
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн үдээс хойших хуралдаан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлангийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. УИХ-ын гишүүн М.Билэгт дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэдийг ажилтай, орлоготой байлгах зорилгоор импортын барааны татварын зохицуулалтыг хэрхэн хийж буй талаар тодруулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн тодруулсны дагуу Сангийн сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар хариулт өгөв.
Эдийн засгийн өсөлтийн үр дүнд бий болсон хөрөнгөөр улс орны гадаад, дотоод зээлийн төлбөрүүдийг барагдуулсан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэлэв. Эдийн засгийн өсөлтийн дүнд ноолуурын үнэ 3 дахин өсөөд байгаа бол махны экспорт тодорхой дүнгээр нэмэгдсэн. Эдгээр нь малчин өрхүүдэд орлогын нэмэгдэл болсон гэдгийг хэллээ. Түүнчлэн иргэдийн цалин, тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлсэн бөгөөд цаашид инфляцитай уялдлуулан нэмэгдүүлж байх шийдвэрийг гаргасан гэдгийг хэлж байв. Сангийн сайд 2019 оны улсын төсөв дэх хөдөө орон нутгийн хөрөнгө оруулалтын дүнг онцолж байсан.
Нийтдээ 3.2 их наяд төгрөгийн гадаадын зээл, тусламж, төсвийн хөрөнгө оруулалтыг орон нутагт хийхээр төсөвлөсөн бөгөөд Монгол Улсын түүхэнд энэ хэмжээний төсвийг орон нутагт төсөвлөж байгаагүй гэлээ. Энэ хөрөнгө оруулалтын үр дүнд орон нутгуудад эдийн засгийн эргэлт бий болж ажлын байр нэмэгдэх, иргэд нь цалин орлоготой болох гэх зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтойг хэлж байв. Үүнийг баталж буй дүн мэдээг тэрбээр танилцуулсан. 2018, 2019 оны төсвийн орлого бүх аймгийн хэмжээнд эдийн засгийн бүх салбараар нэмэгдэж төвлөрсөн гэв. Тодруулбал, энэ оны эхний улирлын байдлаар төсвийн орлого давж биелээд 196 тэрбум төгрөгийн ашигтай байгааг хэлж байв.
Эдийн засгийн хүртээмжийг бодитоор иргэдэд хүргэх чиглэлээр Засгийн газар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, гэртээ хүүхдээ асарч буй эхчүүдэд тэтгэмж олгох, ахмад настнуудад насны хишиг олгох, өрх толгойлсон эцэг, эхчүүдэд тэтгэмж олгохоор 2018 оны төсөвт 600 тэрбум төгрөгийг тусган, зарцуулсныг С.Чинзориг танилцууллаа.
Энэ Засгийн газар байгуулагдаад 1.6 жил ажиллах хугацаандаа төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх арга хэмжээг 2 удаа авч хэрэгжүүлсний үр дүнд төрийн албан хаагчдын дундаж цалин 26.7 хувиар өссөн байна. Мөн тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсний үр дүнд 10 хувь болгож бууруулаад байгааг салбарын сайд нь хэлж байлаа. Үргэлжлүүлэн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат нар асуулт асууж, Засгийн газрын гишүүдээс хариулт авсан юм.
Хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг бодитой, хэрэгжихүйц байдлаар төлөвлөн биелэлтэд хяналт тавих, дунд хугацаагаар буюу 4 жилээр төлөвлөж байх, улсын хөрөнгө оруулалтын төлөвлөлттэй уялдуулж байх зэрэг УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг Эдийн засгийн байнгын хороо, Засгийн газар анхаарч ажиллах чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар өглөө.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээ | ||
Үзсэн: 804 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.