Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

2016-07-10 22:19:36

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

МҮОНРТ-ийнхэн баярын хурлаа хийж, шагналын хур буулгав  

МҮОНРТ-ийн улсын баяр наадмыг угтсан баярын хурал өчигдөр боллоо. Хуралд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь, “Монголын мэдээ” сувгийн захирал Ц.Мөнхтөр, МҮОНРТ-ийн уран сайхны удирдагч Б.Баяр, Монголын радиогийн захирал Б.Баярсайхан болон уран бүтээлч, ажилчид оролцов.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь энэ жилийн эхний хагаст хийж хэрэгжүүлсэн томоохон ажлаа товч танилцуулсны дараа төрийн дээд одон медаль болон байгууллагын шагнал хүртсэн ажилчдадаа баяр хүргэж, шагнал гардуулсан юм. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Н.Баярмаа, “Алтан гадас” одонгоор Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ, “Монголын мэдээ” сувгийн редактор С.Тунгалаг, Техникийн төвийн инженер Л.Төмөрхуяг, Х.Атартунгалаг нарыг шагналаа. Харин “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар -“Монголын мэдээ” сувгийн продюсер Д.Оргил, тус сувгийн зохицуулагч Л.Мөнхцэцэг,  Үндэсний телевизийн гэрлийн мастер З.Гомбосүрэн, Үндэсний телевизийн Тайзны зохион байгуулагч С.Хулан, Техникийн төвийн техникч П.Учрал,  жолооч В.Ганбат, үйлчлэгч Б.Энхжаргал нарыг шагнав. Мөн салбарын болон байгууллагын шагналаар зарим уран бүтээлчийг шагнасан юм. Дэлгэрэнгүй мэдээг  ЭНДЭЭС унших боломжтой.  

УИХ-ын долоо дахь сонгуулийн Анхдугаар чуулган хуралдав

Өнгөрөгч зургаадугаар сарын 29-нд болсон УИХ-ын долоо дахь сонгуулийн Анхдугаар чуулганы хуралдаан энэ долоо хоногт боллоо. Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолын төслийг хэлэлцээд, нийт гишүүдийн 98.7 хувийн саналаар баталсан юм. Мөн УИХ-ын Анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг сонгосон. Нийт 86.8 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболд болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг зохион байгуулж явуулсан. Тэрбээр чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Энэ бол дээд шийдвэр. Одоо түүнийг хэрэгжүүлэх мөч эхэлж байна” гэж онцлов. Тус хуралдааны үеэр шинэ гишүүд тангараг өргөж, тугандаа мөргөсөн юм. Дэлгэрэнгүй мэдээг ЭНДЭЭС уншина уу.

УИХ-ын байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталлаа

УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан пүрэв гарагт болж, байнгын хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасны дагуу нам, эвслийн бүлэг болон тэдгээрт харьяалалгүй гишүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн Улсын Их Хурлын байнгын хорооны бүрэлдэхүүнийг тогтоох тухай тогтоол гаргадаг. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.

Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилов

Өчигдөр хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилох саналыг хэлэлцэн, дэмжлээ. Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар хүргүүлсэн саналыг Ерөнхийлөгч дэмжсэн байна. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 97.1 хувь нь дэмжин УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо.  

Нийслэлийн ИТХ-ын даргаар Ц.Сандуй сонгогдлоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан мөн энэ долоо хоногт болсон. Нийслэлийн ИТХ-ын даргад нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг нэр дэвшүүлсэн бөгөөд олонхийн саналаар сонгогдлоо. Мөн шинээр сонгогдсон төлөөлөгчдөд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэх гардуулав. Уншигч та бүхэн Нийслэлийн ИТХ-ын шинэ төлөөлөгчдийг нэрсийг ЭНДЭЭС унших боломжтой.

Мөн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн баталсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Сундуйн Батболдыг нэр дэвшүүлсэн бөгөөд төлөөлөгчид олонхийн саналаар дэмжсэн юм. НИТХ-аас гаргасан тус шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьж, албан ёсоор түүний бүрэн эрхийг баталгаажуулна.

Наадмын хөтөлбөр

Уншигч танд Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг хүргэж байна. Та бүхэн наадмын хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНДЭЭС уншаарай.

Бороо орно

Уншигч та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ дуулгая. 9, 10-нд ихэнх нутгаар, 11, 12-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9, 10-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 9-нд баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна  
Үзсэн: 1742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй