
Баяр наадмын эдгээр өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт ихэнх нутгаар орсон борооны улмаас иргэдээс ус, шаварт суусан гэсэн дуудлага ирсээр байна.
Энэ сарын 10-11-ний өдрүүдэд Онцгой байдлын албан хаагчид ус, шаварт авто машинтайгаа сууж, саатсан гэсэн дуудлагаар ажиллаж 17 авто машиныг уснаас татан гаргаж, 110 гаруй иргэнийг аюулгүй газарт нүүлгэн аюулгүй байдлыг нь ханган ажиллажээ.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр баяр, наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой байх тул усны осол, үерийн аюулаас сэрэмжлүүлж байна.
Усархаг, дуу цахилгаантай борооны улмаас манай орны ихэнх гол, мөрөн, нуур үерлэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаас эхтэй Ховд, Буянт, Завхан, Байдраг, Идэр, Эг, Орхон гол, Сэлэнгэ мөрөн, Туул, Тэрэлж зэрэг голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-97 см нэмэгдсэн байна.
Үндэсний их баяр наадмаар олон хоногийн амралт таарч байгаа тул ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар авто машинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
Түүнчлэн хүчтэй аадар бороо орох нь үерийн аюул дагуулж болзошгүй тул учирч болзошгүй эрсдлээс сэрэмжилж, голын эрэг хөндийд байрлахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Мөн улсын хэмжээнд 2016 он гарсаар усанд осолдсон гэх дуудлага 43 удаа гарч 54 хүн (хүүхэд-22, насанд хүрэгсэд-32) амь насаа алдсан байна.
Голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-97 см нэмэгдсэн байна | ||
Үзсэн: 649 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.