Шууд Chart

С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар сонгогдлоо

2019-02-26 19:59:27

НИТХ-ын хуралдаан өнөөдөр /2019.02.26/ ээлжит бус хуралдаанаа хийж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг дөнгөж сая сонголоо.  Хотын даргын төлөөх энэ удаагийн сонгуульд НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон бол, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдэж, нэрээ дэвшүүлсэн.

Ийнхүү хотын даргад нэр дэвшигчийг тодруулах санал хураалт дөнгөж сая өндөрлөж, хуралдаанд оролцсон нийт 45 төлөөлөгчийн олонх буюу 25 төлөөлөгчийн саналаар НИТХ-ын дарга С.Амарсайхан  сонгогдлоо. Дүнг танилцуулбал, санал хураалтаар хүчинтэй 44 хуудас хүчингүй нэг хуудас тоологдож, НИТХ-ын дарга С.Амарсайханд 25 санал, С.Мөнхчулуунд 19 төлөөлөгч санал өгсөн байна.

С.Амарсайхан нь 1973 оны 6 дугаар сарын 13-нд төрсөн. 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөнбөгөөд эрх зүйн магистр зэрэгтэй юм.

Ажилласан байдал:

- 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан
- 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе
- 2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны Менежер
- 2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.

Гавъяа шагнал:

- 2012 онд "Алтан гадас" одон

Сонгуульт ажил:

- 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүн, НИТХ-ын даргаар тус тус ажиллаж байна. 


С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар сонгогдлоо  
Үзсэн: 1267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй