Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

2016-09-03 11:58:09

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлаас тоймлон уншигч танаа хүргэе.

Энэ жил 69 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна

2016-2017 оны хичээлийн жилийн нээлт энэ долоо хоногт тохиолоо. Өнөө жил улсын хэмжээнд 1300 гаруй цэцэрлэгт 240 гаруй мянган хүүхэд элсэн суралцаж байна.



Өнгөрөгч 2015-2016 оны хичээлийн жилийн байдлаар сургуулийн өмнөх боловсролд 225388 хүүхэд хамрагдсанаас 89.5 хувь болох 201834 хүүхэд цэцэрлэгт, 10.5 хувь болох 23554 хүүхэд хувилбарт сургалтын үйлчилгээнд хамрагджээ.

Харин ерөнхий боловсролын сургуулиудад 69.1 мянган хүүхэд шинээр элслээ. Өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 768 сургууль ажилласан. Тэдгээрийн 82.8 хувь нь төрийн өмчийн, 17.2 хувь нь хувийн хэвшлийн дунд сургууль юм. Энэ жил мөн таван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо.

2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 790 гаруй сургуульд 561.6 мянган сурагч суралцана. Дэлгэрэнгүй мэдээг ЭНДЭЭС унших боломжтой.

Тэмээний боловсруулаагүй ноосыг экспортын гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.



Өнгөрсөн дөрвөн жилийн байдлаар малын гаралтай түүхий эдийн экспорт нийт экспортын 6-7 хувийг эзэлж байсан бөгөөд жилд дунджаар 310 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний малын гаралтай түүхий эд экспортлосон байна. Үүний дийлэнх хэсэг буюу 60 орчим хувийг мал, амьтны самнаагүй үс, хялгас эзэлж буй юм. Манай орны хувьд малчид, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор импотлогч орноос экспортлогч орон болох бодлогыг хэрэгжүүлж, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх асуудлыг татварын бодлогоор дэмжих зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.

Д.Хаянхярваа: Цалинг бууруулахгүй байх нэгдсэн шийдэлд хүрсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн пүрэв гарагийн хуралдаанаар хэлэлцсэн "Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл болон төсвийн тодотголын асуудлаар бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийв.



Бүлгийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй байх нэгдсэн шийдэлд хүрсэн байна. Харин татвар нэмэх эсэх асуудлыг ажлын хэсэг дахин нягталж үзэхээр боллоо. Тухайлбал, онцгой албан татвар, 150 метр квадратаас дээш талбайтай орон сууц, авто машины хуучин эд анги оруулж ирдэг хувь хүн, аж ахуйн нэгж, цалингийн шаталбараас хамааралтай татварын асуудлыг дахин авч хэлэлцэхээр болсон байна.

Энэ талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бид төсвийн тодотголтой холбоотой асуудалд нэлээд анхаарал хандуулсан. Нийгэмд цалин хасах нь, татвар нэмэх нь, хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлгийг зогсоох нь гэсэн мэдээлэл түгж байна. УИХ-д өргөн барьсан төсөл хөтөлбөр эцсийн баримт биш. УИХ-аар өргөн барьсан төслийг баталж байж эцсийн шийдвэр гардаг. Өргөн барьсан төслийг эхлээд бүлэг, байнгын хороо, чуулганаар хэлэлцэж байж төсвийн тодотгол хууль болж эцсийн баримт бичиг болж гарна. Өнөөдрийн хуралд Засгийн газрын гишүүдийг байлцуулж байгаад эдийн засгийн нөхцөл боломжийн талаар ярилцлаа. Үндсэндээ Засгийн газрын оруулж ирж байгаа мөрийн хөтөлбөрийн хүрээнд авч үзэхэд эдийн засаг бидний тооцоолж байснаас харьцангуй доогуур нөхцөл байдалтай байна. Тиймээс Засгийн газрын оруулж ирж буй мөрийн хөтөлбөр бол өнөөгийн эдийн засгийн чадамжид тулгуурласан гэж ойлгох хэрэгтэй” гэв.

Нийтийн тээврийн цахим төлбөрийн карт авах, сунгах оюутнууд сургуульдаа хандана

Их, дээд сургууль, коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт хэрхэн олгох талаар Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөрийн газар болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төлөөлөл мэдээлэл хийлээ. НИТХ-аар баталсан “Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн сурагч оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам”-ын дагуу хөнгөлөлттэй зорчих эрх бүхий оюутанд карт олгох ажлыг 2016-2017 оны хичээлийн жилд дараах байдлаар зохион байгуулахаар болжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.

Малын гаралтай бүтээгдэхүүн зөөвөрлөхгүй байхыг анхаарна уу

Орон нутагт тарваган тахал гарах эрсдэлтэй болон малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотыг тойрсон бүх хяналтын цэг болон нийслэл рүү чиглэсэн бусад замууд дээр цагдаагийн алба хаагчид 24 цагийн хяналт, шалгалт хийж байна.



Нийслэлийг тойрсон Авто тээврийн шалган бүртгэх товчоодын дэргэд ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүд ажиллуулж байгаа бөгөөд иргэд, жолооч та бүхэн авто машинаа заавал халдваргүйжүүлэх нь зүйтэй юм.

Мөн гоц халдварт өвчин шүлхий бүрэн усттал илэрсэн байгаа голомтоос мал, малын гаралтай бүтээгдэхүүн зөөвөрлөн авч явахгүй байхыг анхааруулж байна.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст, 5, 6-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас орно.

Салхи 3-нд говь, талын нутгаар, 4, 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, цочир хүйтэрнэ. Өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 5-наас өдөртөө дулаарна. 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна  
Үзсэн: 1912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй