Шууд Chart

УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тайланг сонслоо

2019-05-01 07:00:09

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын биелэлтийн тайланг сонсов. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай хүнд, үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулгынхаа эхэнд, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, арилжаалах, эргэлтэд оруулах замаар иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгох нь Засгийн газрын тэргүүний зорилт болохыг дурдав. Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тус ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржид арилжаалах замаар тус ордын үнэ цэнийг өсгөж, холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл хөтөлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэхээр УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолыг баталсан юм. Тус тогтоолын мөрөөр Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэсэн бүтээн байгуулалтыг том зургаар, тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэхээ зорилт тавин ажиллаж байна гэв. Тодруулбал, үнэт цаасны зах зээлийн харилцааны эрх зүйн зохицуулалтын хүрээнд олон улсын болон дотоодын зах зээлд үе шаттайгаар үнэт цаас гаргах ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай зөвлөх үйлчилгээг үзүүлэх чадвартай гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 5 үндсэн мэргэжлийн оролцогчдыг шалгаруулсан байна.

2019 оны 2 дугаар улиралд багтааж олон улсын андеррайтер болон холбогдох хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, татварын асуудлаар дүгнэлт гаргах мэргэжлийн оролцогчдыг болон дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэхэд шаардлагатай бүх мэргэжлийн оролцогчдоо шалгаруулж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа гэв. Нүүрсний тээвэрлэлтийг шийдвэрлэхэд ач холбогдолтой автозамын төслийн хүрээнд автозамын концессыг амжилттай зохион байгуулж 2 төслийг сонгон шалгаруулаад байгаа бол Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн 435 км хүнд даацын хатуу хучилттай авто замын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна гэв. Төмөр замын бүтээн байгуулалтын хувьд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг компанийн хөрөнгийн зах зээлээс босгох хөрөнгөөр бус, харин одоогийн боломжит өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр холбогдох шийдвэрийг Засгийн газраас гаргаад буйг танилцууллаа. Түүнчлэн Тавантолгой ордыг түшиглэсэн нүүрс-химийн үйлдвэр байгуулж, түүнийг хангах эрчим хүч, усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх асуудлуудаа үе шаттайгаар судалж, төлөвлөгөө гарган ажиллаж байгааг Д.Сумъяабазар сайд танилцуулсан. 

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирт ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хүлээлгэн өгөв. Уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэх тул холбогдох бэлтгэл ажлыг хангах үүргийг Байнгын хорооны ажлын албанд өгөв. Тус ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэхтэй холбоотойгоор Авилгатай тэмцэх газраас холбогдох дүгнэлтийг ирүүлсэн байгааг Д.Дамба-Очир дарга хэлээд аудитын дүгнэлт, Засгийн газрын 4 комиссын дүгнэлт хүлээгдэж байгаа талаар мэдээлэл өгсөн.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын хүрээнд “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн тусгай зориулалтын авто зам” төслийн талаар танилцуулав. Энэхүү авто замын төслийг концессын “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тогтоолоор Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмж тусгасан. Төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг 2 үе шаттайгаар зарлан, “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” концессын гэрээг энэ оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулаад байгаа гэв. Концессын гэрээнд: Төслийн нийт хөрөнгө оруулалт 412.633.000 ам.доллартай тэнцэх төгрөгөөс илүүгүй байхаар, хугацаа 14.5 жил байхаар, авто замыг барьж дуусгах хугацаа концессын гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2.5 жил байхаар, концесс эзэмшигчийн концессын зүйлийг ашиглах хугацаа 12 жил байхаар, шинээр баригдах Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замыг зөвхөн Гашуунсухайт чиглэлд ачаа ачсан тээврийн хэрэгсэл зорчихоор, харин одоогийн ашиглаж байгаа Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто замыг ачаагүй тээврийн хэрэгсэл зорчих буцах авто зам болгохоор шийдвэрлэсэн байна. 

Мөн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “Цагаандэл уул” хилийн боомт хүртэлх авто замын төслийг концессын “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2017 оны 9 дугаар сарын 22-ны өдрийн 277 дугаар тогтоолоор Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмж тусгасан. Тус төслийн концессын гэрээг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр байгуулан ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн тусгай зориулалтын авто төслийг зураг концессын “барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусгасан. Одоогоор концессын шууд гэрээний урилгыг шинээр гаргаад байгаа аж. 

Зам, тээврийн хөгжлийн сайд үргэлжлүүлэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар танилцуулсан юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 51-ээс доошгүй хувийн эзэмшилтэй “Зүүнбаян төмөр зам” хамтарсан компани байгуулж, концессын зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж 2018 оны 05 дугаар сарын 153 дугаар тогтоол гарсан. Гэвч Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар тус чиглэлийн төмөр замыг барьж байгуулах ажлыг дээд бүтцийн ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН, ерөнхий гүйцэтгэгчээр “Монголын төмөр зам” ТӨХК, доод суурийн бүтцийг  Зэвсэгт хүчний жанжин штаб байгуулахаар шийдвэрлэн, ажиллаж байгаа гэв. 

Дараа нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулга хийв. Эрчим хүчний яамны зүгээс УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц болон нүүрс химийн үйлдвэрийг Тавантолгойн ордыг түшиглэн барих талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж заасны дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ. Өмнийн говийн уул уурхайн томоохон бүтээн байгуулалтыг дэмжих, эрчим хүчний эх үүсвэр барих чиглэлээр Мандалговь-Улаанбаатар 350 квт-ын өндөр хүчдлийн шугамын ажил дуусч байгаа гэлээ. Техникийн болон улсын комисс ажиллаж байгаа бөгөөд 06 дугаар сарын 01-ний өдөр бэлэн болгохоор ажиллаж байгааг салбарын сайд танилцуулсан. Үүний үр дүнд төвийн бүсээс Тавантолгой, Оюутолгой руу шаардлагатай хүчин чадлаар эрчим хүч нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм байна. Түүнчлэн Тавантолгой ордыг түшиглэсэн цахилгаан станц байгуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар С.Даваасүрэн сайд танилцууллаа. Энэ чиглэлээр өмнө нь “Оюутолгой Рио Тинто” компанитай “Өмнийн говийн эрчим хүчний хамтын ажиллагааны хэлцэл” байгуулагдсан байжээ. Энэ хүрээнд Оюутолгойг 4 жилийн дотор Монгол Улсаас эрчим хүчээр хангах гэсэн агуулга бүхий заалт байсан. Уг заалтыг хүчингүй болгосон байсныг түдгэлзүүлсэн гэв. Шинэ гэрээг 2018 оны 12 дугаар сард хийсэн бөгөөд ингэснээр Тавантолгой ордыг түшиглэсэн 300 мегаваттын цахилгаан станц барих, барилгын ажлыг 2020 оны 06 дугаар сараас эхлүүлэн, 2023 оны 06 дугаар сард бүрэн ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр гэрээ зурагдсан гэв. Энэ хүрээнд холбогдох талууд бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа аж. 

Монгол Улсын зүгээс төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх, өргөтгөл болон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагын талаар танилцуулсан юм.

УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх сайд нарын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, Б.Жавхлан, Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар асуулт асууж, ажлын хэсгээс дэлгэрэнгүй хариулт авлаа. Дараа нь УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Монгол Улсын эдийн засаг, экспортыг нэмэгдүүлсэн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, яаралтай эхлүүлэх, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд хугацаа алдахгүй байх, шаардлагатай бол УИХ-ын холбогдох тогтоолд өөрчлөлт оруулах, хийж хэрэгжүүлж буй ажлуудыг үр дүнтэй болгох,  чиглэлээр анхаарах зэрэг саналыг гишүүд хэлж байлаа.

Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийн тайланг сонссон бөгөөд Байнгын хорооны зүгээс УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонссонтой холбогдуулан чиглэл өгөх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв


УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тайланг сонслоо  
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй