Шууд Chart

ХЗБХ: Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг дуусгахад техник, хэрэгсэл шаардлагатай

2019-05-23 06:43:53

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Ирэх 2020 онд хууль зүй, дотоод хэргийн салбарын хүрээнд цагдаагийн байгууллагын хэт богино долгионы радиа холбоог шинэчилж, мэдээ мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах, цагдаагийн байгууллагын авто паркын шинэчлэл, хилийн салбарын парк шинэчлэл хийх, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлж төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн архивуудын баримтыг цахим хэлбэрт шижлүүлэх зэрэг бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байгаа аж.

Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан бодлогын зорилт, арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас ихгүй байх үр дүн гарна гэж тооцсон байна. Яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээнүүдийн саналыг Үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 20 зорилт, 118 арга хэмжээний хүрээнд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөөд байна. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авав. Тухайлбал, Засгийн газрын тогтоолоор энэ оны 10 дугаар сард төрийн цахим шилжилтийг хийгдэж дуусах үүргийг өгсөн ч Улсын бүртгэлийн ерөнхий газарт энэ төрлийн техник, технологийн бололцоо бий эсэхийг тодруулсан. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 330 сум, нийслэлийн 152 хороо, 9 дүүрэг, 4 төв дээр эх нотлох баримтад тулгуурлан улсын бүртгэлийн 81, лавлагааны 36 төрлийн үйлчилгээг тус тус үзүүлдэг байна.  2010 оноос эхлэн тус байгууллага эх нотлох баримтуудыг цахимжуулж эхэлсэн нь одоо 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа хэмээн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж мэдээлэл өгөв. Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой 110 сая хуудас материалыг цахимжуулаад 100 терабайт бүхий мэдээллийн сан бүрдсэн байна.

Шинээр хэрэгжиж буй хуулиар тус байгууллага иргэн, хуулийн этгээдээс гадна цахим шилжилттэй холбоотойгоор төрийн 80 гаруй байгууллагад үйлчилгээ үзүүлэх болсон гэв. 2018 оны 06 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 30 сум онлайн сүлжээнд холбогдсон байсан бол өнөөдрийн байдлаар нэмж 39 сум, хороог холбоод байгаа аж. Энэ онд багтаан 120 сумыг нэмж онлайн сүлжээнд холбохоор төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Ийнхүү 200 орчим сум, хороодыг онлайн сүлжээгээр холбон үйл ажиллагаа явуулахад компьютер, техник хэрэгслийн хүртээмж дутагдалтай гэдгийг Б.Баасандорж дарга хэлсэн. Тус байгууллагад 2011 онд техник хэрэгслийн шинэчлэл хийгдсэн, 4 жил тутам шинэчлэх ёстой технкийн шаардлага бүхий уг төхөөрөмжүүдийг өнөөдөр ч ашигласаар байгаа юм байна. Гадны орнуудын туршлагаар улсын бүртгэлийн байгууллага мэдээллийн сангаа өдөр тутмын хэрэглээ, онцгой үед ашиглах, хадгалах гэсэн зорилгоор гурав хувилан хадгалдаг байна. 

Хуралдааны үеэр гишүүд Гадаадын иргэн, харъяатын газрын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр тусгагдсан арга хэмжээ, цагдаагийн байгууллагын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх бололцоо бий эсэх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын барилга, байгууламжийн талаар, хилийн заставуудын барилга байгууламжийн нөхцөл байдал болон Хөвсгөл аймгийн Ханх боомтын үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой асуудлаар тодруулж Хууль зүй, дотоод хэргийн сайд болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт, мэдээлэл авлаа. Үргэлжлүүлэн төслийн зарим зүйл, заалтад найруулгын өөрчлөлт оруулахтай холбоотой санал, хуралдааны явцад УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд уг асуудлыг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. 


ХЗБХ: Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг дуусгахад техник, хэрэгсэл шаардлагатай  
Үзсэн: 677 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй