Малгай бүсээ дээдлэн дээш нь өргөж хямгаддаг, манцуйтай хүүхдийн хамрыг хөөдөж элдвээс хамгаалдаг, халтар манан хөөргөө ханцуйн дороо зөрүүлж, хариу бэлэгний савыг хоосон буцааж үзээгүй тэр л сайхан ёс заншил, уламжлал зөвхөн Монгол туургатан ард түмэнд бий. Хэдий хил хязгаараар зааглагдаж, газрын хол оршдог ч гэлээ өвөрмөц энэ л соёлоороо нэгдэн нийлж, сэтгэлдээ хамгийн ойр, амь нэгтэй байж чаддаг ахан дүүсийг Монгол, Буриад, Халимаг, Тува, Өвөр Монголчууд гэдэг юм. Их Эзэн Чингис хаанаараа овоглох эрэмгий хүчтэй, хурц ухаантай, эртний соёлтой энэ л ахан дүүсээ сэтгэлийн аялгуу, дуу хуураар хөглөн дуудаж, Монгол омогшлоо гал болгон бадраахаар Монгол улсын Гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхлан санаачлан “Хамаг Монгол” төслийг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл энэ сарын 15,16-нд “Хамаг Монгол” төслийн урлагийн тоглолт, гал бадраах ёслол Тува улсад амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Тува улсын Ерөнхийлөгч Шолбан Валерьевич Кара-Оол болон Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирж сонирхохын хамт Монгол түмний өргөн барьсан Ган тулганд мөргөн залбирч, гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авсан юм. Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Тува түмэнд хандан хүргэсэн мэндчилгээг уламжиллаа. Тува улсад болсон энэхүү арга хэмжээг тус улсын соёлын яам тэр дундаа соёлын сайд Донгак Вечеслав Октябрович “Хамаг Монгол” төсөлтэй хамтарч маш сайн зохион байгуулсныг дурдах хэрэгтэй. Тоглолт эхлэхэд Хамаг Монгол төслийн багийнхан төв цэнгэлдэх хүрээлэнд хүлэг баатруудаар хамгаалуулан морьтой орж ирсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байлаа. Мөн дуучин Жавхлан, Самандын үг Магсаржавын хөгжим “Ээжийн чанасан цай” дуугаа хүрэлцэн ирсэн олонд өргөн барихад түүний дууг нийтээрээ даган дуулж байсан юм. Тувачууд дуучин Жавхлангийн энэ дуунд илүү дуртай гэнэ. Найман настай балчираас 80-н настай азай буурал хүртлээ мэдэх болсон энэ дуугаар дуучин Жавхланг энэ ард түмэн хэдийнээс мэдэх болжээ. Тува улсад болсон энэхүү тоглолтонд тус улсын театр хөгжим бүжгийн 250 гаруй уран бүтээлч оролцсон нь тоглолтыг улам хүчтэй, сэтгэл догдлом, омогшил дүүрэн болгож чадсан юм. Ийнхүү Тува түмэн Монгол туургатан ахан дүүстэйгээ хамт дуутай, хууртай, галтай, цогтой, аархал омогшилтой, бахархал дүүрэн хоёр өдрийг өнгөрөөж, дахин уулзахын ерөөлийг өргөн цагаан сүүгээр хурайлан үдлээ. Харин Хамаг Монгол тоглолт ирэх сарын 1-нээс Халимаг улсад үргэлжлэн зохион байгуулагдах юм.
















| “Хамаг Монгол” тоглолт Тува улсад амжилттай боллоо | ||
| Үзсэн: 3631 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.