүй гэдэгт эргэлзэх юун...

Сэтгэлгээний хямрал нь шуналын хямралтай сүлэлдээд ийм болчихсон. Түүнийгээ  сонгуулийн үеэр л ашигладаг “ард түмэндээ” наагаад юугаа хийнэ гэж хэлмээр санагдах юм...Оюун санааныхаа хямралыг арилгах л хамгийн эхний шийдэл баймаар.  Алдарт  хоньчин хөдөлмөрийн баатар Ц. Намхайнямбуу нэгэнтээ хэлэхдээ “Хүнийг та нар  хөлөөрөө явж байна гэж боддог уу, үгүй ээ, толгойгоороо явж байгаа юм. Толгой нь хөлөө удирддаг юм” гэсэн  ухаант үгээ хэлснийг би чихээрээ сонсож толгойдоо өдий болтол хадгалсаар яваа нэгэн.

Ийм л үнэн үг.  Үүнчлэн ард түмэн зөнгөөрөө явж байна гэж хардаг уу. Үгүй  дээрээс нь удирдаад тэр удирдлага нь тааруухан болоод л хямрал гэдэг замаар  явж байгаа юм. Муу ард түмэн гэж байдаггүй муу удирдагч л гэж байдаг. Тийм болохоор удирдлага нь өөрөө л өөрчлөгдөх учиртай даг.  Хямрал...


Хямрал   
Үзсэн: 4306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-01-23 16:27
deedesvvd suudalaa oloxgvi tsagt . yaj dooduud ni gvidelee olox we . hyamral ni daimjirsaar hyaramtsag bolox wii de mongol oron.

Бидэнтэй нэгдээрэй