Шууд Chart

Эх хэлээ хайрлая буюу Илжиг модон хударгандаа...

2015-10-29 10:00:20

Хайрлах бол хамгийн сайхан сэдэл тэмүүлэл. Орчлон дэлхий хайраар л дутдаг. Хүн төрөлхтөн хайраар дутна. Тэгээд ч  ардын уран зохиолч Шагдарын Дулмаа гуай  “Амьдрал хайр дээр тогтдог” гэсэн нэгэн дууны шүлэг бичиж  байсан. Сайхан дуу болсон. Энэ дууны эхний бадгийг  ишлэе.

Ээжийн цайлган цагаан сэтгэл
Энхрий уяхан бүүвэйн дуу
Эрдэнийн харгуйд өргөсөн цацал
Эмзэгхэн хайрыг мэдэрсэн зүрх

Амьдрал хайр дээр тогтдог гээд
Алагхан хорвоод хэлээд байх юм аа... ийм л сайхан үгтэй ухаарал хайрласан дуу л даа. Хайрлах гэдэг  ийм байж. Бид эргэн тойрноо хайрлах, харамлахын зөнгөөр аргадаж амьдардаг. Хайрлаж харамлаагүй зүйлийн ард харамсал байдаг. Хайрлахад  бас учир жанцан байна.  Мал сүргээ  хайрлах, эд бараагаа хайрлах, үнэ цэнтэй зүйлээ хайрлах,  үр хүүхдээ хайрлах, уул усаа хайрлах  гээд явж өгнө. Бороонд гутал хувцсаа норгохоос сэргийлэн  цув нөмрөн хайрлаж болно. Наранд толгойгоо халаачихаас сэргийлээд шүхэр доор явж болно... Энэ цуваан дунд эх орноо хайрлахаас эх хэлээ хайрлах хүртэл багтана. Тэр олон хайрламаар зүйлээс  “эх хэл”-ээ хайрлах тухайд хэдэн санаа цухалзуулъя.

Айлын адуунаас унаа гуйж унаад өөрийнхөө морийг хайрлаж болно. Хүний юмаар хүүдэгнээд өөрийнхөө юмыг ариглаж болно. Гуанз, Зоогийн газар найз нөхөд, бас бус хүнээр даалгаад хэтэвчин дэх мөнгөө гамнаж, хэмнэж болно. Энэ хайрлах бол алс энгээрээ өөр юм.  Хадгалж, хямгадаж хайрлах  юм их бий. Ингэж хайрладаггүй зүйл бас байна. Тэр юу вэ гэвэл  юун түрүүнд “эх хэл” минь болой. Эхийн бүүвэйтэй хамт хөхөж өссөн төрөлх сайхан хэлээ бид өдөр дутам хэрэглэж, ашиглаж харилцаж байж хайрлана. Эх хэл бол мөнгө биш, хувцас биш,  эд бараа биш. Эх хэл бол  бидний хувьд харилцааны  хэрэгсэл. Эх хэлээ хайрлаж байна гээд энд тэндэхийн хэлний үг хэрэглээд байх нь ч зохистой биш. Хэлээ басаж болохгүй.  Эх сайхан хэл маань хэрэглэх тусам  өнгө орж шижиртэнэ.  Хэл бол эвхээд далд хийчихдэг  торго дурдам биш, хүндрүүлэгчтэй хадгаламжийн саванд хийгээд лац ломбо болдог үнэт эрдэнэ биш,  толгойн боолт, хүзүүний зүүлт биш.  Өдөр бүр гялалзтал хэрэглэж, монгол хэлээрээ гангарч  байж хайрлана. Хэрэглэхдээ  аялга дуудлага цэвэр, гадна дотнын эрээвэр хураавар үгтэй хольцолдуулалгүй  хэрэглэхийг  Эзэн Чингисийн удам  эгэлгүй монгол түмэндээ  захимаар байна.  Бид чинь нэгэн үедээ  чадна гэвэл чаддаг цөстэй ард түмэн нүүдэлчдийн өлгийг дархалж явсан биш билүү...

Хуруундаа хийсэн бөгж нь
Хольцоо нь үгүй шижир дээ... гэж дуулдаг шиг.  Ярьж байгаа хэл маань яалт ч үгүй бидний шижир эрдэнийн нэг билээ. Эх хэлээ цэвэр ариун байлгах нь  хүн бүхний хүчин чармайлтаас үүдэлтэй.  Төр засгийн томчууд, гадаадад мэргэжил эзэмшсэн   сайхан залуусаас эхлээд    түм түжигнэсэн, бум бужигансан харь гүрэнд очоод  тухайн  орны хэлээр ярих нь нэг талаас сүрхий догь  юм шиг харагдавч, цаагуураа өөрийнхөө хэлийг  өшиглөсөнтэй ялгаа нь үгүй хэрэг л дээ. Монголд ирсэн бүхэн манай хэлээр ярьдаггүйн цаад учир ч үүнд оршвой. Тусгаар улс байхын дархлаа нь нутаг дэвсгэр, хэл хоёр байдаг болохоор эх хэлээ өөд нь өргөж, өөрийн юм шиг нандигнан  “зарж”   юмтай хүн шиг эх хэлээрээ бахархаж явья даа.

Хэл бол  хаяг шошгон дээр нь хугацаа заасан хүнсний бүтээгдхүүн биш,  хэл бол  нар салхинд гандаад  урагдаж ноордог гэрийн цагаан бүрээс биш, хэл бол  овоо  толгой дээр орхиод явсан хадаг  яндар биш.  Хэл хуучирдаггүй. Хэрэглэх  тусам   гялалздаг “амьд” үйлдэл юм. Сүүлийн үед  “амьд”  юмыг хүмүүс их хүсэж байна. Ямартаа л  “амьд” тоглолт,  “амьд” яриа, “амьд”-аар нь харлаа гэх үгс  бидний харилцааны орчинд шургалах вэ дээ.  Амьдын эсрэг  “үхсэн” гэдэг үг бэлхнээ байгаа шүү дээ...  Монголчууд  “үхсэн амьд нь мэдэгдэхгүй юм” гэж ундууцдаг даа. Энэ ямар үед хэрэглэдэг  хэлц вэ...Ийм л байдаг. Ер нь  “амьд хэл” гэж байдаг юм шүү. Тэр нь  одоон цагт хэрэглээний үүргээ гүйцэтгэж байгаа хэлийг л нэрлэж байгаа юм.  Оросын нэрт толь зохиогч Сергей Июанович Ожеговын   “Амьд хэлний толь” гээд  шар хавтастай  толь бичгийг бид үздэг  үг олдог байсан. Тайзан дээр өөрсдөө ирээд дуулж хуурдаж байгааг нь амьд,  дуулж байгаа эзэн нь амьд байгаа мөртлөө бичлэгээр түүнийг сонсож байгаа нь  “үхсэн” болж таарах нь ээ дээ... Энэ оновчгүй зүйрлэл юу хэлээд байгаа юм. Нэг зүйлийг хүсээд байгаа юм. Түүнийг нь л олж харах хэрэгтэй. Үнэндээ бол  бодит тоглолт, бодит бус тоглолт гэхэд ойлгогдохоор л байх юм аа...Бодитой юм бодьгүй юм гэсэн ухагдахуун эх хэлэнд минь бий шүү дээ...

Энэчлэн яриад байвал гараад байхаар  эмзэг зүйлүүд жишээ эргэн тойрон л байх юм.  Хольж ярьдаг  дутагдлаа л  засчихвал эх хэлээ хайрлахад  мөн ч их хөрөнгө оруулалт болно доо. Аргагүй юм гэж бий... Монголчуудын ахуй, түүхэнд огт байгаагүй ёс заншил, эдлэл хэрэглэл, нэр ус  заасан  ухагдхууныг бид тэр л хэлээр нь  ярихаас өөргүй л дээ. Хэлний минь санд орлуулж болох утга байгаа бол заавал тэр чигээр нь авч байх  ямар хэрэг байна. Аль нэг Иваныг, аль нэг Жоржийг  бид  монголчилж болдоггүй шиг тийм гарцаагүй зүйл байна. Хүний нэр уснаас эхлээд  хүрч болдоггүй зүйл байна. Үүнийг ялгаж салгамаар байгаа юм. Энэ бол бас л хэлээ хайрлах нэг сэжүүр нь юм.  Эх хэлээ  эдэлж хайрлая. Морио сайхан унадаг хүн гэж ярьдаг. Хувцасаа сайхан өмсдөг хүн гэж хэлэлцдэг. Түүн лугаа эх хэлээрээ сайхан ярьж  бичиж хайрлая.  “Хоёр анжис” гээд нэг шүлэг байдаг даа. Эдлээд л газраа хагалаад л байвал  гялалзаад байдаг зүгээр л хашаанд хэвтээд байвал зэврээд л байдаг тухай. Үнэндээ тэр нь угтаа анжисаар төлөөлүүлэн ажилсаг байхыг сургасан л  шүлэг шүү дээ... Үүн лугаа эх хэлээ гялалзтал хайрлая.  Эх хэл бол эдэлж байж  хөдөлгөөнд байж л хайрлагддаг онцлогтой  юм даа. Илжиг модон хударгандаа гэдэг дээ...

2015 оны 10 дугаар сар 28


Эх хэлээ хайрлая буюу Илжиг модон хударгандаа...  
Үзсэн: 5241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-30 21:33
чадахаар нь, хөрөнгө мөнгө зарахгүйгээр нь хямарч байгаа дээрээ хэлээ хайрлаад өнгө ортол нь хэрэглээд эдлээд өгье

Бидэнтэй нэгдээрэй