Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

2016-07-02 09:28:33

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.


сонгуулийн дүн

2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль энэ долоо хоногт орон даяар болж, өндөрлөлөө. Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 72.1 хувь нь саналаа өгч, МАН 63, АН 11, МАХН 1, бие даагч 1 суудал авсан. УИХ-ын сонгуулийн дүнг та бүхэн ЭНДЭЭС унших боломжтой. УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан гишүүдэд өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооноос түр үнэмлэх гардуулан өгсөн.  

НИТХ-ын нийт 45 суудлаас 34-ийг нь МАН, 11 суудлыг АН-ын нэр дэвшигчид авсан байна. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС  уншаарай.


“Чингис хаан” гран при тэмцээнийг 187 оронд шууд дамжуулж байна

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт багтдаг “Чингис хаан” гран при тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд эхлээд байна. Өчигдрөөс эхэлсэн энэ тэмцээн гурван өдөр үргэлжлэх юм. Тус тэмцээнийг МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг 187 оронд шууд дамжуулан хүргэж байна. Мөн MNB.MN сайт уншигчдадаа шууд дамжуулан үзүүлж байна.


Истанбулын халдлагад монгол иргэн өртөөгүй

БНТУ-ын Истанбул хотын "Ататюрк" олон улсын нисэх буудал дээр 2016 оны 6 дугаар сарын 28-нд орон нутгийн цагаар 20:00 цагийн үед террорист халдлага болж, 36 хүн нас барж, 147 хүн гэмтсэн хэрэг гарсан. Истанбул хотод 3500 орчим монгол иргэн оршин суудаг бөгөөд дээрх халдлагад монгол иргэд өртөөгүй гэсэн мэдээллийг Гадаад хэргийн яамнаас бидэнд ирүүллээ.


Наадмын хөтөлбөр гарлаа

Наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд хүн бүр л баяр наадмаа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх тухай боддог билээ. Тэгвэл уншигч танд Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр гарсныг дуулгах таатай байна. Та бүхэн наадмын хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНДЭЭС  уншаарай.


"ЕВРО-2016" тэмцээний шөвгийн 8 баг өрсөлдөж эхлээд байна

Франц улсад болж байгаа "ЕВРО-2016" тэмцээний шөвгийн 8 баг шалгараад байгаа. “Монголын мэдээ” суваг Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнийг албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулж байна. MNB.MN сайт мөн тоглолтыг шууд дамжуулж, тус тэмцээний эргэн тойрон дахь сонирхолтой мэдээллээс уншигч та бүхэнтэй хуваалцсаар байгаа билээ. Шөвгийн найман багийн тоглолтын хуваарийг та бүхэнд хүргэе.


Чингисийн талбайн зүүн талын замыг хаалаа

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр хамтран зохион байгуулж буй “Бэст оф Классикс” сонгодог үдшийн цэнгүүний тайз заслын ажлыг хийж байна. Үүнтэй холбогдуулан  Чингисийн талбайн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан. 2016 оны зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 3 хүртэл энэ замыг хаах юм. 


Ихэнх нутгаар хална

Уншигч та бүхэнд цаг агаарын мэдээ дуулгая. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална. Долоодугаар сарын 3-5-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар  шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна  
Үзсэн: 2707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй