Шууд Chart

Ж.Болдбаатар: Цэргийн үүрэгтний бүртгэлд хамрагдаагүй бол захиргааны хариуцлага хүлээнэ

2016-01-22 12:14:09

Нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл үргэлжилж байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа  Ж.Болдбаатараас тодрууллаа.

-Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлд хэд хүртэлх насныхан хамрагдах ёстой вэ?  

-Бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдах учиртай.

-Бүртгэлийн хугацаа дуусах дөхөж байна шүү дээ. Хүмүүс хэр идэвхтэй оролцож байна вэ?  

- Нэгдүгээр сарын 6-наас эхэлсэн бүртгэл энэ ням гараг буюу нэгдүгээр сарын 24-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар бүртгэл 85 хувьтай байна.

-Бүртгэлийн хугацааг цаашид сунгах уу. Заасан хугацаанд амжиж бүртгүүлээгүй хүнд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?  

-Энэ хугацааг сунгахгүй. Өнөөдөр 85 хувьтай байгаа юм чинь үлдсэн хүмүүс гурав хоногийн дотор бүртгүүлэх бүрэн боломжтой. Хэрэв заасан хугацаанд бүртгүүлээгүй бол Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Ойлгомжтойгоор тайлбарлавал, 50 хүртэлх мянган төгрөгийн торгууль ногдуулна.

-Иргэд бүртгүүлэхдээ хаана, ямар бичиг баримттай очих шаардлагатай вэ?  

-Бүртгүүлэх гэж байгаа хүн иргэний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг/, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд очих ёстой. Ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлж болно. Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаж иргэний цэргийн үүргээ биелүүлэхийг уриалъя.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Ж.Болдбаатар: Цэргийн үүрэгтний бүртгэлд хамрагдаагүй бол захиргааны хариуцлага хүлээнэ   
Үзсэн: 1728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй