
УИХ-ын чуулганы 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцууллаа. Тус байнгын хорооны 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хэлэлцэх явцад төслийн 3 дугаар хавсралтад дурдсан Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газрын хилийн заагийг заасан 1-21 цэгийн солбицол нь төслийн 2 дугаар хавсралтад дурдсан Завхан аймгийн Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийн заагийг заасан 1-21 хүртэлх цэгийн солбицолтой давхацсан зөрчил үүссэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтад заасны дагуу Хууль зүйн байнгын хорооноос санал, дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байна.
Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны төслийн зарим заалт хоорондоо зөрчилдсөн тухай санал, дүгнэлтийг хэлэлцээд зөрчлийг арилгахыг дэмжсэн санал, дүгнэлт гаргасан байна.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу төслийн заалт хоорондын зөрчлийг арилгахын тулд төслийн 3 дугаар хавсралтад заасан Нөмрөгийн дархан цаазат газрын цэгийн солбицлыг өөрчлөн найруулах саналын томьёоллыг боловсруулж, хэлэлцүүлэхэд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан. Гишүүд, тусгай хамгаалалтад авсан газар нутгаа хэрхэн хамгаалах, нинжа нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулсан. Мөн тогтоолын төсөлд тусгагдсан газруудыг тусгай хамгаалалтад авснаар нийт газар нутгийн хэдэн хувь тусгай хамгаалалттай бүсэд хамаарах талаар лавласан.
Хууль бусаар алт олборлогчид тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй асуудлыг таслан зогсоосон болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгээс мэдээлээд цаашид хяналт шалгалтыг илүү сайжруулж, хяналт шалгалтанд дрон ашиглах, цагдаагийн байгуулагатай хамтран ажиллах цар хүрээг нэмэгдүүлж байгаа гэсэн хариулт өгсөн.
Тогтоолын төсөлд тусгагдсан газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7 хувь, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутаг эзлэх юм байна.
Гишүүд асууж, хариулт авсны дараа Байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллоор санал хураалт явуулан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг эцэслэн баталлаа.
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа | ||
Үзсэн: 975 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.