2016 оны дүрс үсгээр 金 /алт, мөнгө (мөнгө төгрөгийн мөнгө)/ хэмээх ханз шалгарлаа. Энэ үсэг шалгарсныг Кёото хотын Киёомизү хийдэд зарлажээ. Япон улсад 1995 оноос эхлэн тухайн “оны дүрс үсэг”-ийг шалгаруулж эхэлжээ. Энэ шалгаруулалтыг Японы Дүрс үсгийн чадварын түвшинг тогтоох нийгэмлэг хариуцдаг бөгөөд иргэдээс ирсэн саналд үндэслэн шийддэг байна.
Жил бүрийн 12 дугаар сарын 12-нд болдог” Дүрс үсгийн өдөр”-өөр тус нийгэмлэгээс оны дүрс үсгийг зарладаг уламжлалтай. Оны дүрс үсгийг тус Киёомизү хийдийн хамба лам тусгай зассан самбар дээрх цаасан дээр бийрээр бичин нийтэд үзүүлэн зарладаг ажээ.
Энэ жил энэхүү金 буюу “алт” гэсэн утгатай үсэг шалгарсны гол шалтгаан нь “Рио 2016” олимпын наадамд Японы тамирчид урьд өмнө нь авч байгаагүй олон алтан медаль авсантай холбоотой юм байна.
Дүрс үсэг буюу ханз үсэг нь нийтийн тооллын өмнөх гуравдугаар зууны үеэс эхлэлтэй. Ханз гэдэг нь Хан гүрний үсэг гэсэн утгатай хятад үг ажээ. Кирилл үсгээс ялгаатай нь “авиа тэмдэглэх тэмдэг” биш, ухагдахууныг илэрхийлэх “дүрс” буюу “зураг” үсэг юм.
Япончууд Хятадаас энэхүү дүрс үсгийг “урвуулан” авч, өөрийн бичиг соёл болгожээ, Япон хэл ханз үсгээс гадна ханз үсгийнхээ дуудлагыг илэрхийлэн бичиж болдог, Өгүүлбэр дэх үгийг хооронд нь холбодог хирагана, катакана хэмээх үсгүүдтэй. Ханз үсэг утга илэрхийлэх “зураг” болохынхоо хэрээр хүний амьдрал, нийгэм, байгалийн элдэв үзэгдлийг илэрхийлэх томоохон "зэвсэг болдог" билээ.
Монголчууд бид монгол бичиг үсэгтэй, харамсалтай нь одоо кирилл үсэг хэрэглээд явж байна. Тухайн ард түмний өөрсдийн зохиож бүтээсэн бичиг үсэг, дуу хөгжим, ёс заншил бол тэр ард түмний амин сүнс, оршин тогтнох оюун санааны үндэс тулгуур болж байдаг. Энэ утгаараа дүрс үсэг нь бас л энэ үсгийг хэрэглэгч ард түмний оюун санааны баталгаа болж байна.
Манай улсад оны онцлох үйл явдлыг тодруулдаг шиг, Японд оны үйл явдлыг илэрхийлэх дүрс үсгийг ийнхүү ард нийтийн саналаар тодруулаад байна. Уран зургийг хүмүүс яагаад сонирхон үздэг билээ түүн шиг дүрс үсэг буюу ханз үсэг бүхний сонирхлыг татна. Тиймээс оны үйл явдлыг монгол бчигээр зураглаж үзүүлж уралдуулбал хүмүүсийн анхаарлыг ихээр татах нь дамжиггүй юм.
Судлаач, орчуулагч Д.Төмөрбаатар
2016 оны 12-р сар
2016 оны дүрс үсэг /2016 年度の「今年の漢字/ | ||
Үзсэн: 890 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.