Шууд Chart

Баруун Алтайн хаяанаас тээсэн бодол

2016-04-14 13:27:33

“Төл таван-Эрдэнэ” нэвтрүүлгийн баг энэ удаа цаст цагаан Сутай, Цамбагарав сарьдаг, Алтай Таван Богдтой орой нь зэрэгцэх Цэнгэл хайрхан, Төрийн тахилгатай Алтан хөхий, баян Хан хөхий хайрхануудын ар, өврийг дөтөлсөөр нийт 4000 орчим км замыг туулаад ирлээ. Өвлийн эхэн сараас цас зудтай, зүдрүүхэн дуулдаж байсан Увс аймгийн нутагт уулын цас одоо хэр нь гүйцэт хайлаагүй, даваа гүвээ өөд өгсөхөд бэрх байна. Харин Говь-Алтайгаас цааш Ховд аймагтай золгоход Шаргын говь, Хүйсийн говийг дэрлээд хавар сайхан болж байна. Гуравдугаар сар гарснаас хойш хэд хэдэн удаа нойтон цас орсон, мөн дөрөвдүгээр сарын эхээр хоёр ч удаа бороо оржээ.

Хүйсийн говьд сайхан хавар болж байна

Газарт хур чийг сайн байгаа учраас таана таваглаж, цагаан дэсэг голлоод, хаврын хавсарга, хуурайшилтыг үзэхгүй зунтай золгох нь гэсээр малчид ам сайтай угтаж байлаа. Малын хотонд ороход шинэ ногооны үнэр ханхийж, саяхан гарсан хурга, ишиг уургандаа цадсан налгар цаг айсуй байгаа нь сэтгэлд таатай. Бид Хүйсийн говьд нутаглаж буй Улсын сайн малчин н.Цагаан,  Ховд аймгийн Дарви сумандаа хамгийн олон тэмээ тоолуулсан н.Цогтгэрэл нарынд зочилсон юм. Хүйсийн говь нь уртаашаа 300 гаруй км үргэлжилдэг. Говь-Алтай аймгийн Дарви, Хөхморьт, Баян-Уул сумтай хил залгаад Ховд аймгийн Дарви, Чандмань сумыг хамарч Хар-Ус нуур, Дөргөн нуурын баруун хаяа хүртэл үргэлжилдэг өргөн уудам тал юм. Энэ нутгаас малч ухаан, хөдөлмөрөөрөө олон хүн төрийн дээд шагнал хүртжээ.

Ховд аймгийн Дарви сумаас л гэхэд нэгдлийн үед Хөдөлмөрийн баатар тав төрсөн гэнэ. Тэд хонь хариулж, нэгдэл нийгэмдээ олон мал өсгөжээ. Бидний сайн мэдэх алдарт хоньчин н.Цогтгэрэл баатар Алтайн уулсын салбар Сутай хайрханы зүүн хяраас Хүйсийн говийг гэтлэн нүүдэллэж өсчээ. Түүний мал хариулах арга ухаан, малч, хөдөлмөрч байдлыг нутгийнхан нь одоо хүртэл ярьж, өвлөж яваагаа онцолдог юм. Өнгөрсөн жил Говь-Алтай, Ховд аймгийн нутагт зуншлага сайхан болсон. Намар орой болтол ногооны сөл тасраагүй. Мал тарга тэвээрэг ханатал авсан тухай малчид ярьж байлаа. Өвөл ихэнх нутгаар цастай, зарим газар цасны зузаан 20-30 см хүрчээ. Гэхдээ мал тарга хүчтэй, бэлчээр өвс сайтай байсны хүчинд онд мэнд сайн оржээ. Ховд аймгийн хэмжээнд мал төллөлт гуравдугаар сарын 10-даас эхэлсэн. Одоо бог мал төллөөд дуусч байна. Харин бод мал ид төллөж байна. Ховд аймгаас хойшлохоор газар өгсүүр болж, уул, даваа ихтэй болдог. Энэ хэрээр цаг агаар сэрүүсч, цастай газрууд нэмэгдэнэ. Цамбагарав хайрханы баруун суга руу өгсөж, Бураатын даваа өөд гарахад их хэмжээний цастай байлаа.

Алтайн салбар уулсад цас хайлаагүй байна 

Гуравдугаар сарын сүүлээр орсон цас Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт их оржээ. Яг даваан дээр гарч ирэхэд тэр орчимд нутаглаж байгаа малчдын хот нь л хар харагдаж байв. Шил, талгүй шувуу суух ч бараан газар харагдсангүй. Цасанд боогдсон мал бэлчээрт гарч чадахгүй. Бэлчээртээ гарсан мал нь эргээд хотондоо орж чадахгүй, малчдын хувьд ихээхэн хүндрэлтэй байгаа нь харагдаж байсан. Хаврын тарчиг үед мал бэлчээртээ гарахгүй нэг л өнжихөд ихээхэн хохирол учирдаг. Тиймээс малчид өвлийн зуднаас хаврын хавсарга хэцүү гэж ярьдаг.

Даваанаас бууж нам дор ороход цас багасч, нимгэрсэн байсан ч хүйтэн сэрүүн хэвээрээ, голын ус гацаанаас бүрэн гараагүй байгаа нь нүдэнд тусна. Бид энэ тухай сурвалжлагыг “Монголын мэдээ” сувгийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр, “Төл таван-Эрдэнэ” нэвтрүүлгээр үргэлжлүүлэн танд хүргэх болно.

 


Баруун Алтайн хаяанаас тээсэн бодол  
Үзсэн: 1628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй