Шууд Chart

Ц.Бавуудоржийн “Үзэсгэлэнт сараана” дэлгэрлээ

2020-10-26 16:56:52

 

Монгол Улсын Төрийн соёрхолт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудоржийн үгүүллэг, туужийн “Үзэсгэлэнт сараана” ном хэвлэгдэн гарлаа. Тэрбээр өмнө нь эссе, үгүүллэг, туужийн “Шувууг сулла”, өгүүллэгийн “Зүрхэн чинадаас” зэрэг ном хэвлүүлсэн билээ. “Үзэсгэлэнт сараана” номонд үгүүллэгүүдээс гадна “Эргэл”, “Морин загас” зэрэг тууж багтжээ. Энэ удаа та бүхэндээ шинэ номынх нь үгүүллэгүүдээс хүргэж байна.

“Үзэсгэлэнт сараана”

Лхас хотын энгийн нэг өдөр. Гартаа эргэдэг хүрд барьсан, хүзүүндээ том том модон эрхи зүүсэн хөгшин хөвөө мөргөлчид ар араасаа цувна. Тэдний дунд тод өнгийн үүргэвч үүрсэн жуулчид нэг хоёроороо явах нь их л тод ялгарч харагдана. Энэ хотын эгэл төрхийг улам ч тодотгох гэсэн юм шиг золбин нохой хаанаас ч юм гэнэт гарч ирээд хүмүүсийн дундуур сүүлээ шарвагануулан гүйнэ. Мөргөлчдийн нүүр царай цаанаасаа нэг ядранги өнгө төрхийг урлах агаад энэ ертөнцийн нүгэл хилэнцийг ариусгах гэж наманчлаад нимгэлж  үл чадсандаа цөхрөн яваа юм шиг нэг л өрөвдөлтэй санагдана. Улаан орхимжтой бага залуу лам нар сахил санваараа гээж орхисон мэт инээлдэн хөгжилдөн явах нь зохисгүй мэт үзэгдэвч тэдний нүүрнээс цацрах баясал мөнөөх бодлыг хормын дотор сарниана. Ля Сю бага залуу насны дурсамжаа үлдээсэн дурсгалт хотдоо арван жилийн дараа ирээд танил дотно гудамжуудаараа аажуу тайвуухан алхаж яваа нь энэ ээ. Түүний сэтгэлд олон дурсамж сэргэж явлаа. Хятад гаралтай ч Филиппинд амьдардаг хайрт хөвүүнийг нь эцэг, эх хоёр нь лам болгох гэж хичээсээр хүчээр шахам энэ хотод авчирч билээ.

Ля Сю дурлалт хөвүүнээ далдуур дагаж явсаар энд ирсэн бөгөөд номонд шамдахаар суулгасан хийд орныг нь эргэн эргэн бүтэн сарын турш энэ хотод амьдарсан сан. Үг дуу ч үгүй эцэг, эх хоёроо даган одсон хөвүүнээ бодон бодон нулимсаа дундартал уйлан эргэлдсэн ч түүнийхээ барааг нэг ч удаа олж харж чадаагүй бөгөөд эрхгүй буцсан сан. Тэрбээр амьдралын эрхээр өөр хүнтэй танилцан дэр нийлсэн ч дурлалт залуугаа мартаж чадаагүй бөгөөд зүрх сэтгэлийнхээ нандин аглагт нууцлан өдийг хүртэл эрхэмлэсээр яваа аж. Он цаг улиран одсон хэдий ч тэрбээр энэ удаа дулаахан дурсамжаа яагаад ч юм эргэж хармаар санагдаад энэ хотод догдлон догдлон иржээ. Тэрбээр гудамжны захад суух гурван гуйлгачинд сэтгэл харамгүй хэдэн доллар сарвайлаа. Гэсэн ч тэдний нүд рүү эгцлэн харж чадахгүй дальдран өнгөрлөө. Он цагийн тэртээд энэ хотод хоног төөрүүлж явахдаа энэ гудамжны гуйлгачдыг ах дүүс шигээ санан эргэж тойрч хоолоо хуваалцаж тэдэнтэй ярьж хөөрч тэднийг инээлгэж баясгах гэж их л хичээж явсан сан. Энэ агшинд Ля Сю өөрийгөө ямар их өөрчлөгдсөнийг гуйлгачдын дэргэдээс түргэн түргэн явж өнгөрөх хоромдоо анзаарчээ.

-Хөөрхий дөө, хөөрхий гэх дуун түүний дотор ертөнцөөс өөрийн эрхгүй ундран гарлаа. Түүний уруул үе үе хөдөлнө. Гуйлгачдыг өрөвдөв үү эс бөгөөс огт өөр хүн болсон өөрийгөө өрөвдөөд ийн дуу алдав уу гэдгийг нь зөвхөн тэнгэр бурхан л мэдэх хэрэг. Тэрбээр хүн ихтэй хэд хэдэн гудамжаар ийн алхлаа. Тэгээд үд нэлээд өнгөрсөн хойно дурлалт хөвүүнийг нь хувраг болгон өөртөө үүрд түгжсэн сүмийн хашааны үүдэнд ирлээ. Сүмийн хашаан доторх цэцэгсийг услан явах бөхөгөр өвгөнөөс түүнийхээ нэрийг хэлж сураглавал,

- Багш яг өдийд хотын захын зээлийн газар очдог. Тэнд байгаа хэмээн сөөнгөдүүхэн хоолойгоор үгээ зөөж тавин хариулав. Бүсгүй яагаад ч юм мөнөөх өвгөнийг эхээс төрөхдөө л нүүр нь ийм их үрчлээтэй байсан байх хэмээн бодов. Энэ сацуу өвгөний хоолойны өнгө түүнд нэг л танил юм шиг санагджээ. Энэ хотод буухдаа, энэ хуучин сүмийн үүдэнд ирэхдээ догдлонгуй булгилсан түүний зүрх хотын зээл рүү дөхөх тусам улам хүчтэй түг түг хэмээн цээжийг нь дотроос нь балбах мэт цохилж байлаа. Ямархан нэгэн далдын хүч түүнийг барьц алдуулж байгааг тэрбээр мэдрэхдээ хоёр гараа нэг нэгээр нь атган тавин алхаж явлаа. Түм түжигнэж бум бужигнасан хотын хамгийн том зээл хүмүүс нь тарж одоод сая л нэг амсхийн хуурай саарал тоосон дундаа зүүрмэглэсхийн угтав. Ля Сю ягуухан даялж алхсаар зээлийн хаалга руу зүглэлээ. Зээлийн газрын хашааны хаалга ойртох тусам тэрбээр зүрхээ өөрт нь сонсогдом огцом огцом цохилохыг мэдрэхдээ бас л түр зогсосхийн сандралаа дарахыг хичээж байлаа. Тэрбээр учир тоймгүй хогондоо дарагдсан хашаа руу зориглон шагайв. Тэгээд өөрийн эрхгүй дуу алдлаа. Нүдэндээ итгэлгүй дахин дахин шагайн харав. Яагаад ч юм түүний нүдэнд нулимс цийлэлзэв. Сэтгэлт хүн нь магнай дух нь гялалзан хөлөөр нь хөглөрөх хогийг өчүүхэн ч цэрвэлгүй шүүрдэн цэвэрлэж явах нь тэр. Тэрбээр дэргэдээ хэн бугай ирсэн ч анзаарах сөхөөгүй ажилласаар...Ля Сюг ламтан хүн чинээ тоож харсангүй. Түүний нулимс хацрыг нь даган бүлээн оргиулна.

-Намайг лавтайяа мартаж орхио биз. Энэ олон жилийн туршид ганц хоромд ч гэсэн намайг энэ хүн дурссан гэж үү. Зөвхөн бусдад тус болохыг, буян хийхийг л мөр болгосон юм биз дээ. Сэтгэлт хүнээ мартах нь нүгэлд тооцогдохгүй юу. Тэрбээр хэн нэгнээс асуух мэт ийн шивнэв.

-Гэтэл би энэ олон жилийн туршид намайг санагалзан суугаа гэж итгэн энэ харь холын Лхас хотыг бүхэлд нь сэтгэлдээ тэвэрч хайрлаж амьдарсан шүү дээ хэмээн түүний уруул өмөлзлөө. Тэрбээр хэсэг зуур ийн саатаад эргэж харан эргэж харан алхсаар төв гудамж руу оров. Гудамжны эхэнд ирээд энэ тоост хорвоо дээр анх удаа ирж байгаа хүн шиг хаачихаа мэдэхгүй хэсэг зогслоо. Бүтэн арван жилийн турш нэрэгдсэн гуниг багтрал нь энэ зуур шалавхан юүлэгдэх минь гэх шиг оргилжээ. Тэрбээр өвдөг дээрээ сөхрөн уналаа. Шороон дээр эрээ цээргүй сөхрөн сууж хоёр алгаа нүүрэндээ наан цурхирсан түүнийг аргадах хүн энэ хотод нэг ч байсангүй. Үе үе хуйлран босох шар тоостой салхи л түүнийг илбэн байлаа. Хоёр хөл нь чилж хөшихийг ч тэрбээр үл анзааран удтал суужээ. Ийн хэсэг суусны эцэст түүний цээж уужирч хоёр нүд нь ч цэлмэжээ.

-Нулимс гэдэг энэ болор ус сэтгэлд хураагдсан гуниг зовлонг угааж зайлаад гадагш нь урсган юүлээд өгдөг шидтэй чиг рашаан юмуу хэмээн өөртөө аядуухан шивнэнэ. Тэрбээр хөндүүр юм шиг санагдах цээжээ алгаараа дарсаар босов. Өвдөгнийхөө шороо тоосыг гөвж орхиод хотын зээл рүү эргэж хармаар байсан ч чигээрээ явахыг өөртөө тушаан буудлынхаа зүг гэлдэрлээ.

-Залуу халуун насанд учирдаг хайр гэдэг нандин зүйл ганцхан удаа л тохиолддог болохоороо сэтгэлд гүн гэгч шигтгэчихсэн алмааз шиг ямагт дотроос гялалзаж дурсамжийг минь өдөр бүр өдөөж сэдрээж байдаг юм байх даа. Сэтгэлийн даль жигүүр цуцчихсан мэт санагдах өдрүүд яасан ч олон учраа вэ. Тэр болгонд энэ л учрал эмзэглүүлэн сөгтгөдөг ч дахин босох хүч тэнхэл хайрлах юм. Цаашид ч амьдрах утга учир минь энэ хайр байсаар байх биз хэмээн түүнд зөвийг өгсөөр буудлаа зүглэлээ. Алсаас итгэл муутайхан даллах буудлын үүдний шар дэнлүүний дэргэд ирээд тэрбээр хэсэг зогслоо. Тэгээд толгойныхоо алчуурыг шувт татаж аваад мөнөөх дэнлүү рүү сарвайж тоосыг нь арчив. Дэнлүү түрүүчийнхээсээ хавьгүй дээр гэрэлтэй болов. Түүний сэтгэл ч бас гэгээтэй болчих шиг санагджээ. Төдхөн гурван давхрын нэгэн цонхны сүүмгэр гэрэл унтарлаа. Бүсгүй бодол болон хөрвөөсөөр нэг мэдэхэд гүн нойронд захируулжээ. Өглөөний нарны туяхан шаргал хуруунууд түүний аньсага сормуусыг удтал илбэсний эцэст сая нүд нээв. Энэ өглөөний нарны туяа урьд өдрүүдийнхээс илүү хурц юм шиг бүсгүйд бодогджээ. Тийм ч болохоор бүсгүй энэ өглөөг өөдрөг сэтгэлээр тослоо.

-Энэ нар яагаад орчлон дээр анх удаа илч гэрлээ асгаж үзэж байгаа юм шиг ийм тод тунгалаг тэгээд бас илч гэрэл нь ийм содон байгаа юм бол гэж өөртөө шивнэсээр цайны газар руу зүглэв. Өглөөний цай оочлон суух зуураа өчигдрийн дүр зургийг хуучны кино зургийн хальсыг эргүүлэн гүйлгэж үзэж байгаа юм шиг дахин дахин сэтгэлдээ харж байх зууртаа сүмийн хашаан доторх дорнын сараана цэцэг, сөөнгө хоолойтой цэцэрлэгч өвгөн хоёр нэг л танил санагдсаныг эргэн санав. Дахин дахин

-Яагаад гэж өөрөөсөө асууж суулаа.

-Тийм байх боломжгүй дээ хэмээн тодоос тод хэлж орхиход нь дэргэд нь цайлж суусан түвдүүд гайхан харж зарим нь тэрүүхэндээ биесээ нудран мушилзацгаалаа. Таван жилийн тэртээ тэдний сууринд нэгэн цэцэрлэгч өвгөн ирсэн билээ. Тэрбээр бүсгүйн амьдардаг гудамжинд түүнтэй тааралдаад

-Ганц нэг айлын хашаанд цэцэг ургамал тарьж буян үйлдэж явдаг хүн байна аа би. Өчигдөр танай үүдээр өнгөрч яваад танай хашааг харсаан. Танай хашаа цэцэрлэгжүүлчихмээр их тохиромжтой байрлалтай юм. Тэр тусмаа дорнын сараана тарьчихвал нар салхины аяс нь их зохимжтой газар аж. Танай гэр бүл хэрвээ татгалзахгүй бол надад бэлээхэн үрслүүлчихсэн үзэсгэлэнт сараана бий. Ямар нэг хөлс харамж нэхэхгүйгээр тариалаад өгье хэмээн хоёр онигор нүдээрээ аргадангуй харж өмнө хойно нь гаран хоргоосон билээ. Хөнгөн шингэн гэж жигтэйхэн нүдэнд дулаахан тэр өвгөний өгөөмөр сэтгэлийг буцаах зоригтон тосгонд хэн байх билээ гэж тэр үед бүсгүй уяран бодоод

-Таны саналыг баяртайгаар хүлээн авья аа. Ховор нандин цэцэг тариалаад өгье гээд хүрээд ирдэг буянтантай таарсандаа маш их баяртай байна хэмээн найрсгаар урьсан билээ. Өвгөн хаанаас ч юм үрслүүлчихсэн хэсэг дорнын сарааныг хөсгөөр авчран гуравхан хоногт хашаанд нь суулгаж хэрхэн арчилж тордохыг чин сэтгэлээсээ зааж заавардаж өгөөд энэ буйдхан тосгонд гэнэт ирсэн шигээ гэнэт алга болсон билээ. Дорнын сараана цэцэрлэгч өвгөний чин сэтгэлээс бүтсэн болоод ч тэр үү хачин сайхан ургаж бүсгүйн хашааг чимэглээд зогсохгүй бүхэл тосгоныхон ойр дэргэдүүр нь өнгөрөхдөө дуу алддаг цэцэрлэг болжээ. Бүсгүй түүний гэр бүлийнхэн буянтай цэцэрлэгчийг ямагт дурсан ярьдаг бөгөөд хэзээ нэгтээ тосгонд нь бас хэсэг сараана тээчихсэн инээмсэглэсээр хүрээд ирнэ гэж бат итгэн харуулддаг болоод удаж буй ажээ. Гэр бүлд нь төдийгүй тосгонд нь өөдрөг баясал авчирсан тэр дорнын сараана одоо энэ гэр бүлийн аз жаргал, утга учир нь болсныг тосгоныхон ч гадарладаг болжээ. Бүсгүй өглөөний цайны ширээний араас сэтгэл хөнгөрөн бослоо.

-Үзэсгэлэнт сараана, үзэсгэлэнт сараана гэж амандаа шивнэсээр мөнөөх сүм рүү хурдан хурдан алхлав. Сүмийн хашааны хаалгыг аяархан татаж нээгээд толгойгоо оруулан ийш тийш нүд гүйлгэвэл лам нар нь хурал номондоо орсон бололтой нэг ч хүн үзэгдэхгүй байлаа. Хаалганы босгоор зориг муутайхан хөлөө давуулан алхаж орвол сүмийн хашааны хоёр талаар жигдхэн ургасан дорнын сараанын ягаахан цэцэгс алтан судал нь гялалзсаар угтах нь тэр. Цаахнаас нь нэг хүн сүүтэгнэн гарч ирээд цэцэгсийг услан наашилсаар ойртоод ирэхэд нь сайтар ажиглавал хашаанд нь дорнын сараана тарьж өгсөн мөнөөх өгөөмөр өвгөн дүрээрээ байх нь тэр.

-Би анх таарахдаа яагаад анзаарсангүй вэ хэмээн өөрийгөө гоочлон бодов. Бүсгүй шалавхан хаалга руу эргэж хурдхан гадагш гарлаа. Түүний зүрх хүчтэй цохилох ажээ. Сэтгэл нь нарны алтлаг туяа хулдан байгаа өглөөний тэнгис мэт гилтэлзэн долгилох нь түүнд мэдрэгджээ. Хүзүүн дээрээ тохсон улаан хээтэй алчуурынхаа үзүүрээр нүднийхээ аяганд мэлтрээд гараад ирсэн нулимсыг арчлаа. Тэр алчуурын нойтон цэцэгс хацар дээгүүр нь гулсан унахдаа омголтсон уруулыг нь илбээд авав. Тэр нулимст цэцэгс

-Би омголтсон дурсамжийг яахин дэвтээж чадах вэ. Харин омголтсон уруулыг бол дэвтээж чадна шүү гэж шивнэх шиг түүнд санагдлаа. Бүсгүй нутаг буцах унааныхаа зүг хөнгөн хөнгөн алхаж одов.

-Чиний минь  сараана, чиний минь сэтгэл шингэсэн тэр үзэсгэлэнт сараана дэргэд минь байжээ. Сараана цэцгийг цэвэр ариун, эрхэмсэгийн бэлэгдэл гэдэг. Дорнын сараана чиний минь зүрх сэтгэлийн үгийг өглөө бүхэн надад инээмсэглэн шивнэж байсан байна шүү дээ. Юутай сайхан бэ. Шалавхан харих минь. Үзэсгэлэнт сараанаа худгийн усаар биш Дэн голын цэвэр тунгалаг урсгал усаар усалж байх минь яав. Цэвэр дагшин урсгал усаар... гэсэн үгс түүний цээжнээс ундран харгисаар байв. Түүний хоёр нүдэнд арван жил сүүмэлзсэн гуниг уулын манан мөндрийн шуурганд хөөгдөн сарних мэт замхарч одоод харин цаахнаас нь нэгээхэн очис цацран цацран гэрэлтсээр ажээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Бавуудоржийн “Үзэсгэлэнт сараана” дэлгэрлээ   
Үзсэн: 1201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй