Шууд Chart

Ч.БОЛД: Киноны үйл явдал үнэн бодит түүхийг өгүүлдэг

2013-09-16 13:40:57

Маш олон хүний хүч хөдөлмөрөөр нэг жил 6 сарын хугацаанд бүтээгдсэн “Босго, Тотго” 60 ангит уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийж байна. МҮОНТ-ийн киноны уран бүтээлчдийн баг ХХЕГ-тай хамтран хил хамгаалахын 80 жилийн ойд зориулан бүтээсэн тус киноны зохиолыг Төрийн соёрхолт Д.Норов бичиж, найруулагчаар нь МҮОНТ-ийн найруулагч СТА Н.Энхтүвшин ажилласан. Киноны гол дүрийг бүтээсэн СТА жүжигчин Ч.Болдтой  киноны нээлтийн өмнө цөөн хором хөөрөлдлөө.

-Маш хүнд нөхцөлд зураг авалтууд явагдсан гэсэн. Энэ талаар ярьж өгөөч?
 
-Монголын Улсын хилийн түүх гэдэг өөрөө их хүнд байсан юм билээ. Тиймээс МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн ХХЕГ-тай хамтран бүтээсэн тус кино нь бодит үнэн, түүхэн уран сайхны кино юм. Киногоор тэрхүү хүнд хэцүү байсан түүхэн бодит үнэн үйл явдлуудыг уран сайхны байдлаар үзүүлэхийг зорьлоо. Киноны зохиол нь маш сайн зохиол болж чадсан. Д.Норов гуай агуу зохиолч шүү дээ.
 
- “Босго, Тотго” киноны гол дүрийн саналыг хэзээ хүлээж авсан юм. Мөн хичнээн дүрээс сонгогдсон бэ?
 
-Анх нэг ангит кино байх гэж бодсон. Хэдэн хүнээс намайг сонгон шалгаруулж авсныг би мэдэхгүй. Ямарч л байсан чи сонгогдсон шүү гээд тоглохоор болсон. Дөрөвдүгээр сарын 15-нд зурганд гарна гэж хэлсэн.  Тэгээд л хамтарч ажиллаж эхэлсэн дээ.
-Орон гэрээсээ олон хоног сараар хол явна гэдэг амаргүй байсан байх. Тэрхүү олон хоног сарын хугацаанд юм юм бодогдоно биз?
 
-Би энэ кинонд нэг жил нэг сар явсан. Харин кино зураг авалт нэг жил 6 сарын турш үргэлжилсэн. Түүхэн үйл явдал, тулаан болсон газруудаар явж зураг авсан. Хэцүүгүй юм гэж байхгүй, ажил болгон л хэцүү шүү дээ. Хэцүү гээд шантраад байвал сайн уран бүтээл гарахгүй. Кино бол хамтын уран бүтээл байдаг. Тиймээс манай киноны баг маш сайн бүрэлдэхүүн цугларч чадсан гэж би боддог. Ерөнхийдөө сайхан байсан. Зовж зүдрэх нь ч хаашаа юм. Гэхдээ хэцүү хэцүү зураг авалтуудтай таарсан.
 
-Тухайлбал...?
 
-Ерөнхийдөө байлдаантай хэсэг, цэрэгээ алдах. Анхны зураг авалт Мэнэнгийн застав дээр явагдсан. Ихэнхдээ шөнийн зураг авалт ихтэй. Буйрын жавар хэцүү шүү дээ (инээв). Хүйтэн гэж тамдаггүй, даараад, чичрээд л. Энэ байдлаа зураг авалтандаа мэдэгдэж болохгүй. Даарсан ч даараагүй юм шиг л тоглоно. Бас Ховд, Говь-Алтай аймгуудын халууныг хэлэх ч юм биш...
 
-Цэрэг хүний амьдралаар амьдрах ямар байна?
 
-Цэрэг тэр тусмаа хилийн цэрэг гэдэг мундаг байгууллага байдаг юм байна. Монгол Улсын халдашгүй дархан хил ямар их үнэ цэнээр олдсон юм бэ гэдгийг манай киног үзсэн үзэгчид ойлгох байх. Түүнчлэн 10 жилийн сургуулийн түүхэн хичээл болохоор тийм сайхан кино болсон гэж би хэлж чадна. Манай кинонд хилийн түүхтэй холбоотой баатарууд болон хилийн зөрчлүүд бүгд бүрэн бүтнээрээ гардаг. Монголын ард түмэнд хил гэдэг ямар байгууллага байсан юм, яаж үүсч хөгжсөн юм, өдий хүртэл ямар замналаар явж ирсэн юм зэрэг бүхий л зүйлийг манай кино үнэн бодит түүхээр нь харуулна.
-Ингэхэд өөрийнхөө тоглосон дүрийнхээ талаар манай уншигчдад ойлголт өгөхгүй юу?
 
-Ерөнхийдөө киноны маань үүх түүх үнэн бодит зүйлийг өгүүлдэг ч минийх бол уран сайхны дүр. Лувсангийн Бат гэж угсаа гарал өндөртэй хүн. Бага залуудаа баян сагсуу явсан, амьдралын эрхээр явж явж хилийн цагдаа болдог. Цэрэгт татагддаг, дараа нь хойшоогоо офицерийн сургуульд 3 жил яваад ирдэг. Тэгээд хилийн офицерийн түүх эхэлнэ дээ. Цэргүүдтэй уурлах үедээ уурлаад, хайрлах үедээ хайрлаад... Миний дүрээр дамжиж хилийн түүх гардаг юм. Улсын хэдэн баатарууд миний цэргүүд болж гардаг. Хилийн тулгаралт, Османтай байлддаг үе, Халх голын дайн гэх мэт бүх түүхэн сонирхолтой үйл явдлууд миний дүрийг дагаад өрнөдөг. Ер нь адармаатай дүр боловч, явж явж хилийн хүн болж байгаа хүний тухай бас энд өгүүлдэг. Өөрөөр хэлбэл хил байхгүй бол миний амьдрал байхгүй. Тийм онцлогтой дүр. Кино зохиол дээрээ Батын үр удам хилчин хүмүүс, удмаараа халдашгүй дархан хилийг хамгаалдаг гэр бүлийн амьдрал гардаг. Кино их сонирхолтой болж чадсан, зохиол нь ч бас сайхан бичигдсэн. Энэ кино бол текстийн сериал биш тулгаралт, дайн тулаан, хил хязгаар гэсэн 80 жилийн түүхийг харуулсан кино юм.
 
“Босго, Тотго” олон ангит уран сайхны кино өнөөдөр нээлтээ албан ёсоор хийж байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
 
-Юун түрүүнд киноны уран бүтээл дээр ажилласан киноны багийн нийт уран бүтээлчиддээ урлагийн өндөр амжилт хүсье. Та бүгдийг минь үеийн үед урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байх болтгуай. Бид том ажлын ард гарч чадлаа, чадсан шүү гэж хэлмээр байна.Мөн ХХЕГ-ын удирдлага болон хилийн цэрэг, офицеруудтай маш их баярлалаа гэж хэлье. Тэд байгаагүй бол бид энэ бүх том түүхэн уран бүтээлийн ард гарч чадахгүй байсан. Тиймээс ХХЕГ-ын болон нийт офицер, цэрэг албан хаагч нартай Хил хамгаалахын 80 жилийн ойн гал халуун баярын мэнд хүргэе. Монгол Улсын төлөө зүтгэе.

Ч.БОЛД: Киноны үйл явдал үнэн бодит түүхийг өгүүлдэг  
Үзсэн: 10403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-12-05 23:55
Сайхан кино бүтээхэд оролцож, гол дүрийг сэтгэлд хоногштол тоглосон Ч. Болд дүүдээ аз жаргал хүсье. Гэр бүлээ, охиноо хайрлаж яваарай

Бидэнтэй нэгдээрэй