Шууд Chart

"Г.Бирваа-100 жил" хүндэтгэлийн тоглолт, эрдэм шинжилгээний хурал болно

2016-11-10 10:16:26

Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач Гончигийн Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "Г.Бирваа-100 жил" хүндэтгэлийн тоглолт, эрдэм шинжилгээний хурал болох гэж байна.

“Гоёхон чимэг ч юм уу даа”, “Зандан шоо”, “Дайчин нөхрийн дурсгалд” зэрэг 200-гаад дуу,  “Эрдэнэ тээлийн уянга”, “Арван танхил, гурван хашир”, “Шинэ байшинд”, “Их хурим”, “Их говийн зоригтон”, “Амьдралын улаан шугам”, “Харц хатан” зэрэг 13 жүжиг, “Аргат бяцхан баатар”, “Ишиг хөөрхөн нэр”, “Цурхай загасны тушаалаар” зэрэг 18 хүүхдийн жүжгийн хөгжим, найрал хөгжимд зориулсан 150 гаруй найруулга, симфони чуулбар, дууль, марш, гоцлол аяз 30 шахмыг туурвисан түүний бүтээлийн дээжис хүндэтгэлийн тоглолтод багтжээ.   

Монголын суу билигт хөгжмийн зохиолчдын нэг Гончигийн Бирваа агсны мэндэлсний 100 жилийн ой энэ намар өргөн дэлгэр зохион байгуулагдаж, төрсөн нутаг Баянхонгор аймагт нь “Нарны дуулал” уралдаан, кино өдөрлөг, амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдсэн билээ. Түүнчлэн Улсын драмын эрдмийн театрын тайзнаа түүний хөгжмийг нь бичсэн “Харц хатан” жүжиг тоглогдсон юм.

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Халх голын дайны анхны бүрээч, Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач Г.Бирваагийн 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал ХБК-ийн А байр концертын зааланд 2016.11.15-ны 16:00 цагт, хүндэтгэлийн тоглолт УДБЭТ-т 2016.11.22-ны 19:00 цагт болох юм байна. 


"Г.Бирваа-100 жил" хүндэтгэлийн тоглолт, эрдэм шинжилгээний хурал болно   
Үзсэн: 1165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй