
“Мiss Mongolia-2013” тэмцээн амжилттай болж өндөрлөв. Эх дэлхийн хөрсөнд өнгө өнгийн цэцэгсийг гайхуулан ургадаг нэгэн шигтгээ бол яах аргагүй охид, эмэгтэйчүүд маань байдаг билээ.Үзэсгэлэн төгөлдөр хийгээд ариун тансаг бүхний илэрхийлэл болсон бүсгүй хүний хөнгөн гишгээ, хөлийн тавилтаар гоо сайхан гэгч улам тодордог билээ.
Ингээд тус тэмцээний үйл явцаас сурвалжилсан гэрэл зураг, сэтгэгдлийг хүргэж байна.
Н.АНУ: Би баярлаж, гунисан үедээ шүлэг бичдэг
Монголынхоо “Тэргүүн мисс” болсонд баяр хүргэе. Энэ агшинд төрж буй баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
“Miss Mongolia-2013” тэмцээнийн “Тэргүүн мисс” боллоо, үнэхээр маш их баяртай байна. Сэтгэл догдлол маань дээд хэмжээндээ хүрсэн байсан. Учир нь өөрийгөө “Тэргүүн мисс” болох болов уу, үгүй болов уу гэж эргэлзэж байснаа нуух юун (инээв)... Гэхдээ эргэлзэж байсан ч үнэхээр чадлаа. Тун удахгүй Япон улсад болох “Miss International” тэмцээнд монголынхоо нэрийг гаргах хэмжээнд амжилттай оролцоод ирнээ гэдгээ нийт ард түмэн дээ амалж байна.
Өнгөрсөн хугацаанд болсон 6 номинацийн аль төрөл нь өөрт чинь тун хэцүү байсан бэ?
“Мисс спорт”-ын төрөл нь хүнд байсан. Манай охидууд бүгд үүнд санал нэгтэй байгаа. Триатлоны гурван төрлөөр нь охид маань өөр хоорондоо өрсөлдсөн, маш хүнд байсан.
Өөрөө хэдийнээс шүлэг бичиж эхэлсэн бэ?
Би бага байхын л шүлэг бичиж, зохиож эхэлсэн. Өөрөөр хэлбэл би гунисан, баярласан үедээ болон сэтгэл догдлолоороо өөртөө шүлэг бичдэг. Энэ байдал маань өнөөдөр надад маш их хэрэг боллоо.
Шүүгчдийн зүгээс тавьсан хамгийн хэцүү асуулт ямар асуулт байсан бэ?
Шүүгчдээс надад тавьсан асуулт бусад охидуудад тавьсан асуултаас хамгийн хэцүү нь байсан гэж би хэлнэ. Яагаад гэвэл хамгийн сүүлийн асуулт нь байсан учраас (инээв)...
Нууц биш бол өөрийнхөө мөрөөдлөөс хуваалцах боломж бий юу?
Би ирээдүйд “Хүмүүнлэгийн Элч” болохыг мөрөөддөг. Мөрөөдөөд зогсохгүй, зорилгоо болгосон гэхэд болно.Мөн дэлхийд Монгол Улсаа сайхан бүхнээр нь таниулж сурталчлана гэж боддог. Хүн төрөлхтөнд Монголын тухай эерэг сэтгэгдэл төрүүлэхүйц сайхан ажлыг хийнэ гэж боддог.
Яагаад “Miss Mongolia-2013”тэмцээнд ороё гэж бодох болсон юм?
Анх хоёр жилийн өмнөөс миссийн тэмцээнд ороё гэж бодож эхэлсэн. Хоёр жилийн хугацаанд өөрийгөө сайн бэлдсэн.
Өөрөө хүн болгоны хүртээд байдаггүй “Тэргүүн мисс” боллоо. Тиймээс хамгийн түрүүнд хэнд баярлалаа гэж хэлмээр санагдах юм?
Хамгийн түрүүнд ээж, эмээ хоёртой баярлалаа гэж хэлмээр байна. Мөн намайг анхнаас нь дэмжиж тусалсан ах, эгч нар болон хайртай залуутай баярлалаа гэж хэлмээр байна. Түүнчлэн энэхүү сайхан тэмцээнийг 10 жил тасралтгүй зохион байгуулж байгаа Мисс Монголиа холбоо болон МҮОНТ-ийн нийт уран бүтээлч нарт маш их баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна.
Б.БАТТОГТОХ: Цаашдаа дэлхийн миссд оролцох хүсэл бий
“Miss Mongolia-2013” тэмцээнийн гутгаар байрыг эзэллээ, баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцааж?
Б.БАТТОГТОХ: Баярлалаа. Гэхдээ сэтгэгдэл маш өндөр байна гэж хэлж чадахгүй. Юутай ч 20 гаруй хоногийн хүч хөдөлмөр маань гарлаа. БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээндээ маш сайн бэлдэж байгаад орно гэж бодож байна. Харин маргааш дуртай юмаа идэх хүсэлтэй байна (инээв).
Мөн цаашдаа дэлхийн миссд орох зорилготой байгаа. Энэ хүслээ биелүүлэх болно. Хэдийгээр “Тэргүүн мисс”, “Дэд мисс” болж чадаагүй ч, тэргүүн гурван миссийн нэг болсон доо баяртай байна.
Өөрт чинь аль номинаци нь хэцүү байсан бэ?
Авьяас хэцүү байсан. Харин бусад нь гайгүй байсан гэхэд болно. Учир нь бусад төрөлдөө бэлтгэлээ сайн хангаж оролцсон. Тиймээс дараа дараагийн “Miss Mongolia”-д тэмцээнд дахиад оролцох ч юм билүү, үгүй ч үү би сайн мэдэхгүй л байна (инээв).
Д.БОЛОРМАА: Над шиг мундаг “уяач” монголд байхгүй байхаа...
Энэ удаагийн “Miss Mongolia-2013”тэмцээнд таны 4 шавь орсон гэж сонссон. Таны шавь ч “Тэргүүн мисс” ч болчихлоо?
Миний таван шавь энэ удаагийн тэмцээнд оролцсон. Ойрд ийм сайхан баяртай байж үзсэнгүй. Таван “морь” сойгоод, эхний дөрвөн байрыг нь миний шавь нар хүртлээ. “Морь” өөрөө их сайхан хийморьтой амьтан. Энэ талаас нь зүйрлээд хэлэхэд миний уясан, сойсон “морьд” маань бүгд дээгүүр давхилаа. Над шиг ийм мундаг “уяач” Монголд байхгүй байхаа гэж бодож байна. Маш их баяртай байна.
Би хүүхдүүдтэй маш их хайртай шүү. Багшийнхаа заасан эрдмийг сайн сурчээ. Учир нь анх удаа “Монгол модел”-ээс “Тэргүүн мисс” төрлөө шүү дээ (инээв). Энэ “Тэргүүн мисс”-ийг маш их зүтгэл, хөдөлмөрөөр авлаа гэхэд болно. Ёстой ээжийн сайн охин, багшийн сайн шавь байлаа гэж хэлмээр байна.
Н.Ану анх та нь дээр ирэхдээ ямар охин байсан бэ?
Н.Ану анх над дээр 17 настай байхдаа ирсэн. Одоо 22 настай, таван жил болжээ. Миний онц шавь байсан. Манай Н.Ануг хүмүүс андахгүй “Говь” ХК-ийн кашмерийн модел шүү дээ. Би шавиараа маш их бахархадаг. Манай охид дуудах нэрийг ээж ааваасаа авсан бол, дуурсах нэрийг өөрсдөө олоод явж чадаж байгаад баяртай байна. Н.Ану маань их дайчин, зүтгэлтэй, шургуу мөртлөө учраа мэдэхгүй охин ирж байсан (инээв). Тэгээд ч их хүлээцтэй, тэвчээртэй охин шүү дээ. Эхлүүлсэн юмаа дутуу орхидоггүй, сэтгэл зүтгэлтэй шавь минь байгаа юм. Дааж давшгүй үүрэг даалгаварыг маш сайн биелүүлдэг тулдаа л өнөөдөр “Тэргүүн мисс” болж чадлаа.


















"Miss Mongolia-2013" эргэн тойронд | ||
Үзсэн: 5835 | Mongolian National Broadcaster |