Шууд Chart

Сурагчдын нууцыг хадгалагчид

2022-06-03 14:04:53

Зөөлөн чихмэл тоглоомоор гоёсон тод өнгөтэй гоё буйдан, загварлаг ширээ, сандал, бас дээр нь эвлүүлдэг, өрдөг тоглоом. Хүүхэд гэлтгүй томчууд хүртэл тухалж суугаад хөөрөлдмөөр. Яг ийм өрөөтэй 60 гаруй улсын сургууль таван аймаг, хоёр дүүрэгт бий. Цүнх нь томдсон балчир жаалууд сониучирхан байн байн өрөөгөөр нь шагайдаг бол тэдэнд ахархсан дунд ангийнхан бие биенээ түлхэн барин ээлжлэн орох бас дуртай. Харин ахлах ангийн ах эгч нар энэ өрөөгөөр цөөхөн үзэгдэх ч ярилцах сэдэв, асуух асуулт нь “том” тул тухлавал бас чиг удна. Ингэж л өрөөгөөр нь хүүхэд холхиж, хаалга үүдийг нь онголзуулж байвал “эзэн” нь баярлана.

Хичээлийн жилийн эхэнд сурагчдын “хэн бэ” гэсэн асуултад өөрийгөө таниулах гэж хичээж байсан сургуулийн сэтгэл зүйчид өнөөдөр сурагчдын нууцыг нь чанд халгалдаг найз нь, сэтгэл засалч нь болжээ. БШУЯ-наас батлан хэрэгжүүлж байгаа “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө”-ний хүрээнд сурагч, багш, эцэг эх, сургуулийн хэрэгцээг тодорхойлж, эргэн холбогдох сэтгэл зүйн орчин бүрдүүлэхээр ажилласан. Үүний тулд сурагч, багш, эцэг эхчүүдэд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн сэтгэл зүйчдийг бэлтгэх санаачилгыг “ТХБ-II” төслийн хүрээнд загвар 30 сургууль дээр 2021-2022 оны хичээлийн жилд туршин хэрэгжүүллээ.

Монгол Улсын хэмжээнд бүх ЕБС-дад мэргэшсэн сэтгэл зүйч ажилладаг тогтолцоог бий болгох зорилгоор БШУЯ-ны удирдлага дор төслийн үндэсний түшиц байгууллага болох Боловсролын сждалгааны үндэсний хүрээлэн, орон нутгийн хэрэгжүүлэгч-Байгаль орчин мэдээлэл сургалтын төв, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, “Бадамлин” ТББ гээд төрийн, төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрээд байна. Төслийн зорилтот 6 аймаг, 2 дүүргийн 30 сургууль болон лаборатори, олон улсын хөтөлбөртэй сургуулиудад ажиллах нийт 64 мэргэжилтэн “Боловсролын сэтгэл зүйч”-ээр мэргэшин төгсөж, сургуулиудад ажиллаж байна.


СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ АВАХ НЬ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ ГЭДГИЙГ СУРГУУЛИЙНХАН ОЙЛГОСОН

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” ЕБС-ийн сэтгэл зүйч Ц.Нарангэрэл ингэж ярьж байна. 

-Анх сургуульд ирээд ажиллахад төсөөлж байснаас өөр байв уу?

-Миний хувьд ахлах, дунд ангийн сурагчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгөхөөс гадна бага ангийн хүүхдүүдэд сургалт нөлөөллийн ажлаар дамжуулан сэтгэлзүйн боловсрол олгож байна. Өмнө нь сургалтад суусан ч ажлын талбар дээр хүүхдүүдтэй ажиллахад арай өөр байсан. Сурагчид маань сэтгэл зүйч гэж бараг мэдэхгүй, сургуулийн коридороор явахаар хэн юм бол оо, хэн юм бол оо гэсэн нүдээр хардаг байсан. Эхний нэг сард хүүхдүүдээ ажиглаж танилцлаа. Сарын дараагаас ангиуддаа сургалт орж эхэлсэн. Бүх хүүхдийг нэг танхимд оруулаад сургалт явуулна гэхээр үр дүн тааруу санагдаад анги болгонтой тулж ажилласан. Өнөөдөр 9б ангид сургалт орлоо гэхэд дараа нь тухайн орсон агуулга дээрээ суурилсан сэдвээр эцэг эхчүүдтэй уулзаад харилцан уялдаа холбоотой явдаг. Энэ хугацаанд хүүхдүүд намайг сэтгэл зүйч гэж таньж мэддэг болж, та хэзээ манай ангид сургалт орох вэ, одоо ямар сэдвээр орох гэж байна, бүгдээрээ юуны талаар ярилцах вэ? гэх зэргээр нээлттэй харилцдаг болсон. Тэр тусмаа бага ангийн хүүхдүүдийн хувьд сургалт зөвлөгөөнд суухаараа илүү их нээлттэй болдог. Тэгээд гэртээ очоод аав ээжтэйгээ ярилцана. Аав ээж нь хүүхдээ дагаж ирээд уулзаж байх жишээтэй.

-Сэтгэл зүйчийн хаалгыг татаж орж ирнэ гэдэг хүүхдүүдэд тийм ч амар биш байх даа?

-Дуртай биш л болов уу. Манай өрөөнд орж ирж зөвлөгөө авдаг хүүхдүүд ихэвчлэн 6-9 дугаар ангийн охид. Хөвгүүд бас чи сэтгэл зүйчтэй уулзчих аа оръё оо, оръё гээд нэг нэгнийгээ татаж чангааж, хаалгаар түлхэлцэж байгаад орж ирдэг ч гэдэг юм уу янз бүр л байдаг. Энэ насныханд найз нөхөд, үерхэл нөхөрлөл, гэр бүлтэй нь холбоотой харилцааны асуудлууд бий. Жишээ нь ээжтэйгээ ойлголцохгүй байна, тэгээд хэлсэн чинь ээж минь надад гомдлоо гэнэ. Эсвэл найзууд маань намайг тоохгүй байгаа юм шиг гадуурхаад байна гэж ханддаг. Ярилцаад үзсэний дараа би ер нь өөрөө ингэж бодоод юм болгоныг хүндээр тусгаж аваад байгаа юм байна. Энэ чинь харилцааны энгийн хэлбэр юм байна, намайг ялгаварлаагүй, харин миний бодол юм байна гэж ойлгох тохиолдол гардаг. Бага ангийнхны хувьд ямар нэгэн байдлаар айж ичих, санаа зовох нь бага байдаг. Завсарлагаанаар ч юм уу, эсвэл хичээл орохынхоо өмнө орж ирээд манай гэрт тийм юм болоод, би ингээд гээд хамаг бүхнээ л ярьчихдаг. Харин ахлах ангийн хүүхдүүдийн хувьд сэтгэл зүйчтэй дасан зохицох үйл явц нь арай удаан. Тэд эхний улиралд над руу хандаж ирэх нь цөөхөн байсан бол одоо тантай ярилцах гэсэн юм аа гээд орж ирдэг болсон. Эхлээд айж ичиж байсан бол дараагийн удаа бие биенээсээ айж, ичихгүй уулздаг болсон.

-Сургуулийн хамт олон сэтгэлзүйчтэйгээ хэрхэн хамтарч, гар нийлж ажиллаж байна?

-Ер нь манай сургууль дээр нэг гоё давуу чанар байгаа. Хүүхдүүд нэг нэгнийгээ сэтгэл зүйчийн өрөөнд орлоо,юу ярьсан бол гэх зэргээр хувийн хэрэгт нь оролцдоггүй. Тэгэхээр ямар ч хүүхэд надтай уулзчихаад гараад явахдаа айдасгүй байна. Сэтгэл зүйчээс зөвлөгөө авч л байдаг, орж л байдаг, гарч л байдаг нь хэвийн үзэгдэл гэдгийг бүгд ойлгосон. Урт удаан хугацаанд ажиллах шаардлагатай асуудал бий л байх даа? Хэн ч намайг хайрлахгүй байна, би угаасаа өөрчлөгдөхгүй гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар өөрийгөө бусдаас тусгаарлах тохиолдлууд гардаг. Магадгүй үүнээсээ болж амиа хорлох, өөрийгөө гэмтээх тухай бодох ч юм уу. Энэ тохиолдолд хэд хэдэн удаа уулзаж ярилцсаны дараа аливаа асуудал бэрхшээлийг арай өөр өнцгөөс харах ёстой гэдгийг ойлгодог. Хамгийн үр дүнтэй зүйл нь юу вэ гэхээр тэр бүхнийгээ сэтгэл зүйчид орж ирээд нээлттэй ярьж чадаж байгаа нь хамгийн чухал.

-Таны ажил өглөөд  хэрхэн эхэлдэг бол?

-Миний хувьд өглөө сургуулийн босгоор алхаад л бүх хүүхдүүдтэйгээ мэндэлдэг. Гэтэл зарим хүүхдүүд надтай харилцахаас төвөгшөөсөн юм шиг заримдаа дуугүй өнгөрнө. Дараа нь “сэтгэл зүйчээ өглөө би харин тэгчихсэн байсан байхгүй юу” гэдэг ч юм уу өрөөгөөр орж ирээд учир байдлаа ярина. Хамгийн гол нь тухайн хүүхэд өөрөө ирэх ёстой. Ямар нэг байдлаар хүүхдийг шууд дагуулж ирэх ч юм уу, багш нь шууд сэтгэл зүйчтэй уулз гэдэггүй. Хүүхэд өөрөө л хүсч ирдэг. Энэ бол манай сургуулийн багш, ажиллагсдын баримталдаг зарчим. Чамд хэцүү байгаа бол сэтгэл зүйчтэй уулзаад үзээрэй гэж санал болгодог. Магадгүй хүүхэд зориглохгүй явсаар байгаад сарын дараа ч ирэх тохиолдол бий. 

ЕБС-д ажиллах “Боловсролын сэтгэл зүйч” бэлтгэх санаачилгыг ШХА, БШУЯ, БОАЖЯ-ны хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд туршин хэрэгжүүлсэн үр дүнгээс танилцуулж байна. 

ТОВЧХОН

  • ЕБС-дад боловсролын сэтгэл зүйч ажилласнаар нийт давхардсан тоогоор 74 000 орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлэв. Тэдний 53 мянга орчим нь сурагч, 13447 нь эцэг эх, 7535 нь багш ажилтан байна.
  • Сургуулийн сэтгэл зүйчид онцгой кейс 74-ийг илрүүлж холбон зуучлах үйл ажиллагаа явуулснаар эрсдэлт үйлдэл болохоос урьдчилан сэргийлж чаджээ.
  • ЕБС-ийн 12-р ангийн сурагчдын их дээд сургуульд элсэлтийн шалгалтын өмнөх стресс менежмент, шалгалтын үеийн сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх, “Ковид-19” халдварт цар тахлын сурагчдад үзүүлэх сэтгэл зүйн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор сурагчдад чатбокс үйлчилгээ үзүүлэв.

Сэтгэл зүйн боловсрол олгох, сэтгэл зүйн анхан шатны тест оношилгоог цахимаар хийх, шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйн болон бусад мэргэжлийн үйлчилгээтэй холбон зуучлах зэрэг ажлыг богино хугацаанд цаг үеэ мэдэрч түргэн шуурхай зохион байгууллаа. Нийт 1300 гаруй сурагчдад сэтгэл зүйн тусламж-үйлчилгээг хүргэлээ.  

Сэтгүүлч Д.Даваадулам

Нийтэлсэн: Д.Даваадулам

Сурагчдын нууцыг хадгалагчид   
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй