
Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Энэтхэгийн Экспорт-Импортын банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг шийдлээ.
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрөгч оны тавдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд туслахаар 1.0 тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн буйгаа мэдэгдсэн билээ. Энэ дагуу БНЭУ-аас 1.0 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон санал боловсруулах ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130 дугаар захирамжаар байгуулан ажиллаж байгаа хэмээн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газарт БНЭУ-ын Экспорт-Импорт банкнаас олгох зээлийн хэлэлцээрийг Энэтхэгийн талтай 2016 оны гуравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд хийж зээлийн нөхцөл, Экспорт-Импорт банкны зээлийн процедурын талаар хэлэлцэн, зээлийн нөхцөлийг дараах байдлаар тохиролцоод байгаа аж. Зээлийн хүү жилийн 1.75 хувь, зээлийн хугацаа 20 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, зээлийн эргэн төлөлтийн график, зориулалтыг тодорхой болгох, зориулалтын үндэслэл, тооцоо судалгааг нарийвчлан гаргах нь зүйтэй гэж, харин тус байнгын хорооны дарга Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд зээлийн зориулалтыг Засгийн газраас санал болгосны дагуу буюу зээлийн хөрөнгийг төмөр замын төслүүдийг санхүүжүүлэхээр тусгасныг дэмжих саналтай байлаа. Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа зээлийн хэлэлцээрийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Төсвийн байнгын хороо Энэтхэгээс авах зээлийн хэлэлцээрийг дэмжив | ||
Үзсэн: 500 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.