
Монголчууд эрт дээр үеэсээ бүл нэмж шинээр төрсөн хүүхдийг угаах, нэр өгөх ёсыг бэлгэ дэмбэрэлтэйгээр үйлдэж ирсэн бөгөөд одоо ч энэ уламжлал хэвээр хадгалагдсаар байна.
Хүүхдийн угаалга гэдэг нь шинээр төрсөн хүүхдийг гэр бүлдээ хүлээн авч нэр хайрлах ёслол юм. Угаалгыг ихэвчлэн эхийг амаржсанаас хойш 3 хоногийн дараа өдөр судрын сайныг харж байж үйлддэг уламжлалтай. Хүүхдийн угаалгын ёслолд зориулж бэлтгэх идээ будаа, айраг цагаа, шүүс зоог зэрэг нь нутаг нутгийн ёсонд өөр байдаг. Харин ихэнх нутагт угаалгын ёслолд зөвхөн тухайн бүл, айл гэрийнхэн цуглардаг бөгөөд хүүхдийг эх барьж авсан ээж нь хүндэт зочноор уригддаг. Хүүхдийг эрүүл мэнд өсөн бойжуулахын тулд мөн бэлгэдлийг нь бодож айраг цагаа, шөлөнд угаах ба үүний дараа арц хүжээр утан шинэ өлгийд өлгийдөж авдаг. Хүүхдэд нэр өгөхдөө цугларсан ахан дүүсээс нэр сонсож бүгдийг нь тус тусад нь цаасан дээр бичиж урьдаас бэлтгэсэн будаатай вааранд хийдэг байна. Үүний дараа хамгийн ахмад настан ваарыг хоёр гараараа нар зөв эргүүлж эхлээд гарч ирсэн цаасанд бичигдсэн нэрийг өгөх ба эрэгтэй хүүхэд бол баруун чихэнд нь, эмэгтэй хүүхэд бол зүүн чихэнд нь зөөлнөөр гурван удаа шивнэж хэлнэ. Хүүхдийн эцэг хүүхдээ дээш өргөн нэрийг нь цугларсан хүмүүст дуулдахаар чангаар гурван удаа хэлэх ба эцэст нь цугларсан ахан дүүс “адууны хүн үү, тогооны хүн үү” хэмээн асууж авчирсан бэлэг сэлтээ өгөн ерөөл хэлснээр хүүхдийг угаах ёслол өндөрлөдөг ажээ.
Хүүхдийн угаалга үйлдэх ёс | ||
Үзсэн: 17521 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.