
Монголын зохиолчдын хорооны ерөнхий захирал Г.Мөнхцэцэгтэй маргааш болох “Болор цом-2015” наадмын талаар ярилцлаа.
-Оны шилдэг яруу найрагчийг тодруулах “Болор цом” наадам маргааш 33 дахь жилдээ зохиогдох гэж байна. Энэ жилийнх юугаараа онцлог болох вэ?
-Сүүлийн жилүүдэд орон нутагт болсон ч энэ жил нийслэлийнхээ үзэгчдийг хүндэтгэж, Улаанбаатарт зохиохоор болсон. Тэгээд ч энэ жил хаа сайгүй цас их орсон болохоор ийм шийдвэрт хүрсэн юм. Энэ наадмын өмнө бид “Зохиолч, уншигчийн уулзалт” өрнүүлдэг байсан бол энэ жил зөвхөн наадмаа л зөв, шударга болгоно.
-БНХАУ-ын ӨМӨЗО-ны яруу найрагчид оролцох юм билээ. Тэгэхээр Монгол туургатан тал руу улам өргөжиж байна уу даа?
-Тийм. Өнгөрсөн жилээс ӨМӨЗО-ны найрагчид бүтээлээ олноор ирүүлдэг болсон. Энэ жил таван хүн эхний шалгаруулалтад шүлгээ ирүүлснээс шүүж, хоёрыг нь оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хоёр хүний бүтээл өөрийн улсдаа нэлээн үнэлэгддэг, уншигчдынхаа итгэлийг хүлээсэн юм билээ. Цаашид бусад туургатны найрагчид ч шүлгэн хүлгээ уралдуулах байх.
-Энэ жил 156 яруу найрагч эхний шатанд бүтээлээ ирүүлснээс 33-ыг нь шигшсэн гэсэн. 33 дахь жилдээ зохиогдож байгаа болохоор бэлгэдлийг нь бодож ийм тооны найрагчийг тэнцүүлсэн байх. Ер нь 156 яруу найрагч өрсөлдсөн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад их үү, бага уу?
-Дундаж үзүүлэлт. Зарим жил 200 орчим найрагч өрсөлдөж байсан удаатай. Энэхүү наадам хаана, хэзээ болохоосоо шалтгаалж, яруу найрагчид шүлгийнхээ шандсыг сорьдог ч заримд нь энэ бүхэн үл хамаарч алгасахгүй оролцдог.
-Аливаа тэмцээн шүүмжлэл дагуулдаг. “Болор цом”-ыг ч шударга болдог болов уу гэсэн хүн олон. Тиймээс шүүлтийг үзэгчдэд нээлттэй хийх боломж байдаг уу?
-Олон хэлбэрээр л шүүж ирсэн. Тодруулбал, “Болор цом”-ын эздээр, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолчдоор, орон нутагт зохиовол тухайн аймгийнх нь төлөөллөөс оруулах гэх мэт. Гэвч энэ бүхэн бүх хүнд таалагдсан удаагүй. Эртнээс ийм байсан. Хэн ч шүүж, хэн ч түрүүлсэн сөрөг яриа үргэлж гардаг. Тэгээд ч энэ арга хэмжээ уншигч, үзэгчдийг уулзуулдаг наадам болохоос тэмцээн биш гэдгийг үзэгчид ойлгох хэрэгтэй.
-Таны хувьд энэ наадамд оролцох хүсэл жил бүр төрж, уяа нь орсон морь шиг тогтож яддаг болов уу. Гэхдээ зохион байгуулж байгаа болохоор оролцохгүй байх. Ийм үед өөрийгөө хэрхэн дарж, тогтоодог вэ?
-Энэ наадам 1990 оны үеийн биднийг яалт ч үгүй гаргаж ирсэн болохоор их догдолдог. Хүүхэд байхаасаа оролцож байсан болохоор таны хэлсэн шиг уяа нь орсон морь адил тогтож яддаг шүү. Гэвч оролцох боломжгүй болохоор тухайн жилүүдийн наадмыг үзэж, оролцогчдын шүлгийг сонсож суухдаа “Би энэ жил хэрвээ оролцсон бол иймэрхүү давхих байж дээ” гэсэн таамагтай үлддэг. Гэхдээ би энэ наадмыг ард түмэндээ сайхан зохион байгуулалттайгаар хүргэх ёстой болохоор их хариуцлага үүрч явна.
-Сүүлийн жилүүдэд энэ наадмыг сонирхсон үзэгч цөөрч байна гэсэн яриа гарах юм. Хэрвээ тийм бол наадамд оролцож байгаа найрагчдын бүтээлээс үүдэж байна уу, МЗЭ-ийн хорооны менежменттэй холбоотой юу?
-Энэ наадмыг үзэх нь үзээд л явдаг нь аль эртний хэвшил шүү дээ. 1983 онд анх зохиогдсоноос хойш өнөөг хүрэхэд олон зүйл өөрчлөгдсөн. Аливаа зүйл жил ирэх тусам угаасаа өөрчлөгддөг. Гэхдээ би энэ наадмын үзэгчийг багассан гэж бодохгүй байна. Ийм бодолтой зарим хүнд “Манайхан сүүлийн үед сошиал ертөнцөд хэтэрхий дээрэлхүүлдэг болж. Тайзнаас үзэхээс илүү гэртээ сууж байгаад интернэтээр харахыг хичээж байна. Энэ л дэргэдээс нь үзэх гэсэн хүмүүсийн тоонд нөлөөлдөг болов уу” гэж хэлье. Миний хувьд энэ наадмыг 2009 оноос хойш зохион байгуулалцахад гар бие оролцож байна.
-Шагналын сангийн хувьд яриач. Уншигчид үүнийг нэлээн сонирхдог юм л даа?
-Бид энэ жил аль нэг компанийг “Манай наадмыг ивээн тэтгээч” гэж гуйгаагүй. Хэрвээ тэгж явсан бол болох байсан байх. Гэхдээ өнөөдөр эдийн засаг хаа сайгүй хүндрэлтэй байгаа болохоор бусдыг зовоохыг хүсээгүй. Тиймээс бид өөрсдийнхөө хүч бололцоо дээрээ тасалбарын орлогоо нэмж найрагчдаа урамшуулна. Шагналын санг яг тэд гэж одоо хэлэх боломжгүй.
-Сүүлийн үеийн залуус өөрсдийгөө “Яруу найрагч боллоо” гэж цээжээ дэлдэх юм. Гагцхүү тэдний бүтээлийн чанар танд ямар санагддаг вэ. Яруу найрагч гэж хэлүүлэх энэ эрхэм нэрийг мөн чанартаа хадгалж чадаж байна уу?
-Яруу найрагч бүхэн тухайн нийгмийнхээ толь байдаг. Үе болгонд олон яруу найрагч мэндэлдэг. Хамгийн гол нь тэднийг цаг хугацаа хатуу шалгуураараа авч үлдэхээ үлдэж, түлхэхийг нь зөнд нь орхидог. Би тэднийг сайн, муугаар нь ялгах эрхгүй. Харин тэд өөрсдийгөө цаг хугацааны шалгуураар таниулна.
-Та хамгийн сүүлд ямар сэдэвтэй шүлэг бичив. Эсвэл энэ их ажилд түүртээд үзэг, цаас нийлүүлж амжихгүй байна уу?
-Хүн бүхэн жаргал, зовлон, ажлын ачааллаа даах ёстой ч би заримдаа энэ бүхэнд дийлдэж, шүлгээ бичиж чадахгүй өнгөрөх өдөр олон юм. Гэхдээ шүлэг бичих надад наалдсан өвчин болохоор яаж мартах билээ.
-Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2015” наадамд таны шүлгээр бүтсэн дуу гуравдугаар байрт шалгарсан. Тэр үед би таныг “Яруу найргийн наадамд оролцохгүй байгаа ч дууны шүлгээр өрсөлдөж байгаа л юм байна” гэсэн бодолтой харж суулаа?
-Би энэ наадамд анх удаа оролцсон. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од бид хоёр хамтарч “Тавилангийн харгуй” нэртэй дуу өлгийдсөн юм. Ая нь гарсны дараа бид “Үг залгидаггүй, үгээ сонсогчдод тод гаргацтай дуулгадаг дуучнаар дуулуулах хэрэгтэй” гэсний үндсэнд гавьяат жүжигчин, дуучин Ц.Түвшинтөгсийг сонгосон. Дээрх наадамд гуравдугаар байрт шалгарна гэдэг муу амжилт биш шүү.
-Тийм шүү. Ярилцсанд баярлалаа.
Г.Мөнхцэцэг: “Болор цом” наадам болохоос тэмцээн биш | ||
Үзсэн: 2156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.