Шууд Chart

Ж.Тунгалаг: Спортын их наадмыг олон улсын дүрэм, журмын дагуу зохион байгуулна

2016-01-27 11:45:52

Бүх ард түмний 17 дахь спортын их наадам 2016 оны нэгдүгээр сараас эхэлсэн. Энэ өдрүүдэд жүдо, бокс, чөлөөт, шатрын тэмцээн болж байна. Их наадам дөрвөн жилд нэг удаа болдог учраас Монгол Улсын Бага олимп гэж нэрлэж болох юм. Энэ талаар Биеийн тамир, спортын хөгжлийн төв /БТСХТ/-ийн Биеийн тамир, спортын албаны дарга Ж.Тунгалагаас тодрууллаа.  

-Их наадмыг зохион байгуулах хороо хурлаа хийж, наадамд оролцох спортын төрлийг сонгосон. Холбоодтой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Талуудын хүлээх үүрэг юу байгаа вэ?  

-Энэ удаагийн XIV наадмын хүрээнд спортын холбоодын үйл ажиллагааг дэмжих, бие даасан байдлыг хангах үүднээс энэ гэрээг хийж байгаа гэж ойлгож болно. Гэрээ байгуулагдсанаар тухайн холбоонд үйл ажиллагаа явуулах 3-4 сая төгрөгийн санхүүжилтийг олгож байна. Энд шүүгчийн болон спорт заал, талбайн мөнгө багтаж байгаа юм. XIV их наадмыг “Спортын төв” ордонд зохион байгуулахаас гадна “Төв цэнгэлдэх хүрээлэн”, бусад газруудад зохион байгуулна. Тухайлбал, шатар Завхан аймагт, хүндийн өргөлт Сүхбаатар аймагт, даам “Бадмаараг” төвд гэх мэтээр явагдана. Мэдээжийн хэрэг бидний зүгээс их наадмыг амжилттай зохион байгуулахад шаардлагатай бүх талын дэмжлэгийг өгч, нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган ажиллана.  

-Энэ удаагийн их наадам спорт холбоодын эрх, үүргийг нэмэгдүүлснээрээ онцлог гэсэн. Харин та XIV наадмаас юуг онцлох вэ?

-Монголын бүх ард түмний XIV их наадам тамирчид, спортын холбоодын хувьд шинэ залуу үеэ гаргаж ирэх, ирээдүйн амжилтын замыг нээх өндөр ач холбогдолтой учраас төрөөс өндөр ач холбогдол өгч байна. Тухайлбал, тухайн спортоо олон нийтэд сурталчилж, олон хүүхэд залуусыг их спортод татан оролцуулж, Монголын тамирчдын залгамж халааг бэлтгэх гол үүрэгтэйн хувьд спортын холбоод маань тухайн төрлийн спортын тэмцээнийг Олон Улсад явуулдаг журам, дүрмийн дагуу зохион байгуулна. Энэ эрхийг спортын холбоодод өгсөн. Энэ нь манай спортын хөгжилд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.

-Их наадмыг зохион байгуулах хорооны талаар танилцуулаач?   

-XIV их наадмыг зохион байгуулах хорооны даргаар ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа томилогдсон. Үүний зэрэгцээ зохион байгуулах хороонд их наадамд дээрх спортын 20 холбооны Нарийн бичгийн дарга нар орсон байгаа. Холбоодууд өөрсдөө бие даан анхан шатны тэмцээн, уралдааныг зохион байгуулаад, эндээсээ шууд их наадамд оролцохоор төлөвлөгдсөн. 

-Спортын 20 төрлийг ямар үзүүлэлтээр сонгосон юм бэ?  

-Наадам маань бүх ард түмнийх учраас үндэсний хэмжээнд, нийт хүн амын 70-аас доошгүй хувьд хөгжиж, дэлгэрсэн спортын 20 төрлийг сонгож оруулсан. Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Биеийн тамир, спортын хуулийн хүрээнд багийн, өвлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дундах спортыг тус тус дэмжих нь зүйтэй гэдэг үүднээс сонголтыг хийсэн байгаа.

Бас нэг онцлог нь наадамд оролцох тамирчдын хувьд аймаг, дүүрэг, байгууллага, клуб, оюутан, залуучуудын холбооны нэрийн өмнөөс оролцох бүрэн бололцоотой. Урьдчилсан тоогоор 5300 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлсэн.  

-Тамирчид шагналын санг сонирхож байгаа байх?

-Засгийн газрын тогтоол, Биеийн тамир спортын хуульд тус бүр заасны дагуу нэгдүгээр байр 1.5 сая, хоёрдугаар байр нэг сая, гуравдугаар байр 500 мянган төгрөг байхаар, багийн спортын үндсэн тамирчид маань мөн 1.5 сая төгрөг байхаар тусгасан. Бас Засгийн газрын шагналтай. Наадмаас 10 шилдэг спортын холбоог мөн шалгаруулна.

-Албан ёсны нээлт болон хаалт хэзээ болох тов гарсан бэ?

-Бид албан ёсны нээлтийг гуравдугаар сарын 6-нд хийнэ. Ингээд наймдугаар сарын 28-нд хаалтын ажиллагаа болохоор төлөвлөгдсөн. Энэ үеэр олимпийн маань медальтнууд төрөн гарчихсан, Бүх ард түмний XIV наадмын маань шилгүүд тодорчихсон байх учраас монголчуудын хувьд спортын олон, олон амжилтыг тэмдэглэх мөч байна гэдэгт эргэлзэхгүй байна. Наадмын дэлгэрэнгүй, албан ёсны мэдээллийг олон нийтэд хүргэх үүднээс хэвлэлийн бага хурал зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Хурлын товыг цаг тухайд нь зарлах болно.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Ж.Тунгалаг: Спортын их наадмыг олон улсын дүрэм, журмын дагуу зохион байгуулна  
Үзсэн: 880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй