
“MISS MONGOLIA-2013” энэ жил 10 дахь жилээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн тэмцээнд оролцох охидыг зохион байгуулагчид өөрсдөө биечлэн явж хөдөө орон нутгаас сонгон шалгаруулсан аж. Тиймээс анхан шатны шалгаруулалт МҮОНРТ-ийн “600 студи”-д өнөөдөр явагдаж байна.
Тэмцээнийн талаар Монголын “Мiss Mongolia” холбооны гүйцэтгэх захирал Д.Баянцэцэгээс цөөн асуултанд тодруулга авсан юм.
Өнөөдөр болж буй “Мiss Mongolia-2013” тэмцээнийн эхнийн шалгаруулалтын талаар товч мэдээлэл өгөхгүй юу, нийт хичнээн охид энэхүү тэмцээнд оролцохоор бүртгүүлээд байна вэ?
Энэ жилийн тэмцээн маш их онцлогтой болно. Учир нь “Miss Mongolia” тэмцээн анх зохион байгуулагдсанаасаа хойш 10 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Монголдоо 10 жил тасралтгүй зохион байгуулагдсан цорын ганц тэмцээн гэхэд болно.
Тиймээс, энэ жилийн хувьд бид тэмцээнийхээ охидыг хөдөө орон нутгаар зориуд явж бүртгэсэн.

Тухайлбал, Архангай, Дундговь, Эрдэнэт, Дархан гэх мэт хот, хөдөө орон нутгаар явж сонгон шалгаруулалтаа хийсэн. Нийтдээ 78 охидыг бүртгээд байна.
Өнөөдөр эдгээр охидоос анхан шатныхаа шалгаруулалтыг хийж, эцсийн тэмцээнд оролцох 20 охидоо шалгаруулж авч үлдэх юм.
Эдгээр 20 охид маань ирэх 9 дүгээр сарын 13-ны 18:00 цагт Улсын Эрдмийн Драмын Театрд болох төгсгөлийн тэмцээн хүртэл МҮОНРТ-ээс хамтран зохион байгуулж байгаа цуврал 16 нэвтрүүлэгт 6 номинациар оролцох юм. Өөрөөр хэлбэл охид маань спорт мисс, фото мисс, мисс модел, мисс авьяас, “мисс bikini”, “оюунлаг мисс” гэсэн төрлөөр өөрийгөө нээж харуулахаас гадна, бусад охидтойгоо өрсөлдөнө.

Өнөөдрийн анхан шатны шалгаруулалтанд ямар ямар шүүгчид ажиллаж байна вэ?
Урлагтай холбоотой, урлагийг дэмждэг, загварын агентлагийн багш нараас бид энэ удаа зориуд зайлсхийсэн. Харин “Их Урлаг” ТББ-ын тэргүүн н.Энхтайван, “Miss Mongolia” холбооны тэргүүн Д.Сумьяа, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч С.Ичинхорлоо,”City” дээд сургуулийн захирал Ц.Байгалмаа, Б.Наранзун нарын бүрэлдэхүүнтэй хараат бус шүүгч нар ажиллаж байна.
Эцсийн шалгаруулалтанд ажиллах шүүгчид тодорхой болсон биздээ?
Тиймээ, гэхдээ бид эцсийн тэмцээн хүртэл тэрхүү шүүгч нараа чанд нууцлана. Учир нь олон нийтэд зарлачих юм бол ямар нэгэн байдлаар лобби орохвий гэдгээс зайлсхийж, урьдчилан сэргийлж байгаа юм.
Мэдээж олон нийтэд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй шүүгч нар байгаа гэдэгт итгэж болно.

Энэ жил “Miss Mongolia” тэмцээнийн 10 жилийн ой тохиож байгаа гэлээ. Тиймээс, өмнөх жилүүдийн бүх миссүүдтэйгээ хэр холбоотой байдаг вэ? Мөн тэдэнтэйгээ хамтарсан ямар ажил зохион байгуулж байв?
Өмнөх жилүүдийнхээ бүх миссүүдтэйгээ холбооны зүгээс байнга холбоотой байж ирсэн. 2004 оны тэргүүн мисс Ч.Содтуяа гэхэд л манай холбооны идэвхтэй гишүүнээр ажилладаг. Тиймээс жил жилийн тэргүүн миссүүдтэй хамтарсан давтагдашгүй олон нийтэд хандсан хүмүүнлэгийн ажлыг нэг жилийн турш хийдэг сайхан уламжлалтай.
Д.БАЯНЦЭЦЭГ: Тэмцээн болтол МҮОНРТ-тэй хамтран 16 цуврал нэвтрүүлэг хийнэ | ||
Үзсэн: 2518 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.