
11 дүгээр сарын 10 буюу өвлийн тэргүүн сарын шинийн наймны билигт сайн өдрөөр Нарантуул олон улсын худалдааны төвд залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын “Илбэе” цомгийн баяр боллоо. Зах дээр цугласан хот хөдөөгийн хүмүүс хоёр дуучныг алга ташин хүлээн авч, ард олныхоо дунд ийм шинэлэг арга хэмжээ зохион байгуулсанд баяртай байлаа.
Залуу хосууд “Илбэе” цомогт 100 гаруй уран бүтээлчидтэй хамтран ажилласан бөгөөд бүхий л зүйлсээрээ бусад цомгоос ялгарч чадна гэдгийг ард олондоо танилцуулсан юм. Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос ирсэн хүн бүрийн очдог газар болох Нарантуул олон улсын худалдааны төв дээр энэ өдөр үйлчлүүлж байсан бүхий л хүмүүс болоод тус захын худалдаачид залуу дуучин МУСТА П.Идэржавхлан, залуу дуучин Д.Найдандорж, гэр бүлийн хос дуучдын нэг болох олон сайхан хит дууны эзэн Б.Оюунбат, Р.Бадралмаа нарын уран бүтээлчдийн олны дагаж дуулдаг хайртай дуунуудыг амьдаар нь сонсож алга ташилтаа харамгүй хайрласнаас гадна “Илбэе” цомгийн эзэд болох Б.Болд, Э.Чулуунчимэг нарыг тайзнаас буулгахгүй дуулуулж, даган дуулж, нэгэн өдөр дуучид үзэгчид хамтдаа баярлаж, шинэхэн цомгийг алга ташилтаар мялаасан өдөр боллоо.
Залуу дуучдын дууг чин сэтгэлээсээ сонсдог хоёр фэн нь тэдэнд 37 инчийн LCD зурагтыг бэлэг болгон өгч гэнэтийн сюрприз барьсан юм. Тэдэнд зурагт бэлэглэсэн гэр бүлийн хувьд Нарантуул олон улсын худалдааны төвд электрон барааны бизнес эрхэлдэг аж. Мөн зарим үзэгчид цомгийн дээжээс хэд хэдээр нь худалдан авч байлаа.
Олон түмний санасан санагалзсан “Насны хайр” дууг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр дахин дуулсан, олон сайхан хайрын дууг амьдруулж, хайртайгаа учирсан, хайрыг хайрладаг хэн бүхний сонсмоор тийм цомог болсон гэдгийг цомгийн баярт оролцсон хүмүүс хөөрөлдөж байсан юм. Ямартаа ч анх удаа зах дээр цомгийн баяраа хийж, анх удаа энгийн нэгэн үзэгч фэнийхээ гэр бүлээс бэлэг хүртсэн дуучдаар Б.Болд, Э.Чулуунчимэг нар нэрлэгдэх боллоо.
Хос дуучид "Нарантуул" зах дээр цомгийн баяраа хийлээ | ||
Үзсэн: 3473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.