Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

2016-03-05 08:25:58

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе. 


Ерөнхий сайд Ч.Сайханбилэг интернэтийн үйлчилгээг улсын хэмжээнд ижил үнэ тарифаар хүргэхийг  үүрэг болголоо.


Энэ долоо хоногийн “Шийдлийн цаг” уулзалтаар хөдөө, орон нутагт интернэт дамжуулах сүлжээ болон үйлчилгээний үнийг бууруулах тухай ярилцлаа. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, өрх 1mbps интернэтийг 13 мянган төгрөгөөр ашиглаж байхад орон нутгийн иргэд 55 мянга, байгууллагууд 75 мянган төгрөгөөр худалдан авч байна. Орон нутгийн иргэд хотынхны хэрэглэж байгаагаас 4-5 дахин бага хурдтай интернэтийг 4-5 дахин илүү үнээр хэрэглэж байгаа юм.

Энэ зөрүүг арилгах нь зүйтэй гэж албаныхан үзэж байна. Интернэтийн сүлжээг дагаад хөдөө аж ахуйн бирж ажиллана, ноос ноолуур, махны үнэ гэхчлэн зах зээлийн мэдээлэл, цахим засаглалын үйлчилгээ авах зэрэг иргэдэд олон талын ач холбогдолтой, хөдөөгийн хөгжлийг хотынхтой ойртуулах боломж олгоно гэж Ерөнхий сайд онцолсон. Энэ асуудлыг гуравдугаар сарын 15-нд аймгийн төв, дөрөвдүгээр сарын 1-нээс сумдад нээхээр сүлжээ компаниуд, зохицуулах хороо, агентлаг ажиллах юм байна. Мөн Засгийн газрын энэ ажлыг гар утасны оператор компаниуд дэмжин идэвхтэй ажиллахыг уриалж, мобайл операторууд 4G үйлчилгээг энэ оны хоёр, гуравдугаар улиралд багтаан нэвтрүүлнэ гэсэн амлалтаа биелүүлэхийг хүслээ.


Манай улс их өрийн үлдэгдэл болох 3.8 сая ам.долларыг ОХУ-д бүрэн төллөө



Өнгөрөгч нэгдүгээр сард ОХУ-ын Төрийн дум “Орос, Монголын Засгийн газар хоорондын санхүүгийн харилцааг зохицуулах тухай хуулийн төсөл”-ийг дэмжиж баталснаар манай улсаас  ОХУ-д төлөх ёстой нийт өрийн 97 хувь буюу 174.2 сая ам.долларыг тэглэхээр болсон.Ингэснээр манай улс ОХУ-д төлөх ёстой 3.8 сая ам.доллар буюу нийт өрийн гурван хувийг энэ сард багтааж төлөх болзол хүлээсэн юм. Тэгвэл манай улс их өрийн үлдэгдэл болох 3 сая 832 мянга 515 долларыг ОХУ-д бүрэн шилжүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.


БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “Сайдын цаг” уулзалтад оролцов



“Сайдын цаг” уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг оролцов. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Ноён уул орчмын газар нутгийг УИХ-ын тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 0.04 хувиар нэмэгдүүлснийг онцолсон юм.

Мөн энэ онд Тосонбумбын нуруу, Дэлгэрхаан уул, Цагаан дэглийн агуй зэрэг нийт 1.84 сая га талбайг хамарсан газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах саналыг УИХ-д өргөн мэдүүлнэ, "Ойн цэвэрлэгээ хөтөлбөр"-ийн хүрээнд ойг эдийн засгийн эргэлтэд оруулж, 32 мянган га ойг цэвэрлэн, 1590 га талбайг улсын болон орон нутгийн төсвөөр ойжуулах ажлыг хийнэ гэв. Түүнчлэн АСЕМ-ын дээд түвшний уулзалттай холбогдуулан хурлын зохион байгуулагч, менежер, зочид буудлын менежер, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, чадавхжуулах, зочид буудлуудад зэрэглэл тогтоох ажлыг хийж байгаа аж.


А.Гантулга: Түрээсэлсэн байранд ямар нэгэн эвдрэл, гэмтэл гарвал барьцаа хөрөнгөөр нь шийдвэрлэнэ


Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн ерөнхий журмыг Барилга хот, байгуулалтын яамнаас баталсан. Нарийвчилсан журмыг хэзээ баталж, иргэдийг бүртгэх тухай Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал А.Гантулгын ярилцлагыг ЭНДЭЭС уншаарай.


Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар хэвлэлийн бага хурал хийж, “Илгээлтийн эзэн” аяныг эхлүүлж байгаагаа мэдээллээ


Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарын санаачилгаар  “Илгээлтийн эзэн” аяныг зарлалаа. Ойрын өдрүүдэд нийт нутгийг хамарсан 24-28 метр секунд хурдтай цасан шуурга шуурч байна. Завхан аймгийн хойд талын таван суманд хагас метр зузаан цас орж, зам хаагдсан. Увс, Завхан, Архангай, Сүхбаатар аймагт цас ихтэй, хаваржилт хүнд байна.Тиймээс цас их орж, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад туслах аян өрнүүлж Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” хамтарсан хандивын тоглолтоо Улаанбаатар хотоос эхлэн бүх аймагт зохион байгуулахаар болжээ. Тоглолтын орлогыг хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад тусламж болгон өгөх юм байна.


Гэрээт харуул хамгаалалтын гэрчилгээг цахимаар олгодог боллоо


Монгол Улсын Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 7 дугаар зүйл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын Код 605-ын 4 дэх заалтын дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газраас Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээг олгодог. 2016 оны нэгдүгээр сарын 25-наас эхлэн уг гэрчилгээг тус газраас цахим бүртгэлээр олгодог болсон.

Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд нь /www.ub.police.gov.mn сайт/-ын "Зөвшөөрөл" цэс рүү нэвтэрч, “SAS” програмд гэрээт харуул хамгаалалтын албаны дэлгэрэнгүй мэдээллийг байршуулах шаардлагатай юм байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших боломжтой.


Цаг агаарын мэдээ


Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. Энэ сарын 6-нд зарим газраар, 7-8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 9-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 22-27 хэм, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна  
Үзсэн: 1695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй