Шууд Chart

Говийн хангайн хавар

2016-05-16 16:35:06

“Эргэх дөрвөн цаг”, “Төл таван эрдэнэ” нэвтрүүлгийг бэлтгэхээр Өмнөговь аймгийн хамгийн хойд зах Гурвантэс, Сэврэй, Ноён суманд ажиллаад ирлээ. Говь нутагт хавар нэг шуураад эхэлвэл өнжиж, хоноод ч зогсохгүй сэвэлзүүлж өгдөг дөө. Бид яг л ийм үеэр нь очлоо. Аймгийн төвөөс гарахад эхэлсэн шуурга лав гурван өдөр зогсоогүй. Малчид “Хаврын тэргүүн сарын цагаан морь, хонь өдөртөө шуурчихсан 60 хоног арай шуурахгүй байгаа. Зуны тэргүүн сарынхаа шинийн 1, 2 тохирчихвол гайгүй дээ” хэмээн ярьцгааж байлаа. Биднийг замд явах үед хэдийгээр шороон шуургатай, хаврын тарчиг өдрүүд байсан ч гэсэн “Хөдөө л сайхан амьдрал байна. Хэдэн жилийн өмнөх сумын амьдрал өөр болж” гэсэн гэгээлэг сайхан бодолтойгоор жолоогоо эргүүлсэн юм. Хэдэн км үргэлжлэх говийн заган шугуй, хойноосоо урагшаа сунаж тогтсон Хонгорын элсэнд дахиад хэд хономоор л санагдаж байлаа. Энд байгалийн үзэсгэлэн, хүний сайхан сэтгэл сүлэлдэн оршдог бус уу.  

Хонгорын элс

Гурвантэс сум аймгийн төвөөс 300 орчим км. Суурингийн хүн ам уугуул, суугуултайгаа нийлээд 9 мянга давжээ. Нутаг дэвсгэрийнхээ хувьд Монгол орны хамгийн том сум. Хэмжээгээр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэртэй тэнцдэг хэмээн нутгийнхан ярьж байна. Энэ суманд сүүлийн 4 жилийн хугацаанд хүн амын төвлөрөл ихээр бий болжээ. Хоёр жилийн өмнө Гурвантэс суманд ирж байсан хүнийг яриаг сонсоход сумын өнгө төрх үнэхээр өөр болсон юм билээ. Засмал замтай, цэцэрлэг, сургууль шинэ, айлууд нь халуун, хүйтэн устай холбогдоход бэлэн болсон гээд бүтээн байгуулалт ид өрнөж байна лээ. 2012 оноос хойш 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүний гурван тэрбум нь улсаас орж ирсэн. Бусдыг нь сумын удирдлагууд өөрсдөө олсон байгаа юм. Энэ бол сайн үзүүлэлт. Саяхан ашиглалтад орсон сумын цэвэрлэх байгууламж хоногтоо 300 тонн бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай. Ингэснээр суманд амьдарч байгаа 200 айл хананаас халуун ус авч, гэртээ ариун цэврийн өрөөтэй болох боломжтой болжээ. Хотынхны мөрөөддөг хаус хороолол удахгүй энэ суманд баригдаж эхлэх гэнэ. Гэхдээ үнэ нь хоёр дахин хямд. Газар нь үнэгүй, инженер шугам нь бэлэн байхад дээр нь барих байшин хямд байх нь ойлгомжтой. Сумын  хөгжлийг хараад хөдөө гарч амьдармаар л санагдаж байлаа.

Өмнөговийхон мод их тарьж, ургуулж байгаа сайн жишээ бас байна.  Гурвантэс сумын малчин С.Сугарынд очиход өөрийнхөө гараар бий болгосон ойн төгөлдөө биднийг урьсан юм. Тэр “Би сумын төв ороод хүнсэндээ их бага зүйл худалдаж авна. Элсэн чихэр, цагаан будаа хоёрыг л аргагүй эрхэнд авч байна. Бусдыг нь би гэрийнхээ хаяанд тарьж болмоор санагдаад байгаа юм” гэж билээ. Хаваржааныхаа дэргэд хайлаас, улиаснаас эхлээд жимсний мод хүртэл тарьж үзсэн байгаа юм. Элс, шороо шуурсан говьд шүү дээ. Ер нь говийн хөрсөнд тарьсан болгон л ургадаг гэж байна лээ. С.Сугар “Гэнэтийн аюулт үзэгдэл л болчихгүй бол хэр барагтай зуданд хэдэн малаа тавиад туучихгүй. Өвөл цас орохоор модныхоо навчийг малдаа өгөхөд долоо хоногийн  өл даана. Сүүлийн үед цаг агаарын нөхцөл байдал өөрчлөгдөж, ган, зудын давтамж ойртох боллоо. Дээр нь уул уурхай малын бэлчээр их шахаж байна. Малчид мал маллаад л амь зуухад хэцүү болж байна шүү” хэмээн ярьж байлаа. Улаанбаатар хотод мод тарих гээд будилж байхад Говийн малчин төгөл байгуулчихсан байна.
Хөдөө сайхан амьдрал байна. Мах, сүү бэлэн. Одоо хүнснийхээ бүх төрлийн ногоог тарьчихна.
Гурвантэс, Ноён, Сэврэй сум нь говьдоо хангай нь юм билээ. Алтайн нурууны үргэлжлэл өндөр уул нуруутай. Хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс 1700 орчим өргөгдсөн байгалийн сонин цогцолборт газар. Өчигдөрхөн л угалз тавиад шуурч байсан газар жаахан бороо ормогц, газрын хөрснөөс чийг үнэртэж, манан татаад л, нялх ногооны үзүүр сэрвийгээд хачин гоё болчихно. Алсаас харахад буд бударгана шиг харагдах атал тулаад очиход атан тэмээ зогсож байгаа нь харагдахгүй битүү заган шугуй. Ийм газар хаана ч давтагдахгүй нь гайхалтай.

Өмнөговь аймгаас хойшлоод Ноён, Гурвантэс сумын нутгаас эхлээд Өвөрхангай аймгийн Богд сум, Баянхонгорын Богд хүртэл нэг хошуу, халхчуудын төвлөрөн суудаг гол нутаг байжээ. Монголын их Юань гүрний хүч суларч, хятадуудын цэрэгт цохигдоод, Тогоонтөмөр хаан эх орондоо ирэхдээ Хонгорын элс, Хонгорын гол орчмоор дайран өнгөрч байсан тухай түүхэнд тэмдэглэжээ. Мөн Абтай сайн хааны өргөөний буйр одоо хүртэл Сэрвэй сумын нутагт байдаг юм байна. Өөрөөр хэлбэл одооны гурван аймгийн нутаг нэг хошуунд харьяалагдаж байсан байгаа юм. Бас л өргөн уудам нутаг шүү.  Хаад ноёдууд энэ нутгаар төвлөрч нутаглаж байсан учраас уран дархчууд их байсан. Үүний нэг жишээ нь ноён сэврэй хийц аж. Дээхэн үед сэврэй хийцийн мөнгөн аягыг Өмнөговийн өндөр ёроолт гэж хэлдэг байжээ. Учир нь энэ нутгийн дархчуудын хийсэн мөнгөн аяга нь өндөр ёроолтой, ур ухаан нарийн шаардсан, мөнгөний орц арвинтайгаас ийнхүү онцолж байжээ. Ийм хийцээр хийсэн аяга 100 гаруй жил болоход хэвээрээ л байж байдаг тухай нутгийн уран дархан С.Эрдэнэ ярьж байлаа.

Тэрээр дөрвөн үеийн дархан. Түүний аав н.Соровшаарав гэдэг дархан хүн байсан бол С.Эрдэнээгийн төрсөн ах  төрийн дархан С.Сугир одоо хэрэглэж байгаа төрийн тамгын дардсыг сийлж байжээ. Н.Соровшааравын хүүхдүүд, ач, зээ нарын ихэнх нь гарын уртай, дархан хүмүүс байдаг тухай нутгийнхан ярьж байлаа.


С.Эрдэнээ дарханы хувьд Сэврэй сумын хийцийг Оюуны өмчийн газарт бүртгүүлж, патентийг өөртөө авч хөгжүүлж яваа юм билээ. Алт, мөнгөн эдлэл, уран дархчуудын хийцийг дарьганга, далай чойнхор ван, ноён сэврэй хийц хэмээн ангилж иржээ. Уран дархчууд тухай хүний эдэлж хэрэглэж байгаа эд зүйлсийг хараад л аль нутгийн хүн болох нь таньчихдаг байжээ. Өөр хоорондоо давтагддаггүй ийм агуу соёлыг бидний өвөг дээдэс бий болгожээ. Орчин үед хүмүүс мөнгөн эдлэлийг сонирхож, даган дуурайж хийх болсон ч, сэврэй хийцийн онцлог өдийг хүртэл хэвээр хадгалагдаж байгааг уран дархан С.Эрдэнээ ярьсан. Ер нь хэчнээн хийчээсэн ч дархан хүний бүтээлийг давтахад бэрх. С.Эрдэнээ дархан том хадаасны хэмжээтэй төмрийн үзүүр дээр Сэврэй хайрханыг нар хүрээлж байгааг сийлсэн байгаа юм. Үүнийг томруулдаг шилээр л тодруулж харахаас, нүдээр бараг харахгүй юм билээ. Ийм гайхалтай зүйлийг малчин хүн гэртээ сийлж байна гэхээр санаанд багтамгүй. Уран дархан бол яах аргагүй л удам дамждаг аж.

 


Говийн хангайн хавар   
Үзсэн: 5879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй