Шууд Chart

Варшавын Их Сургуульд Монгол судлаач мэргэжилтнүүдийг бэлтгэж байна

2015-03-20 11:49:05

БНПУ-д хийж буй айлчлалын хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Варшавын Их Сургуулийн Монгол Судлалын тэнхимийн оюутнуудтай уулзаж, Монгол хэлний сурах бичгийн нээлтэд оролцлоо. Варшавын Их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн эхлэл нь Оросын хаант засгийн үед польш эрдэмтэн Юзеф Ковалевски Алтай, Төвд судлалын тэнхимийн үндэс суурийг тавьснаар эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл боловсролтой, монгол судлаач мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Монгол судлалын тэнхим өргөжин түвд хэл, соёл судлалын мэргэжилтэн бэлтгэхээс гадна 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн бакалавр, магистрийн сургалт бүхий монгол, түвд судлалын чиглэлээр сургалтын төлөвлөгөөг шинэчилсэн бөгөөд тус тэнхимд нийт 46 оюутан, хоёр докторант суралцаж, найман эрдэмтэн, багш ажиллаж байна.
 
Варшавын Их сургуулийн оюутнуудтай уулзах үеэр тус сургуулийн Дорно дахины тэнхимийн багш, монгол судлаач эрдэмтэн Ян Рогалагийн оюутан цагаасаа эхлэн польш оюутнуудад зориулан бичсэн “Орчин үеийн монгол хэлний сурах бичиг” номын ёслолд оролцов. Энэхүү сурах бичигт үг зүй, дүрэм, дасгалын материалаас бүрдсэн хичээлүүд багтсан байна.
 
Энэхүү номыг бүтээхэд Польш Улс дахь Монголын Элчин сайдын яамнаас 3000 орчим ам.долларын санхүүжилтийг гадаад сурталчилгааны зардлаас гарган шийдвэрлэж өгснийг номын нээлтийн ёслолын үеэр Монгол Улсаас Бүгд  Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Ганбаатар хэллээ.
 
УИХ-ын дарга З.Энхболд “Орчин үеийн монгол хэлний сурах бичиг” номын тухай хэлэхдээ, энэхүү номыг бүтээснээр монгол хэл судлалд хийж буй томоохон оюуны хөрөнгө оруулалт болж байна.  “Орчин үеийн монгол хэлний сурах бичиг” сурах бичиг нь монгол хэл сурах сонирхолтой польш оюутнууд төдийгүй, монгол оюутнуудад чухал сургалтын материал болсон байна. Хоёр улсын харилцаанд иргэд хоорондын хамтын ажиллагаа чухал бөгөөд энэ ном чухал үүрэг гүйцэтгэнэ. Дэлхийд алдартай Монголч эрдэмтдийн залгамж халаа болсон монгол судлаач багш оюутнууд та бүхний сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье гэлээ.
 

Варшавын Их Сургуульд Монгол судлаач мэргэжилтнүүдийг бэлтгэж байна  
Үзсэн: 1233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй