Шууд Chart

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга орон нутагт ажиллаж байна

2016-05-24 12:39:07

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 20-ноос эхлэн Хэнтий, Дорнод аймагт албан томилолтоор ажиллаж байна.

Томилолтын хүрээнд Хэнтий, Дорнод аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлын талаар санал солилцож мэдээлэл авсан байна. Түүнчлэн дээрх аймгуудын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ.

Өнөөдөр тус ажлын хэсэг Хил хамгаалах Ерөнхий Газрын харьяа Хилийн цэргийн 0132 дугаар анги, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын харьяа Зэвсэгт хүчний 327, 325 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчдын эрхийн хэрэгжилт, тухайн ангийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт, судалгаа хийж байгаа аж.

Комиссоос Монгол Улсын Үндсэн хууль, хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенцоор баталгаажсан хүүхдийн эсэн мэнд амьдрах, сурч боловсрох, хөгжих, оролцох, хамгаалуулах эрх, цэргийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт, судалгааны дүнг нэгтгэн жил бүр Монгол Улсын Их Хуралд өргөн барьдаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлдээ тусгах зорилгоор дээрх ажлуудыг хийж буй юм байна. Тэд маргааш Сүхбаатар аймагт ажиллана.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга орон нутагт ажиллаж байна   
Үзсэн: 1374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй