Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

2016-03-26 11:08:17

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.    


Ц.Элбэгдорж: Казах иргэд маань Наурызын баяраа өргөн дэлгэр тэмдэглэх үүд хаалга нээгдэж байна

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызын баяр, хаврын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Наурызын баярт зориулсан “Домборын эгшиг-2016” урлагийн тоглолтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж казах түмэнд хандаж үг хэлсэн юм. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНДЭЭС унших боломжтой.   


Д.Зоригт сайд эрчим хүчний салбарын талаар мэдээлэл хийв

Энэ долоо хоногийн “Сайдын цаг” уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцлоо. Тэрбээр Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран системийн зангилаа хэсэг болгон дээр зохицуулалтын болон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 100 тэрбум төгрөгт хүрч байсан системийн алдагдлыг тэглэж, ашигтай ажилласан гэсэн юм. “Дулааны цахилгаан станц-4”-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар нэмэгдүүлэх төслийг 2012-2015 онд, “Дулааны цахилгаан станц-3”-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх төслийг 2013-2015 онд хэрэгжүүлж ашиглалтад оруулснаар цахилгаан, дулааны эрчим хүчний өсөлтийг дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хааж ажиллах боломж бүрдсэн төдийгүй, өвлийн их ачаалалд “Дулааны цахилгаан станц-4” дээр нэг турбингенератор, нэг зуух бэлтгэлд байхаар горим төлөвлөлтийг хийсэн байна.

Мөн дулааны шугам сүлжээг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх  ажил Дорнод аймгийн Мардай-Чулуунхороот сумын 35 кВ-ын 160 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/10 кВ-ын дэд станц, мөн аймгийн Халх гол сумын 35 кВ-ын 127.1 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/15 кВ-ын дэд станцыг ашиглалтад оруулж, Хэнтий аймгийн төвийн 110/35/10 кВ-ын “Өндөрхаан” дэд станцын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэжээ.


Зуны цагийн хуваарьт шилжихийн учир...

Өнгөрсөн шөнө цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан зуны цагийн хуваарьт шилжлээ. Уншигч та бүхнийг цагаа тааруулсан гэдэгт найдаж байна. Дэлхийд ойролцоогоор 80 гаруй улс орон зуны цагийн хуваарийг ашигладаг юм байна. Зуны цагийн хуваарьт шилжихийн сул болон давуу талыг Стандартчилал, хэмжил зүйн газрын мэдээлэлд үндэслэн хүргэе. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


Баруунбүрэн суманд ямаа дөрвөн ихэрлэжээ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын хоёрдугаар багийн нутаг “Их-Ухаа” гэдэг газар хаваржиж буй Сумын манлай малчин Б.Цэцэгмаагийн хотонд ямаа дөрвөн ихэрлэсэн мэдээ байна. Бид сумын Засаг дарга Ж.Наранцэцэгтэй утсаар холбогдоход тэрбээр “Өвлийг их хатуу болно гэж хүмүүс ярьж байсан ч харьцангуй сайхан өвөл боллоо. Саяхнаас мал төллөж эхэлсэн. Мал төллөлт сумын хэмжээнд 20-30 хувьтай байна. Ер нь энэ хаврын хувьд ихэр төл их байна. Дөрвөн ихэр ишиг дөрвүүлээ эр" гэсэн юм. Харин бид малчин Б.Цэцэгмаатай холбогдоход "Одоогоор 300-гаад бог мал төллөөд байна. Эдгээрийн дунд 25 гаруй ихэр байна. Дөрвөн ихэр ишигний хувьд анх удаа ийм тохиолдол гарч байна. Манай хотонд өмнө нь мал ихэрлэж байсан ч дөрвөн ихэр гарч байсангүй. Хүмүүс бог мал ихэрлэхийг сайн л гэж ярилцдаг” гэсэн юм. Уншигч та бүхэн дөрвөн ихэр ишигний зургийг ЭНДЭЭС үзэх боломжтой.


Сүхбаатар дүүрэгт чоно хүн, мал руу дайрчээ

Баасан гарагийн өглөө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хандгайт орчимд чоно хүн рүү дайрсан тохиолдол гарлаа. Тодруулбал, уулнаас бууж ирсэн чоно хоёр хүнийг хазаж гэмтээсэн. Мөн гурван нохой, зургаан үхрийг хазаж гэмтээсэн байна. Хэрэг гарсны дараа тус дүүргийн иргэн чоныг буудаж хөнөөжээ. Чонын хүүрийг Нийслэлийн мал эмнэлэгийн газар авчран галзуу өвчний үүсгэвэр байгаа эсэхийг шинжилж байна. Хэрэг болсон газар Нийслэлийн мал эмнэлэгийн мэргэжилтнүүд ажиллаж чононд хазуулсан гурван нохойг устгалд оруулсан байна.

Харин хазуулсан зургаан үхрийг галзуугийн халдвар авсан байх магадлалтай гээд тусгаарласан бөгөөд халдвар авсан нь тогтоогдвол вакцинжуулалт хийх аж. Мэргэжилтний ярьж буйгаар галзуу өвчин туссан чоно орчны мэдрэхүй болон жолоодох чадвараа алддаг. Ингэснээр хүнээс үргэлгүйгээр суурингийн бүс нутагт орж ирж, мал, амьтан руу дайрдаг ажээ. Тиймээс тус чоныг галзуугийн үүсгэвэртэй байсан эсэхийг шинжилж буй юм байна.


Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаан байна. 27-28-нд төв, зүүн зүгийн нутгийн, 30-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 27-нд говь, талын нутгаар, 30-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна.

Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 27-28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна   
Үзсэн: 1963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй