
МҮОНР-ийн “Асуулт байна” радио ярилцлагын зочноор УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар оролцлоо.
-Бидний ярилцлага таныг Шадар сайдын ажил хүлээж аваад хэвлэлд өгч байгаа анхны ярилцлага болов уу гэж бодож байна. Тиймээс ажлаа юунаас эхлэх вэ гэдэг асуултаар ярилцлагаа эхлэе?
-УИХ-ын чуулган дээр би хариуцлагатай мэдэгдсэн. Монгол Улсын Шадар сайдын ажлыг сахилга хариуцлагыг сайжруулахаас эхэлнэ. Ялангуяа Шадар сайдын харьяалалд байгаа агентлагууд, харьяа салбарууд өндөр сахилга хариуцлагатай, ам, ажлын нэгдлийг хангаж ажиллах зорилт дэвшүүлж байна. Өнөөдрийн нөхцөлд Монголын нийгэмд ус, агаар шиг дутагдаж байгаа зүйл бол сахилга хариуцлага, ам ажлын нэгдэл байна.
-Сахилга хариуцлагыг хэрхэн сайжруулах вэ?
-Манай улсын эдийн засгийн байдал хүндэрлээ, хөрөнгө санхүүжилт хомсдож байна, дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ унаж байгаа ийм цаг үед Монгол Улс сахилга хариуцлага, зохион байгуулалтаа дээшлүүлж ажиллах ёстой. Салан задгай, замбараагүй байдал, үүнээс болж үүсэх гамшиг осол, гал түймрийг эрс багасгах чиглэлд ажиллаж, нийгмийг бүхэлд нь хариуцлагатай сахилгатай болгох бодлогыг бид зайлшгүй боловсруулж, хэрэгжүүлэх ёстой. Ялангуяа ардчиллыг анархи байдал гэж ойлгодог, ардчиллыг дур зоргоороо авирлах байдал гэж ойлгодог, хууль, дүрэм, журмыг үл хэрэгсдэг, улс төрчдөөс эхлээд хэлсэн ярьсан үг, ам ажил нь зөрдөгт нийгэм ихээхэн бухимдаж байна. Тиймээс бид Монгол төрийн эртнээс уламжилж ирсэн төрийн өмнө хүлээсэн үүргээ яг таг чанартай биелүүлдэг, биелүүлээгүй тохиолдолд төрийн албан тушаалтанд хатуу хариуцлага хүлээлгэдэг хууль журмыг хэрэгжүүлэх ёстой. Төрөөс хүлээлгэсэн итгэл найдвар, үүргийг төрийн албан тушаалтан шат шатандаа хатуу биелүүлэх ёстой. Эс тэгвэл зохих хариуцлага хүлээлгэнэ, ажлаа цаашид гүйцэтгэх ур чадваргүй гэдгээ харуулбал сахилгын хариуцлага тооцож, албан тушаалаас нь өөрчилнө.
-Шадар сайдын харьяанд Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагууд байдаг. Тэгэхээр та өөрийн харьяанд байгаа энэ албан байгууллагуудад тодорхой хэмжээгээр халаа сэлгээ хийж, багаа бүрдүүлэх үү?
-Баг бүрдүүлэх, халаа сэлгээ хийнэ гэдэг бол сүүлийн үед тогтсон ойлголт. Монгол төрийн тогтвортой байдлыг хангахын тулд цаашдаа Төрийн албаны тухай хуулийг боловсронгуй болгох ёстой. Энэ хэмжээгээр төрд үнэхээр шилдэг, ажлаа мэддэг, ажлаа хийж чаддаг хүмүүс ажиллах ёстой. Улс төрийн талаас нь биш, цаг зуурын байдлаар ажиллаж болохгүй гэдэг зарчмыг би барьдаг.
-Шадар сайдын харьяанд байгаа зарим агентлагийн даргаар МАН-ын харьяалалтай хүн ажиллаж байна. Энэ хүмүүсийг та өөрчлөх үү?
-Би сая хэллээ. Нэгдүгээрт бид сахилга, хариуцлагаа сайжруулах хэрэгтэй. Таны хувьд улс төрийн намуудын талцлын асуудал яриад байна. Халах шаардлагатай бол хэн ч байж болно. Аль улс төрийн намаас байна вэ гэдгээр хязгаарлахгүй. Мэдээж, улс төрийн албан тушаалтан, улс төрийн зөвшилцлийн хүрээнд, намуудын хооронд байгуулсан гэрээний дагуу ажиллах албан тушаалууд байна. Ийм албан тушаалуудыг ярьж хэлэлцэх байх гэж бодож байна.
-Тавантолгойн төслийг урагшлуулах хэрэгтэй гэж та хэлж байсан. Тэгэхээр Энержи Ресурс, Хятадын Шинхуа, Японы Сумитомо гэсэн 3 компанийн нэгдсэн консерциум төслийг урагшлуулна гэсэн үг үү. Одоогийн байдлаар Энержи Ресурс компанийн үйл ажиллагаа зогсоод, ажилчиддаа цалингүй чөлөө олгосон байна. Ганц энэ компани гэлтгүй эдийн засаг хүндэрснээс болоод ер нь бусад салбарт ч компаниуд хаалгаа барьж хүмүүс ажилгүй болж байна?
-Мэдээж, Тавантолгойн асуудал тулгамдсан асуудал. Үүнийг Засгийн газар дээр ярьж шийдэх ёстой. Хэн нэг сайд дан ганцаараа шийдэхгүй. Тавантолгойн төсөл урагшлах зайлшгүй шаардлага байна. Гэхдээ өнөөдөр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан. Тиймээс Тавантолгой, бусад уул уурхайн асуудлыг бид нэг далайлтаар шийдэх боломж байхгүй. Тэгэхээр дэлхий дамжсан хямрал, Монголд нүүрлэсэн эдийн засгийн хямралыг бид нэгдмэл байж давах ёстой. Эв нэгдэлтэй байж энэ бүхнийг давахгүй бол улс төрийн намууд талцаад байвал хөгжихгүй ээ.
-Шинэ сайдууд ажлаа хүлээж аваад Засгийн газар бүрэн бүтэн болсон. Гэтэл яг энэ үйл явдалтай зэрэгцээд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан. Засгийн газар бүрэн бүтэн болсны дараа танай “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн дахиад нэг сайдыг огцруулах асуудал яриад байх нь хэр оновчтой вэ?
-Энэ асуудлыг бүлэг яриагүй, бүлгийн нэг гишүүн ярьсан. Нэг талаасаа тэр хүнд эрх нь байгаа, нөгөө талаасаа нэгдсэн бодлоготой нийцээгүй асуудал. Энэ Шадар сайдын эрхлэх асуудал биш. Бүлэг дээрээ ярих асуудал, намуудын асуудал. Иймэрхүү асуудлаар ярьж цаг үрмээргүй байна.
-Сонгуулийн тухай хуулийн төсөл олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд намын хатуу гишүүнчлэлгүй байя гэдэг байр суурийг олон жил ярьж байна. УИХ-ын 76 гишүүнийг ерөөсөө л Монголын нийт ард түмнээс сонгоё гэсэн байр суурьтай байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын нийт ард түмнээс хамгийн олон санал авсан 76 хүн УИХ-ын гишүүн болно гэсэн үг. Энэ л хамгийн шударга.
-Таны энэ байр суурь МАХН-ын байр суурийг илэрхийлэх үү?
-Бид ойролцоо байгаа. Бараг нэг гэж хэлж болно. Ялангуяа 76 хүнийг сонгоё гэдгийг хэвлэл мэдээлэл дэмжээд өгвөл мөнгөтэй нь биш, нэг тойрогт тэрбумаар нь цацаад гардаг баячууд биш, хуулиа мэддэг, хуулиа боловсруулж чаддаг хүмүүс сонгогдоно.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр тантай адилхан байр суурьтай байдаг уу?
-Тэр хүнээс өөрөөс нь асуух хэрэгтэй. Гэхдээ бидний байр суурь ойролцоо, нэгдмэл байгаа.
-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, шинэ сайдууд томилогдсон. Та бүхний томилгоотой зэрэгцээд чуулганаар хэлэлцсэн нэг асуудал бол “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д тавьсан Ерөнхийлөгчийн хориг байсан. АН, МАН-ын тухайд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэдгээ мэдэгдсэн. Гэтэл Шударга ёс эвслийн бүлэг энэ асуудалд завсарлага авсан. Та бүхний завсарлага авсан шалтгаан нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг үү?
-Өршөөлийн хуулийн шаардлагаа та нар хар. Найман мянган хоригдол Монголын шоронд дүүрэн байна. Бөгс эргэх зайгүй байна. Дахиад мянга 500 хүний шорон барьж байна. Гэтэл энэ мөнгөөр 40 сургууль, цэцэрлэг барина. Өөрөөр хэлбэл, Монгол Улс шоронжсон байна. Иймээс Өршөөлийн хууль гаргах зайлшгүй шаардлагатай. Дээр дурдсан найман мянган хүний гурван мянга гаруй нь хөнгөн, хүндэвтэр хэрэгтэй. Нийгэмд учруулсан хохирол байхгүй, анх удаагийн үйлдэлтэй. Үүнийг шийдвэрлэх гэж 2013 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Энэ дээр нэмээд 30 гаруй хүн авлигын хэргээр гэдэг нэртэй байгаа. Голдуу эмэгтэйчүүд, хүүхэдтэй хүмүүс, ихэнх нь хохирлоо төлчихсөн. Үүнийг тойруулсан улс төр л хийгдэж байна. Хоригийг хүлээж авах эсэх асуудлаар УИХ-ын чуулган хуралдаж байж асуудлаа шийднэ.
- 2012 онд УИХ-ын сонгуулийн дараа гишүүд тангарагаа өргөсөн. Харин таны хувьд үүнээс 5 сарын дараа УИХ-ын гишүүн болж байсан. Таны гишүүний суудлыг экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүүгийнх гэсэн яриа ч гарч байсан. Та УИХ-ын гишүүн болсныхоо дараа Өршөөл үзүүлэх тухай хууль санаачилсан. Үүний цаана нэг агуулга нийгэмд яригдаад байдаг. Таны суудал Өршөөлийн хуультай холбоотой гэх яриа, таамаглалд та тайлбар өгөхгүй юу?
-Маш сайхан асуулт байна. Би 1975 онд Хуулийн сургуулийн оюутан байсан. Тэр үед 60 оюутнаас хоёрхон оюутныг шилж сонгож, Монгол Улсын хүнд ноцтой гэмт хэргийн мөрдөн байцаах ажлын дагалдан мөрдөн байцаагч болгосон. Өнөөдөр 2015 он. Би 40 жил Монголын төрд ажиллаж байна. 40 жилийн турш би ямар нэг ёс суртахууны алдаа гаргахгүй Монгол төрд зүтгэх үүргээ биелүүлэхийг хичээж ажиллаж байна. Тийм учраас төрийн албыг хэн нэгэн шагналаар авдаг зүйл биш ээ. Сүүлийн 30 жил би хүний эрхийн төлөө ажиллаж байна. Тийм учраас Өршөөлийн тухай хууль санаачилсан. Монгол Улс дахь хуулийн завхралыг залруулах гэж Өршөөл үзүүлэх тухай хууль санаачилсан. Өөрөөр залруулах арга байхгүй. Яагаад гэвэл улс төрчийн дарамтанд, хүний захиалгын дагуу олон хүн үндэслэлгүйгээр гэмт хэрэгтэн болж байна. Өршөөлийн хуулийн аль нэг заалт нь хэн нэг хүнд биш, шинэчлэлийн бодлогод зориулагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зургаан жилийн өмнө төрийн албаа өгчихсөн Н.Энхбаяр гэдэг хүнд холбогдсон заалт энд байхгүй. Өнөөдрийн төрийн алба хашиж байгаа хүмүүстэй холбоотой асуудлыг энэ хуулиар зүгээр өнгөрөөхгүй. Бүгдийг нь шалгана, хохирлыг нь төлүүлнэ. Тэгээд Өршөөлийн хуульд хамруулах эсэхээ шийднэ. Хуулиа унш. Яг үнэнийг хэлэхэд, хуулиа зарим нь ойлгодоггүй юм шиг байгаа юм. Тэрнээс биш олон хэрэгтнийг шууд гудамжинд гаргаад нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулах асуудал биш.
Ярилцсан Ц.Мөнхзул
Ц.Оюунбаатар: Зургаан жилийн өмнө төрийн албаа өгчихсөн Н.Энхбаяр гэдэг хүнд холбогдсон заалт энэ хуульд байхгүй | ||
Үзсэн: 3027 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.