Шууд Chart

П.Батхуяг: Зохиолч мэргэжилд хайртай, энэ мэргэжлийн нэр хүндийг, үнэлэмжийг шороотой хутгахыг хүсдэггүй

2021-11-24 16:06:20

Монгол хүн бүр зун дөхөх тусам улсын наадмын түрүү бөхийн таамаг дэвшүүлж, сэтгэлээ догдлуулдагтай нэгэн адил уншдаг, үг өгүүлбэр нийлүүлдэг хэн бүхэн Монголын оюуны их наадам “Утгын чимэг”, “Болор цом”-д чих тавьж, таавар уралдуулдаг. Төрийн шагналт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах энэ жилийн “Утгын чимэг”-т энэ наадамд олон ч удаа үзүүрлэж, шөвгөрсөн зохиолч Пүрэвхүүгийн Батхуяг “Агь нүдэлж байлаа” өгүүллэгээрээ түрүүлсэн билээ.

Бид

-Юун түрүүнд олон түмэн уншигчийн тань өмнөөс “Утгын чимэг-2021” наадамд түрүүлсэнд тань халуун баяр хүргэе.

-Баярлалаа. 2005 оноос хойш “Утгын чимэг” наадамд оролцож, дөрөв таван удаа дэд байрын шагнал хүртсэн. Зохиолч хүний хувьд олон удаа аман хүзүүдэж, шагналт байранд орсон учир энэ наадмын эзэн больё гэсэн зорилго мэдээж бий болсон. “Утгын чимэг” наадмын товын талаар сураг ажиг гарахаар л өгүүллэгүүдээ эмхэлдэг. Энэ жилийн тухайд “Агь нүдэлж байлаа”, “Бичгийн машин” нэртэй хоёр өгүүллэгээс сонголтоо хийсэн. Миний өгүүллэгийн уран уншигч СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлагийн тэнхимийн эрхлэгч Б.Даваатайгаа ярилцаж байгаад хүмүүсийн харьцаа, сэтгэл, хайрыг чухалчилсан, мөнх бусыг болоод жамыг өгүүлсэн “Агь нүдэлж байлаа өгүүллэгээ сойсон.

-Таны урьд урьдын “Утгын чимэг” наадамд сойсон “Сүүлчийн зүсэлт”, “Зүүднээс ирлээ”, “Төлөө” зэрэг өгүүллэгийг санаж байна. Та зарим өгүүллэгийнхээ дүрүүддээ харгис ханддаг гэж санагддаг. Учир нь цөөнгүй бүтээлд тань үхэл хагацал дүрслэгддэг. “Агь нүдэлж байлаа” өгүүллэгтээ та бодлын шидийн талаар, бодлын шид бүр биш ч түр хугацаанд үхлийг ч ялан дийлэх хүчтэй хэмээж?

-Ер нь бол тиймээ. Гол санааг би хоёр шугамаар илэрхийлсэн юм. Нэгдүгээр шугам нь хүний бодлын хүч ямар агуу гэдгийг, нөгөө шугам нь манай уламжлалт уран сайхны сэтгэлгээгээр Монголын зохиолчдын нийтлэг байдал нь үр хүүхдээ гэсэн эцэг эхийн хайрыг түлхүү үзүүлдэг бол үр хүүхэд нь эцэг эхдээ зориулсан халуун сайхан сэтгэл, эцэг эхийн болоод үр хүүхдийн нэг нэгнээ гэсэн сэтгэлийн холбоог харуулахыг зорьсон. Тэрнээс манайхан үр хүүхэд нь эцэг эхийгээ хаяад явдаг, ач зээ нар нь тоодоггүй талаар маш олон өгүүллэг, зохиол бичсэн. Надад тэр сэдэв бол одоо нээх сонин биш. Хүний амьдрал гэдэг харилцан бие биенээ хайрладаг тийм л нандин холбоон дээр тогтдог юмаа гэдэг санаа сургамжийг “Агь нүдэлж байлаа” өгүүллэгээрээ илэрхийлэхийг хүссэн.

-Таны бүтээлүүдэд үхсэний дараах амьдрал, зэрэгцээ ертөнц, орон зай, цаг хугацааны шилжилтүүд гардаг. Хувь хүний хувьд та эдгээр зүйлс амьдралд байх боломжтой гэж боддог уу эсвэл уран сайхны сэтгэмжээр зохиол бүтээлдээ шингээдэг үү?

-Миний хувьд монгол өгүүллэгийн өв сантай хангалттай танилцсан. Жишээ нь, Сэнгийн Эрдэнэ гуай, Пэрэнлэйн Лувсанцэрэн, Баярсайхан ахын, Гүр Нямдоржийн, Намсрай ахын, Норов ахын, богино өгүүллэгийн төрлүүдээс Жагдалын Лхагва гуай, Батбаяр багшийн гээд өв сантай нь боломжийн хэрээр танилцсан. Би зохиолч хүний хувьд манай зохиолчдын өнгөрсөн цаг хугацаанд монгол хэлт уран зохиолд гаргаж ирж чадаагүй харах өнцөг, сэтгэлгээний хэв маяг, туурвил юу байж болох вэ гэдэг эрэл хайгуулыг тодорхой цаг хугацаанд хийсэн. Үр дүн нь монгол зохиолчид төдийлөн зохиол бүтээлээрээ хөнддөггүй байсан үйл, үйлийн үр. Миний богино өгүүллэгүүдийн цөм сэдэв, ойлголт нь хүний амьдралын үйлийн үр болоод үйл юм. Үйлийг илэрхийлэхдээ зэрэгцээ ертөнцүүд, хүний цаг хугацааны шилжилтүүд, орон зай доторх өөрчлөлтүүдээр гаргадаг.

Магадгүй би чиний хэлснээр дүрүүддээ ялимгүй жаахан хатуу ханддаг. Үнэнийг, үйлийн үнэнийг гаргаж илэрхийлэхэд хэт уянгалаг, зөөлөн бичих шаардлагагүй. Бид нар уянгын өгүүллэг хангалттай бичсэн. Тийм дээ ч Монгол зохиолчдоос барагтай уншиж байгаагүй этгээд дүр дүрслэл, өгүүлэмжийг сонгож зохиолуудаа бичье гэсэн “гарц”-ыг олж авсан. Миний уншигчид Батхуяг өөр зохиомж, цаг хугацаа, орон зайн эргүүлэг дээр өөр сэтгэлгээгээр бичдэг гэдгийг мэдэх байх.

-2019 онд таны дөрвөн жүжиг үзэгчдэд хүрсэн бол энэ жил зургаан жүжиг тайзнаа амилж байгаа юм билээ?

-“Ковид-19”-тэй холбоотойгоор манай орон нутгийн болон төвийн театрууд тодорхой  цаг хугацааг уран бүтээлгүй өнгөрөөлөө. Цаг, хорио цээрийн байдал арай тайван болж байгаад энэ үед уран бүтээлчид шинэ уран бүтээл, жүжиг үзэгчдэд хүргэхээр эрмэлзэж байна. Аль ч цаг үед жүжгийн зохиолчид гарын таван хуруунд багтахаар цөөн байдаг. Одоо ч ховор, жүжиг бичдэг зохиолчид элбэг биш. Жүжгийн зохиолчид дунд драмын, хүүхдийн, баатарлаг гээд төрөл зүйл бүрээр бичиж өөрийгөө сорьсон зохиолч одоохондоо алга гэж хараад Намдаг, Дармын Батбаяр багшийн уламжлалыг сэргээж шинэ сэтгэлгээ, арга барилаар хандъя гэсэн эрмэлзлэлээр олон моно (нэг хүний) жүжиг бичсэн. Миний арав гаруй моно жүжиг “Чулуун бөмбөрийн нүргээн” түүвэрт минь хэвлэгдсэн. Түүнээс Төв аймгийн театрын уран бүтээлчид гурван жүжгийг нь үзэгчдэд хүргэхээр бэлдэж байна. Төрийн шагналт зохиолч Цэндийн Доржготов гуайн “Улаан орхимжны давлагаа” романыг эмгэнэлт драмын жүжиг болгосон. УДЭТ-ийн найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин найруулж, Архангай аймгийн Хөгжимт драмын театрынхан шинэ оны өмнө үзэгчдэд хүргэх гэж байна. Завханы театр “Дүр бүхэн минийх” нэртэй цаг хугацааны туульсын жүжгийг минь үзэгчдэд хүргэхээр ажилдаа орсон. Зургаан бүлэгт энэ жүжгээрээ Монголын түүхийн бүх цаг үед урвагчид хэрхэн гай тарьж байсныг өгүүлсэн. Мөн Ховдын театрт миний “Морин өртөө” хүүхдийн жүжиг үзэгчдэд хүрэх гэж байгаа.

Энэ жил орон нутгийн театрынхантай ойр ажиллаж, өмнө нь нэг жилд дөрвөн жүжгээ тайзнаа амилуулсан хувийн амжилтаа эвдэж байгаа гэх үү дээ.

-Европын киночдын таны “Ганцаардлын пянз” өгүүллэгээс сэдэвлэн хийсэн кино гадаадын кино наадмуудад өрсөлдөхөөр болжээ.

-“Ганцаардлын пянз” өгүүллэгтээ орчин үеийн хүмүүс бие биедээ итгэдэггүй талаар болон гар утасны, компьютерын дэлгэцийн цаадах амьдралыг хөндөж бичсэн. Энэ сэдвийг Европын уран бүтээлчид их сонирхсон юм билээ. Анх Францын монгол судлаач эрдэмтэн улсынхаа улирал тутмын утга зохиолын сэтгүүлдээ миний өгүүллэгийг хэвлүүлсэн юм байна. Дараа нь тэндхийн киночдын хүсэлтээр Швейцарт ажиллаж, амьдарч буй орчуулагч Урнаа кино зохиол руу хөрвүүлсэн юм билээ. Кино нь хэдийн бэлэн болсон Европын кино сангуудад орчихсон, кино бүтээгчид нь Каннын болон бусад кино наадмуудад оролцуулж, өрсөлдүүлэхээр зорьж байгаа гэсэн мэйл ирсэн.

Зохиолч хүнийхээ хувьд гадаадын киночид миний зохиолыг сонгож аваад кино хийсэнд, Каннын кино наадамд оролцуулахаар зорьж байгаад нь баярласан.

-Гурван жилийн өмнө санагдаж байна. Таныг Төрийн шагнал болон Соёлын гавьяат зүтгэлтэнд тодорхойлсонтой холбоотойгоор таны уншигчид, шавь нар цахим орчинд давлагаа үүсгэсэн. Таны зохиол бүтээлүүдээс оюуны өндөр дээд таашаал авдгийнхаа хувьд би ч мөн тэр давлагаанд сайн дураараа нэгдсэн. Та өөрөө шагналын тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Би хэдэн жилийн өмнө зохиолчдод олгож байгаа шагнал яг эзэндээ очдоггүй болохоор нь их эмзэг ханддаг байсан. Төр зохиолчоо шагнах нь буруу биш гэж боддог. Ер нь төр иргэнээ шагнах хаана ч байдаг л явдал. Америкт ч байна, бидний хөгжингүй гэж хардаг улс орнуудад ч бий. Гэхдээ тэнд хамгийн гол нь шударга шагнадаг. Харин Монголд шударга шагналын тогтолцоо алдагдаад байгаа учраас би маш их эмзэглэж, “дайсагнасан” олон өгүүлэл, нийтлэл бичиж байсан. Ер нь бол Монголын утга зохиолын өнөөгийн хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч л Төрөөс өгдөг шагналуудыг авдаг болох хэрэгтэй.

Миний багш Дарамын Батбаяр Соёлын гавьяат зүтгэлтэн шагнал авсан өдрийнхөө орой надтай хоёулаа ярьж суухдаа “Батхуягаа өгвөл аваарай, далайвал зугтаарай” гэж хэлсэн юм. Энэ төр миний хийж буй уран бүтээлийг, соёл боловсролын үйл хэргийг үнэлэх ёстой юм байна гээд шагналаа өгвөл авна. Гэлээ гээд Төр буруу байвал урьдын адил шүүмжилнэ. Төр гэдэгтээ би Засгийг хэлж байгаа юм шүү. Төр бол миний хувьд эрхэмсэг юниверсал ойлголт. Засаг бол тухайн цагийн л явдал, нэг засаг нөгөө засгаараа солигддог.

Манайхан бие биенээ хардах их сонирхолтой болсон. Батхуяг хэдэн шавь нараа тойруулж суулгаж байгаад хичээл зааж байгаа юм шиг заавар зөвлөгөө өгөөд өөрийгөө шагналд дэвшүүлээд байна гэж ярьж явсан хүнтэй нэг бус удаа таарсан. Надад тийм ёс суртахуун байхгүй. Харин ч шавь нар, уншигчдынхаа миний нэрийн төрийн сонорт хүргэчих юмсан гэсэн давлагааг таслан зогсоодог.

-Монголын утга уран зохиолын салбарынхан шуудайд хийсэн үхрийн эвэр шиг санагддаг. Танаас утга, уран зохиолын салбарын судлаач эрдэмтэн хүний тань хувиар асуухад Монголын зохиолчид, бичгийн эрхмүүд урьд өмнө нь ч ийм байсан уу, сүүлд тогтов уу. Ер нь талцаж хуваагдаж байж сайн зохиол бүтээл төрдөг үү эсвэл нэгдэн нийлэх ёстой юу?

-Би энэ асуултад гурван талаас нь хариулах юм байна. Нэгдүгээрт, Манай уран зохиолын салбарт уран сайхны үнэлэмж байхгүй буюу судлаач шүүмжлэгчид бид зохиолчдын бүтээлийн үнэлэмжийн зэрэглэлийг тогтоож өгч чадаагүй. Энэ хамгийн гол асуудал нь. 1990 оноос хойш, үзэл сурталдсан нийгэм өнгөрснөөс хойш үнэлэмж, үнэт зүйлсийн хэмжүүрээ тогтоож чадаагүй учраас бичиж байгаа хүн бүхэн өөрийгөө классик гэж бодох байдал тогтсон. Уран сайхны үнэлэмж, хэмжүүр тодорхой байснаар хүн дур зоргоороо өөрийгөө үнэлэх хувийн үнэлэмжийг хязгаарлаж байсан. Энүүгээрээ би өнгөрсний утга зохиолыг бүгд сайн сайхан байсан гэж өргөмжилж байгаа юм биш шүү. Тэр үеийн уран зохиолд байсан хамгийн авууштай, бид одоо хийх, өмнөхөөсөө суралцах зүйл бол уран сайхны үнэлэмж, хэмжүүр. Хүн бүхэн би классик, агуу гэж бодож байгаа тохиолдолд хэзээ ч тэд ямар нэг үйл хэргийн төлөө эвлэлдэн нэгдэж чадахгүй, тийм боломж байхгүй. Хувийн үнэлэмжийг би үгүйсгэхгүй. Зохиолч хүн бүхэнд өөрийгөө үнэлэх үнэлэмж байх ёстой, өндөр ч байх ёстой. Учир нь тэр үнэлэмжээрээ зохиолоо бичдэг. Хувийн үнэлэмж нь энэ мэргэжлийн сэтгэлзүйн онцлог байхыг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ хэтэрхий замбараагүй байна.

Хоёр дахь хариулт бол бодлого. Монголын утга зохиолыг У.Хүрэлсүхийн халаас, Л.Оюун-Эрдэнийн төсвөөс хөгжүүлээд өг гэж байгаа юм биш шүү. Төрд Монголын уран зохиолын бодлого буюу оролцоо байхгүй байна. Би оролцоо гэж дэмжлэгийг хэлээгүй шүү. Хэрвээ төрийн зүгээс тодорхой хэмжээнд бодлого хэрэгжүүлээд тэр бодлогын дор зохиолчид нэгдэх юм бол эвтэй болно. Эв гэдэг чинь тэгэхээр нэг талдаа бодлого байж таарч байгаа юм.

Гуравдугаарт, миний ажигласнаар манай зохиолчдын дотор байгаа хамгийн түгээмэл хандлага буюу үзэл санааны нийлмэл байдал. Мэдээж энэ зөв хандлага. Монголын зохиолчдын байгууллага, бүтэц өнөө биш юм аа гэхэд тэртээ тэргүй 10-15 жилийн дараа фэн клубүүдийн зарчим руу орно. Монголын зохиолчид Доржийг дэмжчихээд Дондогийг дэмждэггүй, Цэрмааг дэмждэг атлаа Цэцэгмааг дэмждэггүй нь үзэл санаагаар буюу ертөнцийг, уран зохиолыг үзэх үзлээрээ, уран зохиолд хандаж буй хандлагаараа нийлээд байгаад байгаа юм.

Миний бодлоор алсдаа Монголын зохиолчдын байгууллага нарийн бичгийн газар, даргатай тэр газар нь клубүүдийнхээ нэгдэл болдог болох байх. Гадаадын улсуудын зохиолчдын эвлэлдэн нэгдсэн байдлыг харахад ийм л бүтцээр явдаг юм билээ. Том арга хэмжээгээ зохион байгуулахдаа клубүүд нь нэгдсэн байдлаар хийгээд явдаг. Ийм л бүтэц рүү шилжих болов уу гэж харж байна.

-Монголын зохиолчдын эвлэл энэ сарын дундуур их хурлаа хийж дарга удирдлагаа сонгосон, та ч өрсөлдсөн.

-Зохиолчдын эвлэлийн саяны хуралд бодлогын өөрчлөлтүүдийг Монголын зохиолчдын байгууллагад хийж эхэлье, дараа дараагийн хүмүүс бурууг нь засаж, зөв бодлого шийдлийг цааш нь аваад явах байх гэж бодож оролцсон юм. Тэрнээс дарга болоод ширээний ард зөөлөн сандал дээр суугаад тамга дардаг хүн больё гэж бодсон юм бол байхгүй.

-Номын дэлгүүрт ерөөсөө таны номтой таарахгүй юм. Мөн Төв талбайд болдог номын хямдралтай худалдаан дээр ч тантай таарч байгаагүй юм байна?

-Номын дэлгүүрүүд борлуулсан ном бүрийн орлогоос 30 хувийг нь авдаг. Тийм үзлэгийн капитализм шиг тогтолцоо байж болохгүй. Тиймээс номын дэлгүүрүүдээс номоо татсан. Заавал бестселлэр гэсэн хавтан дээр тавиулахгүйгээр, номын дэлгүүрт өгөхгүйгээр номоо зарж болдог л юм байна, зараад дууссан. Өөрийн гэсэн уншигчидтай болсон хүн номын дэлгүүргүйгээр номоо зарчихдаг л юм байна. Одоо хүргэлтийн компаниудаас эхлээд номоо уншигчиддаа хүргэх олон боломж бий болсон.

Мөн сүүлийн 2-3 жилийн хувьд номын баяраар нэг л удаа очсон. Би зохиолчдыг лангууны наймаачид шиг харагдуулахыг эсэргүүцдэг. Би энэ мэргэжилд хайртай, энэ мэргэжлийн нэр хүндийг, үнэлэмжийг шороотой хутгахыг хүсдэггүй. Сүүдрэвчинд таван номоо дэлгээд, таван цаас орж ирэхийг хүлээгээд суух нь зохиолч хүний оюун санаанд харш гэж үздэг учраас гүйлгээний, лангууны байдлаар зохиолчдын хөдөлмөрийг, оюун санааг үнэлдэг бүдүүлэг байдалтай эвлэрдэггүй учир хямдралтай номын худалдаанд ордоггүй.

-Бидний урилгыг хүлээн авч халуун яриа өрнүүлсэнд баярлалаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

П.Батхуяг: Зохиолч мэргэжилд хайртай, энэ мэргэжлийн нэр хүндийг, үнэлэмжийг шороотой хутгахыг хүсдэггүй  
Үзсэн: 2611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй