Шууд Chart

Унгарын хаалгач Габор Кирали өнөөдөр түүх бүтээнэ

2016-06-14 16:07:54

Унгарын хаалгач Габор Кирали өнөөдөр түүхийг бүтээх болно. Учир нь тэрээр Европын аваргын түүхэн дэх хамгийн ахмад (40 нас, 75 хоног) тоглогч болох юм. Өмнө нь энэ амжилтыг Германы хагас хамгаалагч Лотар Матхаус (39 нас, 91 хоног) эзэмшиж байжээ.

Тэрээр Европын аваргын түүхэн дэх хамгийн ахмад тоглогч болох юм.

Кирали Унгарын шигшээгийн урьдчилсан шатны 12 тоглолтын 10-т нь гараанд гарч тоглосон бөгөөд үүнд Норвегийн шигшээ багийн эсрэг Европын аваргын сүүлийн байрны төлөөх плэй-оффын хоёр тоглолтод нийлбэр дүнгээр 3-1-ээр хожиход үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.

Дасгалжуулагч Бэрнд Сторкд түүнийг Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох 23 тоглогчийнхоо нэгээр сонгоход ямар нэгэн эргэлзээ байгаагүй болов уу. Бэрнд Сторкд “Би үргэлж нас бол миний хувьд чухал биш гэж түүнд хэлдэг. Надад тоглогч залуухан эсвэл хөгшин байх нь хамаагүй. Тэр сайн л байх ёстой. Габор бол сайн тоглогч. Мөн тэр маш сайхан энергитэй. Энэ удаагийн тэмцээнд амжилт үзүүлэхэд бидэнд тус болох болно” хэмээн ярьжээ.

Габор бол сайн тоглогч. Мөн тэр маш сайхан энергитэй.


 
Тус багийн тоглогч Криштиан Немет бага зэргийн булчингийн гэмтэлтэй байгаа бөгөөд магадгүй өнөөдөр бид түүнийг сэлгээний бүрэлдэхүүнд харж болзошгүй. Дасгалжуулагч Бэрнд Сторкд урд шугамандаа Тамас Пришкин болон Адам Шалай хоёрын аль нэгийг мөн туслах довтлогчдоор Балазш Дзудшак, Немет, Неманиа Николич болон Даниел Боде нараас хэнийг нь сонгож тоглуулах нь толгойны өвчин болоод байна.
 

Криштиан Неметийг бид өнөөдөр сэлгээний бүрэлдэхүүнд харж болзошгүй.

Унгар Австритай тоглосон сүүлийн гурван тоглолтондоо хожигдоогүй. Хоёр хожиж, нэг тэнцсэн бөгөөд тэдний хамгийн сүүлийн томоохон тэмцээнд учраа таарч тоглож байсан нь тэртээ 1934 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолт юм. Энэ тоглолтод Австри 2-1-ээр хожиж байжээ. Унгарын шигшээ баг өмнө нь уг тэмцээнд ганцхан удаа хожиж байсан нь 1964 оны зургаадугаар сар. Тэд ЕАШТ-нд Данийн шигшээг 3-1-ээр хожсон. Харин бусад гурван тоглолтод хожигдож байсан түүхтэй.

Унгарын шигшээ баг урьдчилсан шатыг +2 гоолын зөрүүтэйгээр дуусгасан бөгөөд энэ нь бусад шигшээ тэмцээнд шалгарсан багуудаас хамгийн доор орох үзүүлэлт юм.

Бэлтгэсэн: У.Тэмүүжин

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Унгарын хаалгач Габор Кирали өнөөдөр түүх бүтээнэ   
Үзсэн: 2757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй