Шууд Chart

Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав

2016-02-03 12:42:59

Хууль зүйн сайд Д. Дорлигжав БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг-д ажлын айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын Хууль зүйн сайдын 2012 онд Хонконг-д хийсэн айлчлалын үеэр хоёр тал “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” болон ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрүүд байгуулахаар тохиролцсон юм.

Айлчлалын үеэр “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т  Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүйн сайд Д.Дорлигжав, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн  Аюулгүй байдлын сайд, ноён Лай Тунг-квок нар гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг-д ял эдлэж буй 26 иргэнийг дээрх хэлэлцээрийн дагуу хүсэлтээ гаргасан тохиолдолд Монгол Улсад цаг алдалгүй шилжүүлэн авч ирэх боломж бүрдэж байгаа юм.

Мөн Хууль зүйн яамны Хяналт-шилжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г. Цэцгээ, Гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн М. Мөнх-Алдар, Хонконг дахь консул Ц. Оч, дэд консул Б. Галданжамц нар чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй Монгол Улсын зургаан иргэнтэй уулзаж, тэдний хоригдож буй орчин нөхцөлтэй танилцан, хоёр орны хооронд байгуулсан ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрийн талаар тайлбарлан зөвлөгөө өглөө.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав   
Үзсэн: 1011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй