Шууд Chart

Д.Ганпүрэв: “Морин хуур” наадам шударга болно гэдгийг итгэлтэйгээр хэлье

2016-01-25 16:12:32

“Морин хуур-2015” наадмын гала тоглолт энэ пүрэв гарагт СТӨ-нд болно. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны үүсэл, хөгжил болон дээрх наадмын талаар МХЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганпүрэвтэй ярилцлаа.

 -“Морин хуур-2015” наадам тун удахгүй болно. Энэ талаар ярихаас өмнө хоёулаа МХЗХ хэрхэн байгуулагдсан тухай яриагаа эхэлье?

-Манай холбоо 1957 онд байгуулагдсан. Бид 1900 оны эхэн үеийн Монгол Улсын хөгжлийг мэднэ. Улс орон даяар соёлжуулах аян нэлээн өрнөж малчдыг бичиг үсэгт сургаж байх үед бидний аав, ээж амьдарч байв. МХЗХ тэр үеийн малчин ардын хүүхдүүдийг соён гэгээрүүлэх үйлсэд хөтөлж өнөөдрийн Монгол хүнийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэгэхээр манай холбоо дээрх соёлын довтолгоотой салшгүй холбоотой. 1990 оноос хойш манай холбоо ТББ-ын статусаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Манай холбооны хоёр том соёлын бренд бүтээгдэхүүн бол 34 жилийн түүхтэй “Алтан намар” хөгжмийн наадам, 29 жилийн түүхтэй оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадам юм.

-“Морин хуур” наадмыг хэн анх санаачилсан юм бэ?

-Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав, МҮОНТ-ийн хөгжмийн редакцийн найруулагч Х.Нарангэрэл нар 1987 онд санаачилж, зохион байгуулсан. Түүнээс хойш нийгмийн уналт, өсөлтийн ямар ч бэрхшээл дунд завсардалгүй зохион байгуулагдсаар энэ жил 29 дэх удаагаа болох гэж байна.

-Шүүгчдээр хөгжмийн мэргэжилтнүүд л ажилласан уу?

-Энэ наадам шалгуур өндөртэй, чансаа сайтай. Наадмын зохион байгуулалтын гол хэсэг нь шүүгчид. Маш зөв шүүх ёстой. Энэ жилийн бүх бүтээлд есөн оронтой тоон түлхүүрээр кодлож шүүсэн. Шүүгчдийн хувьд 20-оос дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлага өндөртэй хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин, хөгжим судлаач болон хөгжмийн удирдаачаас бүрдсэн. Энэ жилийн хувь улсын цолтой, эрдмийн зэрэгтэй, улсад үнэлэгдэж байр сууриа зөв олсон чиг шугам сайтай шүүгчдийн багаар нэгдүгээр шатыг шүүлгэсэн. Эдгээр шүүгч хоёрдугаар шатанд шүүхгүй. МХЗХ-оос өөр шүүгчдийг томилно. Мөн нэгдүгээр шатны шүүлтүүр зөвхөн шилдэг 25 дууг сонгож шалгаруулахад зориулагдсан тул шүүгч болон оноо хоёрдугаар шатанд нөлөөлөхгүй.

-Энэ наадамд байр эзэлсэн уран бүтээлүүд ихэвчлэн олны сонорт хүрээгүй байдаг. Тэгэхээр иргэд “Хэний ч мэдэхгүй дууг оны шилдэг дуу болгох нь зохимжгүй юм” гэдэг. Ер нь нийтийн хүртээл болсон нь чанартайд тооцогддог юм уу, олонд нэг их хүрээгүй ч хөгжмийн болон шүлэг нь тансаг болсон байвал шилдгээр нэрлэгддэг үү?

-Чанар муутай ч менежмент сайн хийвэл ямар ч дуу олонд хүрдэг л дээ. Гэхдээ тэр болгоныг сайн уран бүтээл гэж хэлж болохгүй. Манайх зөвхөн шилдэг дууг тодруулах гэж байгаа болохоос биш тухайн уран бүтээлийг олонд хүрсэн үү, үгүй юу гэдгийг нь шүүхгүй. Хамгийн гол нь чанартайг нь сонгоно. Мөн байр эзэлсэн таван дууны уран бүтээлчийг зөвхөн шагнаад орхихгүй. Тэдгээр дуу энэ жилээс эхлээд цаашид хэр урт настай байхыг нь харгалзана. FM, радио, телевизүүдтэй хамтарч ажиллаад нийтэд хүрэх талд нь анхаарна. Ингэсний дараа тэрхүү дуу олны сонорт нийцсэн байвал бид шүүлтээ зөв хийжээ гэж ойлгоно.  

-Энэ жил кодоор шүүхдээ нийтэд нь хамруулж тодруулж байна. Өнгөрсөн жилүүдэд нийтийн, хүүхдийн, рок поп зэрэг төрөлд өрсөлдүүлж, есөн байр эзлүүлдэг байсан. Ингэхээр энэ жил бусад төрөл нь орхигдох, зарим уран бүтээлч нэрээ татах тал ажиглагдаж байна уу?

-Энэ наадам 1987 онд зохиогдоход тэргүүн байрт Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн “Монгол далай”, 1988 онд хөгжмийн зохиолч Б.Магсаржавын “Зүүдэн бороо”, 1989 онд төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Бирваагийн “Нарны дуулал” дуу тэргүүн байрын шагналыг хүртэж байсан. Эдгээр дуу үнэхээр чансаатай, мэргэжлийн хэмжээнд хийгдсэн. Гэтэл 1990 оноос хойш манайхан мэргэжлийн дууг сонсохоос илүүтэй нийтийн дууг сонсдог болж. Мөн поп, эстрад дуунууд байр сууриа олсон. Ийм үед олон төрлийн дуу шалгаруулах нь зөв. Гэхдээ улс орны санхүүгийн хямрал, байгууллага хоорондын хамтын ажиллагаанаас хамаарч энэ жил хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэг бас гарч байгаа тул оны шилдэг дуунд олон ангилал бий болгохгүйгээр тогтсон. Нэг л ангиллаар оны шилдэг дуу тавыг шалгаруулна.

-Сүүлийн үеийн наадам шударга бус боллоо гэх юм. Энэ жил танай холбооны удирдлагууд солигдсон болохоор арай өөр менежменттэй, шударга ажиллах байх гэсэн горьдлого төрж байна?

-Шударга шүүнэ гэдгийг хамгийн түрүүнд итгэлтэйгээр хэлье. Цаашид хийх ажил ч ил тод байна.        

-Зохиогчийн эрх зөрчсөн асуудал гарав уу?

-Гараагүй. Харин хууль ёсны дагуу онцгой эрхээ шилжүүлсэн дуу бол бий. Хөгжмийн зохиолчийнхоо дууг дуучин нь өөрийнхөө нэрээр оруулахыг оролдсон үйлдэл гарсныг бүртгээгүй. Шилдэг 25 дууг шалгаруулсны дараа “Миний дууг оруулаад өгөөч” гэсэн хүсэлтийг хэд хэдэн хүн тавьсан. Холбооны хувьд хувь хүний харилцааг салгаж ойлгоно. Бидний хувьд олон нийтийг хамарсан зохион байгуулалтын үнэ цэнэ болсон оролцогчдын итгэл хамгаас чухал тул ийм асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй.  

-Гала тоглолтод оролцох дуу тайзнаа симфони оркейстортой дуулагдах уу. Эсвэл фонаграмтай байх уу?

-Аль нь ч байж болно. Гэхдээ оркестортой байх нь илүү цэвэрхэн, гоё сонсогддогийг хөгжмийн зохиолчид маань мэдэж байгаа. Хамгийн гол нь дээрх хоёр төрлийг хослуулж болохгүй. Зөвхөн сонгосноороо л дагнах ёстой. Үүнийг би оролцогчдод ч хэлсэн. Дуучид ам барьж дуулахыг ч санал болгож байна. Шилдэг бүтээлийг тодруулах гэж байхад ийм юм байж болохгүй. Тэгвэл дуу шалгаруулах биш шоу болчихно.

-Холбооныхоо удирдлагуудын өөрчлөлтийн талаар ярина уу. Үүгээр хоёулаа ярилцлагаа өндөрлөе?

-МХЗХ-ны удирдах зөвлөлийн чуулганаар удирдлагуудаа сонгосон. Манай холбооны тэргүүнээр хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, Ерөнхий нарийн бичгийн даргаар миний бие есдүгээр сараас томилогдон ажиллаж байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Ганпүрэв: “Морин хуур” наадам шударга болно гэдгийг итгэлтэйгээр хэлье  
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй