
Амралтын өдөр гэнэтхэн зургийн дарга Баярлах ах над руу утас цохив. Түүний дуу хоолой нэг л хачин санагдаад явчихлаа. Тэрхэн мөчид яагаад энэ хүн над руу залгадаг билээ гэсэн бодол зурсхийв. Гэтэл, “Баатар аа чамд таагүй мэдээ дуулгая, Ц.Гүндэгээ маань бурхны оронд явчихлаа” гэх нь тэр. Үүлгүй тэнгэрээс аянга цахих шиг л болсон. Өчигдөрхөн хамт нэг байранд байрлаж, нэг ширээнд сууж, инээж наргиж явсан Ц.Гүндэгээ ахыгаа нарт хорвоогоос хальж, бурхны оронд одсон гэдэгт нэг л итгэмээргүй байлаа. Хүний амьдрал гэдэг үүлэн чөлөөний нартай адил юм.
Миний хувьд Хил хамгаалах Ерөнхий газрын удирдлагын шийдвэрээр Хилийн цэргийн түүхэн амьдралыг уран сайхнаар дүрсэлсэн “Босго, Тотго” кино хийх МҮОНТ-ийн уран бүтээлчидтэй хамтран ажиллах боломж олдсон юм. Ц.Гүндэгээ ах бид Говь-Алтай, Ховд, Сүхбаатар, Дорноговь аймгуудын хилийн хэсэгт кино зураг авах ажлаар хамт явж, нэг өрөө, нэг ширээ, нэг машинд сууж хөгжилтэй яриа өрнүүлж, сэтгэлээ хуваалцаж явсан нь өчигдөрхөн.
Бид богинохон хугацаанд дотно танилцаж, сайхан нөхөрлөсөн андууд болсон юм. Гүндэгээ ахыг гаднаас нь ажиглахад дуу багатай хүн. Түүнтэй сэтгэлээ нээж ярилцаж чадвал агуу их зөвлөгч, хариуцсан ажилдаа инженер техникийн мэргэжилтэн, үр хүүхдийн сайхан аав, халамжит сайн хань.
Гүндэгээ ах болсон явдлыг маш ойлгомжтой, хөгжөөнтэйгээр ярина.
Манай хамт олон ч эмэгтэй найруулагч гэж ойлгож андуурдаг байлаа. Алтайн хилийн отрядод зочид буудлын эмэгтэйчүүдийн байрлах өрөөнд Гүндэгээ ахын нэрийг дуудаж байсан нь ч бий.

Аавынхаа нэрээс болж охин нь багшдаа, “Эцэг эхийнхээ нэрийг мэддэггүй юмуу?” гэж загнуулсан тухай, МҮОНТ-ийн байранд цагдаа эмэгтэй дуудаж уулзсан тухай, алдарт зохиолч, яруу найрагчтай хамт нэг гэрт амарсан тухай гээд Ц.Гүндэгмаа гэдэг нэрээс болсон явдлыг ярьж бусдыг хөгжөөдөг байв.
Ц.Гүндэгээ ах тэр болгон хүмүүстэй мэдэмхийрч цэцэрхдэггүй, их л төв даруухан, хүмүүст амьдралын ухаан сургамж зөвлөгөө өгдөг, үр хүүхдээ эрдэм боловсролтой болгон хүмүүжүүлсэн сайхан эр хүн, өрх гэрийн тэргүүн. Тэрбээр надад албан байгууллага, хамт олон нь түүний гавьяа зүтгэлийг үнэлж, Соёлын гавъяат зүтгэлтэн цолонд тодорхойлсныг, удахгүй шинэ байранд орох гэж буйгаа, хүний эмч хүүхдүүдээ хүртэл аминчлан ярьдаг байлаа.
Монголын кино урлагийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан МҮОНТ-ийн ахмад ажилтан, авьяаслаг уран бүтээлч түүнд хийх уран бүтээл их байсан ...
Хил хамгаалах байгууллагын 80-н жилийн ойг тохиолдуулан хийсэн “Босго, Тотго” киноны дууны найруулагчаар ажилласан нь түүний сүүлчийн бүтээл байсан ч Хил хамгаалах байгууллага, кино урлагийн түүхэнд таны нэр алдар мөнхрөн үлдлээ.Та бурхны орноос үр хүүхэд, ач, зээ, хамаатан садандаа эргэн төрөхийн ерөөл билэгдье.
ХХЕГ-ын СЗССХ-ийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа М.БаатарсҮрэн
Үүлэн чөлөөний наран дор | ||
Үзсэн: 2494 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.