Шууд Chart

Гологдсон зүрх - II

2017-08-14 16:02:01

Баримт эрэн сурвалжлах нэвтрүүлгийн цуврал шинэ дугаарыг сонсогчиддоо хүргэе.

Баримт1:  13 настай охиныг хойд эцэг нь бэлгийн дур хүслээ хангах зорилгоор хүчирхийлж байжээ. Түүнийг 2013 оноос эхлэн 2 жил гаруй хугацаанд хүчирхийлсэн байна.                                                              

Охиныг 1 ой 5 сартай байхад ээж нь хойд эцэгтэй нь нэг гэрт оржээ. Тэд 9 жил хамт амьдрахдаа дундаасаа 2 хүүхэдтэй болсон байна. Харин сүүлийн 2 жил гаруйн хугацаанд ээж нь тусдаа амьдрах болж. Энэ хугацаанд охин хойд эцэг, 2 дүүгийн хамт амьдарчээ. Ээж хүүхдүүдээ тэжээхийн эрхээр ууланд гарч самар, жимс түүж олон хоногоор явдаг учраас тэр болгон салсан нөхөр, хүүхдүүддээ очдоггүй байсан тухай ярьсан юм.

Тодруулбал охиныг хойд эцэг нь бэлгийн дур хүслээ хангах зорилгоор 2013 оноос хүчирхийлж байсан байна. Хохирогч охин:   

Бичлэг 1

2013 оноос манай аав намайг уруу татаж юу яадаг байсан. 

-Тухайн үед өөр хэн нэгэнд энэ тухайгаа хэлье, болохгүй зүйл шүү дээ гэдгээ мэдэж байсан болов уу? 

Хэлье гэхээр зориг хүрэхгүй. Хүнд хэлвэл хохино шүү гэдэг байсан.  Надад муухайгаар тусдаг байсан. 

-Аав чинь дарамталдаг байсан уу? Та хоёрын харьцаа ямар байсан бэ?

Дарамталдаг байсан. 

- Аав нь хоригдсон байгаа шүү дээ. Цаашдаа яая гэж бодож байна.

Цаашид 9-р ангиа төгсөөд коллежид сурч аз жаргалтай амьдармаар байна. Гэр бүлээ сайн сайхан яваасай гэж бодож байна

2013 оноос 2016 оны 9-р сар хүртэл 2 жил гаруй хугацаанд хойд эцгийн хүчирхийлэлд байсан охин эцэст нь жирэмсэн болсон тухай баримтыг бид өмнөх дугаартаа дэлгэсэн. Охин өөрийгөө жирэмсэн болсныг өнгөрсөн 9-р сард мэджээ. Харин ээжийн хувьд охиноо жирэмсэн болчихлоо гэж хэлэх тэр үед өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд болсон бүх зүйлийг олж мэдсэн байна.

Ээж нь салахдаа охиноо, хойд эцэг дээр нь үлдээчихээд явжээ. “Охиноо ингээд хойд эцэгт нь үлдээгээд явчихдаг юм байх даа” гэж тухайн үед хүмүүс гайхаж байсан. Сүүлдээ “Охиныг аав нь өвөртлөөд унтаж байдаг гэсэн. Хар багаас нь замыг нь алдуулчихлаа” гэсэн явган яриа сумын төвөөр гарах болсон гэж хөршүүд нь хэлж байсныг бид мэдээлж байсан. 

Яагаад энэ хугацаанд ээж юу ч гадарласангүй вэ? Охиноо хамгаалах боломж түүнд байсан уу? гээд олон асуулт урган гарна. Ингээд бид охины ээжтэй уулзаж ярилцсан юм.    

Бичлэг 2      

Эцсийн эцэст ийм юм болно гэж яаж санахав дээ. /Уйлав/ Гэхдээ би зөндөө л сануулдаг байлаа. Хүний хойд эцэг аюултай шүү, аав нь татаж чангаавал хэлээрэй гээд л. Би өмнө нь ерөөсөө гадарлаж байгаагүй. Би 4 охин, 4 банди төрүүлсэн. 8 сайхан хүүхэдтэй.  Санаанд ч багтаагүй.  9-р сар хавьцаа манай охин гаднаас уйлаад ороод ирсэн. Яачихваа миний охин гэсэн энд өвдөөд байна гээд л.  Би тэр үед “яанаа миний охин олгой тусчихлаа” гээл эмнэлэгт үзүүлсэн. Эмч яаралтай аваад яв гэсэн. Тэгээд үзүүлсэн чинь ийм юм болчихсон байсан. Өвдөөд байна гэдгээ хэлэхээр нь  л би мэдэж байгаа юм. Миний охин ээждээ “аав тэгээд байна” гээд хэлэхгүй яасан юм гэхээр аав битгий хэл гэсэн шүү  дээ гэж хэлсэн. Хамт амьдарч байхад надад гар хүрч зоддог байсан. Орос бакал гутлаар цохиж хамрыг минь муруйлгасан. Энэ зовлонг яана даа гээд өөрийгөө бариад л явах юм.

Үр хүүхэддээ тавих хараа хяналт сул байгаа нь ураг төрлийн хүчирхийлэл газар авах нэг шалтгаан гэж сэтгэл зүйч тайлбарлалаа. Нөгөө талаас насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэгч этгээд айлгах, сүрдүүлэх замаар өөрийн эрхшээлд бүрэн оруулдаг учраас хүчирхийлэл хаалттай хаалганы цаана олон жил үргэлжилдэг гэж Хүүхдийн эрх хамгаалал төвийн тэргүүн, хүүхэд гэр бүлийн сэтгэл зүйч Бадамцэцэг хэлсэн юм.

Бичлэг 3

Бэлгийн хүчирхийллийн асуудал бусдын өмнө ил тод үйлдэгддэггүй.  Зөвхөн үйлдэж байгаа хүн хохирогч хоёрын хооронд л явагддаг. Магадгүй яагаад эрт илрүүлсэнгүй вэ? Яагаад нэг, хоёр үйлдлийн дараа илрүүлж болоогүй юм бэ гэж асуудал гарч болох юм. Гэвч хүчингийн гэмт хэрэг дандаа заналхийлсэн шинжтэй байдаг. Хэрвээ чи үүнийг ээждээ, багшдаа,  өөр хэн нэгэнд хэлбэл чамайг ална, эсвэл хайртай дүүг чинь чам шиг болгоно гэх зэргээр  заналхийлдэг. Эсвэл хүүхдэд бэлэг сэлт, чихэр боов, хувцас хунархан гээд наад захын дутагдалтай хэрэгцээг нь өгөөд ирэнгүүт нэгэнт надад ийм юм аваад өгчихсөн юм чинь хэлэхгүй байх ёстой гэдэг ч юм уу, ер нь хүүхдийг өөрийнхөө эрх ашгийн төлөө урвуулан ашиглах маш амархан.  Судлаачийн хувьд хэлэхэд энэ асуудал нийтлэг байдаг.

Энэ оны эхний 10 сарын байдлаар 70 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Энэ бол цагдаагийн байгууллагад мэдэгдсэн тоо. Үүний цаана хичнээн хүүхэд ямар байдалтай байгааг бид мэдэхгүй. Байж боломгүй энэ хэргийг ил гаргахад иргэн хүн бүрийн үүрэг оролцоо чухал гэж хүүхэд хамгаалалын мэргэжилтнүүд хэлж байсан юм. 

  -таслал хөгжим-

                                               

Баримт 2: Охины хойд эцэг “эхний мэдүүлэг”-ээр дагавар охиноо хүчирхийлсэн гэдгээ хүлээсэн байна.  Энэ тохиолдолд 15-25 жил хүртэл хорих ялаар шийтгэх хуультай гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 

Өнөөдрийн байдлаар охины хойд эцгийг сэжигтнээр татаж, цагдан хорьсон. Тэрээр дагавар охиноо хүчирхийлсэн гэдгээ хүлээсэн байна. Насанд хүрээгүй гэдгийг нь мэдсээр байж хүчирхийлсэн нь өөрөө онц хүнд гэмт хэрэгт тооцогддог хуультай. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126-р зүйлийн 3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна.  Мөрдөн байцаагч, дэслэгч Эрдэнэбилэг:

Бичлэг 4

Яллагдагчаар татсан,  хоригдож байгаа. Удаа дараа хүчиндсэн гэх үйлдэлд МУ-ын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 126-р зүйлийн  126.3т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. 13 настай эмэгтэй нь  жирэмсэн гэдгээ 2 сартай байхдаа мэдэж эмнэлгийн байгууллагад хандсанаар энэ хэрэг үүссэн. Хохирогчийн ургийн шинжилгээний хариу гарсан. Харин эцэг тогтоох шинжилгээ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хийгдэж байна. Дүгнэлтийн хариу гараагүй.

Сэжигтэн анхны мэдүүлгээр бэлгийн харилцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэр бүлийн хүчирхийлэл ахуйн хүрээнд нууцлагдмал байдлаар явж байгаад л илэрсэн. 16 нас хүрээгүй гэдгийг нь мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол мэдээж ялтай. Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, хүсэхгүй байхад хүч хэрэглэн дарамталж бэлгийн харилцаанд оруулвал хүчиндэх гэмт хэрэг мөн.  Эцэг тогтоох шинжилгээний хариу гарчихвал эцэслэн шийдэгдэж прокурорт шилжүүлэхэд бэлэн.

13 настай охин үр зулбуулах эм уусны улмаас 9 сарын 28-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандан эмчүүлсэн тухай бид өмнөх нэвтрүүлгээр хүргэсэн. Охин жирэмсэн гэдгээ ээждээ хэлсэн даруйд ээж нь түүнд үр зулбуулах эм уулгаж улмаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очжээ. Хойд эцгийн хүчирхийлэлд бүтэн 2 жил гаруй хугацаанд байсан охин эцэст нь жирэмсэлж эмнэлэгт хандсан нь энэ.

13 настай охины хувьд хойд эцгийн эрхшээл, дарамтанд байсан учраас ээждээ хэлж чадаагүй. Харин түүний ээж хэлэхдээ би охиндоо анхааруулж байсан, хэрэв миний охиныг аав нь ямар нэг байдлаар оролдвол ээждээ шууд хэлээрэй гэж олон удаа захиж хэлсэн. Ийм юм болно гэж би зүүдлээчгүй явсан гэлээ.

Бичлэг 5

Охиныг минь яагаад ийм байдалд хүргэчихэв ээ. Яагаад уруу татав аа гэж та асуув уу?

Тэгсэн. Сонин болоод л байна лээ.

Охиных нь зан ааш хэр өөрчлөгдөж...?

Өмнө нь хүүхэд зангаараа байдаг байсан. Одоо ч гэсэн миний үгээр л дээ. Гэхдээ дэн дун болоод л сэтгэл санаа нь хямраад олон юм боддог юм шиг байна лээ.

Та энэ зовлонг биеэрээ тууллаа шүү дээ, гэр бүлд нь ийм асуудал байсныг мэдээгүй яваа ээж, эгч нарт хандаж хэлэхэд?

Дэмий юм байна аа,  эрэгтэй хүн гэдэг чинь аймар юм байна. Эмэгтэй хүн л үр хүүхэддээ анхаарал тавихгүй бол осолтой юм. Би өөрийгөө их зэмлэж байгаа. Би өөрөө л  хөдлөхгүй бол хэцүү л  дээ. Охиныхоо хичээлийг таслуулаад уул хаданд самар жимс түүгээд явах надад үнэн зовлонтой. Түүнээс бол би охиноо хажуунаасаа салгахгүй л гэж боддог. Би гэнэдчихлээ  л дээ.

 

Хүүхдэд хамгийн аюулгүй орчин байх ёстой гэр бүлд хүчирхийлэгч этгээд нуугдаж байна. Хүний эрхийн байгууллагуудад жилд дунджаар 350-400 хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн гомдол, мэдээлэл ирдэг. Харин тэдний 30 хүртэл хувь нь 14-өөс доош насны хүүхдүүд байдаг байна. Бага насны хүүхдүүдийн хувьд ихэвчлэн ураг төрлийн хүчингийн хохирогч болдог. Үүнд хэн  ч өртөж болох учраас тухайн хүүхдийг асуудалтай байгааг гадарласан бол хэн ч байсан холбогдох байгууллагуудад мэдэгдэх үүрэгтэй гэж Хүүхдийн эрх хамгаалал төвийн тэргүүн, хүүхэд, гэр бүлийн сэтгэл зүйч Бадамцэцэг тайлбарлаж байна.

Бичлэг 6

Хүчирхийллийг мэдсэн, таамагласан л бол аль болох хурдан таслан зогсоох ёстой. Олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үйлдсэн хүн бол тэртэй тэргүй хуулийн байгууллагад шалгагдаж байгаа, хэрэг шийдэгдээд л явна. Энэ төрлийн гэмт хэрэг ойролцоогоор 15-23 жилийн ял авдаг. Ийм хэд хэдэн тохиолдол байгаа. Үүнийг үйлдвэл би яах билээ гээд хуулиа мэддэг бол хүсэл зоригоо хязгаарлаж болно шүү дээ. Тиймээс хүчирхийллийн эсрэг мэдээллийг олон нийтэд энэ сум орон нутгийнхан сурталчлан таниулах ёстой.  Гэр бүлийн хүчирхийлэлд байгаа эмэгтэйчүүд өөрийгөө хамгаалж чадахгүй байгаа учраас хүүхдээ ч хамгаалах чадамжгүй байдаг. Үүнийг ойлгох  хэрэгтэй. Намайг хайрлахгүй ч гэсэн үр хүүхдээ хайрлах байлгүй дээ гэж бодоод  тэр ээж явсан байж магадгүй . Ер нь бол тийм л байдаг. Ганцхан тэр охиныг хайрлахаас  гадна тэр ээжийг чадавхжуулах ёстой. Ээж охиноо ийм байдалд орсныг мэдээд охиноо буруутгах хандлага гаргаж л байгаа шүү дээ. Тэр хоёрын харилцааг сэргээх, бие биенээ ойлгоход нь мэргэжлийн сэтгэлзүй ч зөвлөгөө өгөх ёстой.

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн суурь шалтгаан нь гэр бүлийн таагүй харилцаа байдаг. Охины хойд эцэг архи уудаг, эхнэртээ гар хүрдэг байсан тухай бид дээр баримтаар дэлгэсэн.

   -таслал хөгжим-

Ураг төрлийн хүчингийн хохирогч болсон хүүхдүүд ихэвчлэн хэн нэгний дарамт, заналхийлэлд өртдөг учраас цагдаа хүний эрхийн байгууллагуудад хандах нь ховор. Нэг хохирогчийн ард дахиад 10 хохирогч байдаг гэсэн олон улсын судалгаа ч байна. Иймээс бага насны охидыг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалахын тулд цэцэрлэгийн наснаас нь эхлэн энэ төрлийн мэдээллийг өгөх хэрэгтэй. Барууны орнуудад хүүхдийг 4-н наснаас нь эхлэн хүчирхийлэгчээс өөрийгөө хамгаалах хичээл ордог. Манай улс ч гэсэн энэ жишиг руу орох шаардлага байна гэж Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн асрамж хамгаалал, хариу үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ундраа хэллээ.

Бичлэг 7

Хүүхдийн өөрийн хувийн орон зай гэж байх ёстой. Америкад  4 настай хүүхдэд “бахирах” хичээл ордог. Тодруулбал, өөрийн хувийн орон зайд гадны хүн ойртвол чангаар бахирдаг гэсэн үг. Гэтэл манай сургалтын системд энэ хичээл дутагдалтай байдаг. Хамгийн ойрын хамаатан, ах дүү, эсвэл аав ээжийн найз нөхөд нь л өсвөр насны охидыг хүчирхийлдэг. Энэ бол нотлогдсон зүйл. Тэгэхээр бага наснаас нь охидод биеэ хамгаалах, өөрийн эцэг эхээс бусад хүмүүс биед нь хүрэхэд эсэргүүцэх хичээлийг орж байх хэрэгтэй. Ээж багш нар ч хүүхдүүддээ энэ төрлийн мэдлэгийг зааж өгөх нь зүйтэй.

Цагдаагийн ерөнхий газарт ирсэн өргөдөл гомдлоос харахад 2014 онд 90, 2015 онд 68, 2016 оны эхний 10 сарын байдлаар 70 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Охид эмэгтэйчүүд хүчирхийлэлээс яаж өөрийгөө хамгаалах вэ? Хүчирхийлэхийг санаархаж байгааг этгээдийг яаж таних вэ? Яаж хариу үйлдэл үзүүлэх вэ? Хэнд хандаж энэ тухай хэлэх вэ? Магадгүй биеийн аль хэсэгт хүрвэл хүчирхийлэх сэдэл гэж ойлгож болох вэ? гэсэн олон талын ойлголтыг тэдэнд түгээх нь хамгийн чухал байна гэж Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Азжаргал ярилаа.     

Бичлэг 8

Эмэгтэй хүүхдүүдэд үе тэнгийн хөвгүүн, насанд хүрсэн эрэгтэй ямар нэг байдлаар порно зураг, телевизийн бичлэг үзүүлэх, аль эсвэл биед нь хүрэхэд л үүнийг сэжигтэй байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ тохиолдолд эцэг эх, багш гээд   ойр дотны хүндээ хэлэх талаар зөв мэдээллийг өгч байх нь хамгийн чухал. Хүчирхийлэлд өртвөл хаана хандах,  хэнд мэдэгдэхээ мэдэж байх. Магадгүй ийм санал тавиад байвал яах юм, биед нь хүрээд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд үүнийг нуун дарагдуулах, үүнээсээ ичих зовсноор  ямар аюул учирч болох вэ гэдгийг хүүхдүүдэд  ойлгуулах  хэрэгтэй. Мөн тухайн хэрэг өөрөө шүүхийн шатанд очоод үнэн зөв шийдэгдэх хүртэл анхаарах ёстой. Орон нутагт Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрууд байдаг. Эдгээр газрууд тухайн хүүхдийн нөхцөл байдал, нийгэмшүүлэлт, сэтгэл зүйн тайвшрал, нөхөн сэргээх чиглэлээр аймаг орон нутагтаа ажиллах хэрэгтэй.

Бага насны хүүхдийг хүчирхийлдэг гэмт хэргийг таслан зогсооход насанд хүрсэн иргэн бүрийн оролцоо чухал. Бид асуудал байгааг мэдсээр байж харсаар суух уу? Бусдаас өөрийгөө хамгаалах чадваргүй бага насны хүүхдийг хамгаалах үүрэг эцэг эхэд бий. Энэ үүргээ ээж аавууд хэр биелүүлж байна вэ? Арван хэдхэн настай жаахан охидоо, хэн нэгэн хүчирхийлэгчийн хараанд өртөхөөс сэргийлэх ганцхан боломж гагцхүү та, бидний гарт байна.

Нэвтрүүлэг бэлтгэсэн: МҮОНР  “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг.

 

Нийтэлсэн: Баримт

Гологдсон зүрх - II   
Үзсэн: 4120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй